Хүүхдийн эмнээс ялаа гарав

"Аптекаас хүүхэддээ уулгах шингэн эм автал дотор нь үхсэн ялаа байна" гэсэн дуудлагын дагуу манай сурвалжлах баг нэгдүгээр хорооллыг зорилоо.

Сүүлийн үед борооны дараах мөөг шиг дэлгэрсэн эмийн сангуудын үйл ажиллагаанд байсгээд л холбогдох хяналтын байгууллагууд нь шалгалт хийдэг, өч төчнөөн зөрчил илэрч арга хэмжээ авахуулж байгаа талаар мэдээлэл тасрахаа байсан.

Тэдний нэг бодит жишээ нь энэхүү "ялаа"-тай дуудлага байлаа.

Гурван хүүхэдтэй бүсгүй нэгдүгээр хорооллын 32-байрны нэгдүгээр давхарт байрлах "Намуунтамир фарм" 24 цагийн эмийн сангаас Acidi ascorbinici буюу ханиадны шингэн эм авчээ. Худалдан авсан эмээ хүүхэддээ уулгах үед дотроо ямар нэг юм хөвж байгааг анзаарч.

Тэр нь ялаа болохыг мэдээд эм авсан эмийн сандаа очиж үзүүлтэл "наад эмээ буцаагаад өгчих" хэмээжээ. Худалдагч бүсгүй эмийн талаар тайлбарлаж уучлал хүссэн ч эмийн сангийн эзэд бололтой хүмүүс хэлдэг газраа хэлээд яв гэх маягийн зүйл ярьж, үл тоосон байдалтай байжээ.

Хүүхдэд уулгах эмийн дотор үхсэн амьтан хөвж явна гэдэг шууд утгаараа ажлын байрны шаардлага зөрчихөөс эхлээд хүний амь насанд аюул учруулахуйц алдаа гэдгийг эмийн санг ажиллуулагчид ухамсарлахгүй байна гэдэг үнэхээр эмгэнэл.

Нэгдүгээр хороололд байрлах тус эмийн санд бид удалгүй очсон юм. Худалдагч бүсгүй тийм явдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд дараахь зүйлийг ярилаа.

Тус эмийн сан нь дотроо эм үйлдвэрлэдэг лабораторитой, ийм эрх бүхий нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан гэнэ. Эмээ гурав, дөрвөн хүн шат шатны дамжлагаар хариуцлагатайгаар хийдэг тул яагаад шингэн эмэнд үхсэн ялаа орсныг тайлбарлаж чадахгүй нь хэмээн гайхширч байв.

Өнөөх ялаатай эм нь пүрэв гаригт найруулж хийсэн бөгөөд маргааш нь худалдан авагч бүсгүйн гар дээр очсон аж. "Ялааны тухай" дуулмагцаа эмийн сангийнхан шингэн эм үйлдвэрлэхээ зогсоож учир шалтгааныг олохоор ажиллаж эхэлсэн гэнэ.

Монгол хүн хоолонд нь ялаа орчихвол хээв нэг авч хаячихаад зооглож орхидог. Тэгвэл ийм хайнга байдлаар эмийн бүтээгдэхүүнд хандаж болохгүй гэдэг нь ойлгомжтой.

"Намуунтамир фарм"-ын ялаатай эм худалдсан энэ явдал шиг зөрчил дутагдлууд борооны дараах мөөг шиг олон эмийн сангуудад өч төчнөөнөөрөө бий гэдэгт уншигч та эргэлзэхгүйгээр санал нийлэх буй за.

Нэн ялангуяа эмийн сангууд нь орон сууцны өргөтгөл, нэг давхарт ихээр байрладаг, байрандаа эм найруулж үйлдвэрлэдэг, зориулалтын бус халуун хүйтэн нь таарахгүй орчинд удаан хугацаагар хадгалдагнь хүний эрүүл мэндэд тустай гэхээсээ хортой эмийн бүтээгдэхүүн зарж борлуулахад хүрч буйг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ