Татварын байцаагчид 22 жилийн ял оноож, гол буруутан нь шийтгэлгүй хоцров

Татварын байцаагч бүсгүйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж өндөрлөлөө. Шүүх хуралд хэргийн гол буруутан болоод байгаа Д.Батболд ирээгүй учир хохирогч Э-гийн гэрийнхэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авалгүй хурлыг үргэлжлүүлсэн юм.

Ингээд Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-тзаасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял ногдууллаа.

Түүний цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэнд оруулан тооцож 21 жил 9 сараар хорих болсон ба хохирогч бүсгүйн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, алуурчинд цаазын ял оноох ёстой хэмээж байв.

Нэн ялангуяа хохирогчийн ээж амийг амиар солино гэсэн байр суурин дээр шүүх хурал өндөрлөтөл зогссоор байв. Тэрээр энэ хүн миний хүүхдийг алсан юм чинь би энэний хүүхдүүдийг ална хэмээсэн нь олны сэрдхийлгэсэн юм.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Д.Батболдод харгалзах ял оноох хууль зүйн үндэслэлгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнхний ярианаас "Д.Батболдоос холдохын тулд хохирогч нь гадаад явах гэж байсан боловч хүүхэмсэг эр элдвээр дарамталсаар байгаад болиулж дөнгөсөн, хэрэв Австри явчихсан бол ийм хэрэг болоо ч уу, тэгэхээр энэ хэрэг үүсэн гарах нөхцөл нь яах аргагүй Д.Батболд юм.

Хэрэг гарсан тэр орой цагдаа нар Д.Батболдыг эрэн сурвалжилж Яргайтад байрлах нэгэн амралтнаас баривчилахад мөн л явалддаг гэх нэгэн залуу бүсгүйтэй хамт байсан, энэ хоёр хүүхнийг хооронд нь алалцуулчихаад өөрөө бас өөр хүүхэнтэй амралтанд хэвтэж байсан байгаа" хэмээсэн юм.

Тиймээс энэ хэргийн өмнөх хурал дээр гэрчээр дуудагдан суухдаа Д.Батболд нь огтхон ч харамссан шинжгүй, үл ялиг инээмсэглэн суусан нь ч дээрх хохирогчдын талынхны яриаг батлах мэт.

Ер нь Д.Батболдын амьдрал маш тогтворгүй, эрээ цээрээ алдсан гэмээр шалиг байсан гэнэ. Анхны эхнэртэйгээ амьдарч байхдаа одоо 22 жилийн ял шийтгүүлж буй Ц.Туяатай хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон гэнэ. Улмаар хохирогч Э-тэй янаг амрагийн холбоо тогтоож хоёр бүсгүйд адилхан Wolksvagen Taureg машин бэлэглэж байсан гэдэг.

Сүүл үеэс нь гэмт хэрэг гарах эх үүсвэрийг нэгэнт тавьсан үедээ М гэгч бүсгүйтэй нууц амрагийн холбоо тогтоож, улмаар аймшигт хэрэг гардаг шөнө амралтанд хамтдаа байхад нь цагдаа нар баривчилж байжээ.

Тиймээс яах аргагүй зуун хувь энэ ноцтой хэргийн гол буруутан нь Д.Батболд мөн ч түүнийг шүүхийн өмнө яллах хууль эрх зүйн үндэс байхгүй учир өнөөдрийн хуралд ч гэрчээр дуудан суулгах боломжгүй хэмээж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ