УИХ-ын гишүүн хүн хутгалсан гээд түүхэнд үлдэх вий дээ

Сайхан ногоон хотод амьдрах нь санааных ажээ

Өнгөрсөн долоон хоногийн тоймоо хүргье. Уг нь бол үйл явдал долоон хоногийн эхнээс эцэс хүртэл гэсэн дарааллаар өрнөх уламжлалтай. Гэхдээ энэ удаа түүнийг эвдлээ. Улирагч хоногуудын хамгийн гэгээн мэдээ мэдээж орон даяар өчигдөр өрнөсөн “Мод тарих үндэсний өдөр” байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтсон эл ажилд монголчууд ёстой л эрвийх, дэрвийхээрээ оролцлоо. Төр, засгийн удирдлага, яам, тамгын түшмэд, төрийн албаныхан, хувийн хэвшлийнхэн, иргэд гээд л бүгд хүрз, зээтүү, тарьсан модоо услах хувин сав барьсан нь тэр өдрийн үндсэн зураглал байсан гэхэд болно. Хэн, хэдэн мод тарьсан нь яс юман дээр тийм чухал биш. Монголчууд мод тарьсан нь харин гол нь байлаа. Энэ янзаар бол бид удахгүй жинхэнэ ногоон хотод амьдарч, ажиллах нь ээ гэх эерүү сайхан сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Цаасан дээрхийг ажил болгоно гэж үүнийг л хэлэх биз. “Сайхан ногоон хотод амьдрах нь санааных ажээ” гэсэн ч болохоор санагдлаа.

Хэн нь хэнийгээ хутгалчихав аа

Адгийн зарга арван хоногтой гэсэн үг бий. Тэгвэл хогийн зарга хорь хоногтой юм байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, иргэн “мунзуй” Г.Нямдорж хоёрын маргаан хориод хонож байгаа юм. Цаашид ч үргэлжлэх төлөвтэй. “Le Triskell” гэх бааранд яг юу болсон нь одоо ч тодорхойгүй. Хэргийн хоёр гол баатар хутга, шөвөг л ярих юм. Уг нь Н.Номтойбаяр хүн хутгаллаа хэмээн дэгдсэн хэрэг шүү дээ. Түүндээ хүрвэл УИХ-ын гишүүн нөхөр хүн хутгалсан анхны тохиолдол болж, манай улс төрийн түүхэнд “цус”-аар бичигдэж үлдэхээр хэрэг. Гэтэл Н.Номтойбаяр эхлээд “Би хүн хутгалаагүй” хэмээсэн. Төдөлгүй хутгалуулах шахсан болсон. Энэ мэтээр хувирсаар яваад эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй гэдэг шиг, усан бантан болох янзтай. Эр хүн шиг түс тас ярьчихын оронд элдвээр булзайруулсаар байгаад, Н.Номтойбаяр өөрөө хэлсэндээ ороогдчихов уу даа. Таг чимээгүй байсан “мунзуй” гэх Г.Нямдорж гэнэт даацтайхан дуугарлаа. Хэнд нь итгэхэд ч хэцүү болоод байна. “Мунзуй”-гийн үгийг сонсвол яалт ч үгүй Н.Номтойбаяр хутга далайжээ. Түүний талаар эсэн бусын хэрэг явдал дурдсаны дийлэнх нь Н.Номтойбаяр хүн зоддог хоббитой талаар гарчээ. Тэр дундаа томчуудын хүүхэд зодох дуртай юм байна. Хөрөнгөтэй эцэг, эрхэм гишүүний дархан эрх хоёрт дулдуйддаг бололтой. Ямарч байсан дархан эрхгүй “мунзуй”-г барьж, хориогүйгээс үзэхэд, тэр нөхөр “юм” хийгээгүй мэт. Энэхүү сонин бас эмгэнэлтэй “драм”-ыг үргэлжлүүлэн үзэцгээж л байя. Хэргийн холбогдогч хоёулаа сэрүүн тунгалаг байгаа юм учир нь олдох байгаа.

Хүн “гаргасан” эмэгтэйн ял хөнгөдөв үү, яав

Өнгөрсөн долоон хоногийн хамгийн дуулиантай хэрэг татварын байцаагч Ц.Туяагийнх байв. Сэтгэцийн эмгэгтэй байж мэдэх энэ нөхрийн хэрэг үнэхээр харгис, хатуугийн туйл гэхэд болно. Мал муулахад харц буруулдаг монгол эмэгтэй, хүн “гаргах”-даа гаргуун байсан нь тайлагдашгүй бас аймаар. Өөдөөс нь хараад 75 хутгална гэдэг өстэй, өстэй гэхэд хэтэрмээр. Тэгтэл тэр тэгж чаджээ. Хамгийн хоржоонтой нь хайртай хүнээ хардах тоолондоо л хутга бариад байсан байгаа юм. Эхнийх нь азтай эмэгтэй байжээ. Амьд үлдэж. Эцсийнх/одоохондоо/ нь азгүй ажээ. Амиа алдаж. Энэ хэргийг уг нь ихэд сунжрах болов уу гэтэл харин ч шуурхай шийдэж орхив. Эмэгтэй хүн цаазалдаггүй, тэгээд ч тэр ялыг “мартаж” байгаа манай шүүх түүнд 22 жилийн ял оноов. Гадуур янз бүрээр л ярьж байна лээ. “Цааз, мааз нь ч яамай, ядаж насаар нь хоримоор юм. Тавин нас хэвийгээд гараад ирэх юм билээ. Дахиад хүн “төхөөрчихвөл” өөрөө биш гэхнээ өнөөх нь хохирно. Хохирох хохирохдоо амь насаараа хохирно. Мань хүн дахиж ороод, тэндээ дуусах биз. Түүнд хожих, хохирохын аль нь ч байхгүй” гээд л шуугицгаах. Төрийн хууль шийдсэн хойно. Бид юу ярихав дээ.

Өөрийгөө хорлодог донтон байдаг юм байна

“Гүлдийчихээд” гэдэг шиг, гөлөлзсөн нэг дорой цэрэг юу хийчих дөхөв. Хэнмэдэх гэдэг хачин алдартай тэр хүнээс гарамгүй санаатай юм гээч. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй гэж юутай үнэн бэ. Өрөвдэлтэй, ядруухан түүний үгэнд итгэсэн бол өс, хонзонгийн сэдэлтэй хэргийг анзааралгүй, өрөөлийг хэлмэгдүүлэх байж. Даргаа гүтгээд, цэргээс халагдах бодолтой байжээ. Даан ч тэр нь бүтсэнгүй. Байн, байн зүү залгисан түүнийг Сэтгэцийн эмнэлэгт шинжлэхээр боллоо. “Өөрийгөө хорлодог дон” гэх онош байдаг юм билээ. Хадаас залгиад байсан нэг этгээд тиймэрхүү онош тавиулсан санагдана. Тийм онош тавиулаад эмнэлэгт насаараа хэвтчихгүй бол эрүүгийн хэргээр илгээдэх нь тодорхой боллоо. Иймэрхүү этгээд хачин үйл явдлаар дүүрэн долоон хоног болсныг уншигчиддаа хүргэв.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ