Хохирогчийн ээж: Би Ц.Туяагийн хүүхдийг ална

Хардалтын улмаас татварын байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяад холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж, түүнд 22 жилийн хорих ял оноосон. Тэгвэл хохирогчдын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ. Тодруулбал, шүүх хурлын үеэр хохирогч Э-гийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн бүрдэл хангагдаагүй, нотлох баримт бүрдээгүй гэдэг нэлээн хэдэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоол гаргаж, асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. Иймд өмгөөлөгч Х.Даваасүрэн мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүдээр дахин давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахаар болсон байна. Мөн хохирогчийн ар гэрийнхний зүгээс “Маш их гомдолтой байна. Миний охиныг алсан хүн 22 жилийн ял аваад гарч байна. Тэгэхээр Ц.Туяагийн охиныг алж болох нь гэсэн сэтгэгдэл надад төрлөө. Би одоо ална. Ц.Туяаг юм уу, хүүхдийг нь ална. Ц.Туяа миний хүүхдийг алсан юм чинь би яагаад түүний хүүхдийг алж болохгүй гэж. Онилогч буугаар буудна. Ганц охиныг минь алчихаад 22 жил аваад яаж хорвоо дээр амьд явна гэж боддог юм бэ. Би Ц.Туяатай угаасаа хутга барьж тэмцэнэ. Тэгэхгүй бол шүүх, цагдаа ч хүчрэхгүй юм байна” гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн “Миний хүүхдийг шороонд булчихаад, нэгийг нь шоронд оруулах үндэслэлийг гаргасан хүнийг барьж шүүх ёстой” гэдгээ илэрхийлсэн билээ. Учир нь Д.Батболд нь хохирогч Э-г Австрали явах гэж байхад нь дарамталсаар байгаад явуулаагүй байна. Д.Батболд “Би чамайг хил гаргахгүй, нэг утасдахад л чи хил дээр хаашаа ч гарч чадахгүй зогсоно” гэх мэтээр сүрдүүлж байжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ