Д.Дэлгэрцогт дарга аа, үзэглэсэн гэрээнийхээ үр дүнг ирж хараач

Урин дулааны улиралтай холбогдуулан Улаанбаатар хотноо бүтээн байгуулалтын ажил өрнөөд өнөөдрийн байдлаар шувтарч байх шиг байна. “Гудамж” төслийн хүрээнд нэлээдгүй олон замын уулзварыг шинэчилж, замын ачаалал ч багассан. Харин үүнтэй уялдуулан замын шугамыг шинэчлэх, засч янзлах гэсэн ажлыг гүйцэтгэдэг. Түүний нэг болох зүүн дөрвөн замаас Офицерийн тойрог хүртэлх ажил эхлээд зарим хэсгээр шугамын засварын ажил дуусаад байна.
Гэтэл засварын ажил нь дуусаад байгаа ч тохижилтын ажил нь үлдээд байна. Явган хүний замыг нь эвдэж засварын ажлыг хийсэн ч буцаагаад зам тавих, түүнийг хариуцах эзэнгүй болж байна. Гэрээний дагуу шугамын засварын ажил гүйцэтгэсэн компани хийх ёстой ч тохижилтын ажлыг хийж чадахгүй учир өнөөдрийг хүртэл энэ ажил зогсонги байдалд ороод байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодруулсан юм.
Т.Батцогт: Дүүрэг захиалагч нь биш учир хяналт тавих эрхгүй
-Танай дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа шугам засварын ажил зарим хэсгүүдэд хийгдээд дууслаа. Гэтэл тохижилтын ажил нь хийгдэхгүй байна?
-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Сан эрчим” ХХК-ийн хооронд хийсэн гэрээний дагуу энэхүү ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард ажил нь эхэлсэн бөгөөд тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилттэй ажил. Жуковоос Офицерийн тойрог хүртэлх шугам шинэчлэх ажил байгаа юм. Гэрээний дагуу бол тавдугаар сард ажил нь эхлээд наймдугаар сард дуусгана гэсэн байгаа. Зөвхөн шугамын ажил хийдэг компани учир үндсэн ажил дуусчихлаа гэж ойлгож байна. Гэтэл нэг бүтээн байгуулалт хийгээд нөгөө бүтээн байгуулалтыг нураагаад байна. Энэ талаар албаны байгууллага тодруулахаар уг компани нь шугам засварын ажил хийхээс гадна тохижилтын ажлыг хийхээр хөрөнгө мөнгө тусгуулсан байсан.
Өчигдрийн байдлаар “Сан эрчим” ХХК-ийн удирдлагуудыг дуудаж уулзсан. Өмнө нь хоёр гурван ч удаа уулзсан. “Маргааш л ажлаа хийчихнэ” гэсэн монголын маргааш дуусдаггүйтэй адил зүйлийг хэлдэг. Хугацаатай албан ёсны шаардлагыг өгсөн байгаа. Ядаж төрийн байгууллагын үйлчилгээг авахаар ирж байгаа иргэдийн ая тухыг бодож дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд талын талбайг янзлаад өгөөч гэсэн албан шаардлага өгч тохиролцоонд хүрсэн. Гэтэл тохиролцоондоо хүрэхгүй худлаа ярьдаг. Сүүлийн үед Сангийн яам дээр нэг журам хэрэгжээд байгаа. Цаг хугацаандаа ажлаа чанаргүй хийсэн аж ахуйн нэгжүүдийг дараа дараагийн төрийн байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулахгүй гэсэн зүйл байгаа. Дүүрэг захиалагч нь биш учир хяналт тавих эрхгүй. Захиалагч нь яам. Хяналт тавих эрх нь ч яаманд байгаа. Яамнаас ямар шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл алга байна. Бидний зүгээс энэхүү компанийг дараагийн тендер хөтөлбөрт битгий хамруулаач гэсэн хүсэлтийг холбогдох байгууллагад нь өгч байгаа. Өчигдөр компанийн удирдлагуудтай уулзахад хоёр шороо асгасан байна. Хэзээ тэгшилж янзлах нь тодорхой бус байна. Сүүлд орсон борооны улмаас хүн явах боломжгүй болсон байна.
-“Сан эрчим” ХХК тохижилтын ажлыг хийх ёстой. Гэтэл тус компанийнхан хийх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн?
-Энх тайвны өргөн чөлөөний тохижилтын ажлыг “Ялгуулсан” ХХК гүйцэтгэх ёстой. “Ялгуулсан” ХХК-ийн зүүн дөрвөн замаас Ботаникийн эцэс хүртэлх замын тохижилтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл “Ялгуулсан” ХХК-ийнхан “манайх засварын ажлаа хийсэн. Гэтэл “Сан эрчим” ХХК эвдэж сүйтгэсэн” гэж байгаа.
Ийнхүү өнөөдөр буух эзэн, буцах хаяггүй байдал үүсээд байна. Баянзүрх дүүргийн иргэд явган хүний замгүй байсаар таван сарын өнгөрөөлөө. Шавар шавхаа, тоос шороондоо дарагдсан энэ байдалд цэг тавих ёстой гэдгийг дүүргийн удирдлагууд мэдэж байгаа эрх мэдэлгүйн улмаар өнөөдрийг хүрээд байна.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт энэхүү ажил эхлүүлэх гэрээг үзэглэсэн. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл таг чиг. Төрийн байгууллагын цонхоор харж, цаас харж ажил хийж суухын оронд үзэглэсэн гэрээний үр дүн нь ямар байгааг харах ухаан түүнд байгаа болов уу.
Зөвхөн шугам засварын ажил гүйцэтгэдэг компанид тохижилтын ажлыг давхар өгсөнөөс ийм байдал үүсч байгаа гэдгийг холбогдох байгууллагынхан анхаааралдаа авах нь зүйн хэрэг байх аа.
Б.Тэмүүлэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ