“Мобикомын молиго-2”

“Мобикомын молиго-1” буюу “Card plus”-ын 15 мянга, барьцааны 10 тэрбум төгрөгийн “но” гээд л эдний зарим булхай, луйврыг бид өмнө нь нийтэлсэн. Хэрэглэгчдийн хохирлын талаар үргэлжлүүлэн өгүүлье. Ер нь энэ талын асуудал төгсөшгүй тул бид чадлынхаа хэрээр цаашид өгүүлнэ. Хэрэглэгч стандартын шаардлагад нийцсэн, чанар, аюулгүй байдал хангасан бараа, бүтээгдэхүүн хэрэглэх, үйлчилгээ авах эрхтэй гэж “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль”-д заажээ.

Хуулийн эл заалтыг мобикомынхон мэддэггүй юм уу, мэдэхийг хүсдэггүй хэрэг үү огт биелүүлдэггүй юм байна. Бүр нарийн аргатай ч болсон юм байх. Тэд давуу байдлаа ашиглаад үргэлж шахуу шинэ үйлчилгээ нээдгийг хэрэглэгчид андахгүй. Уг нь хэрэглэгчид шинэ үйлчилгээний талаар хамгийн түрүүнд мэдээлэл авах ёстой бас эрхтэй. Тэгтэл тэд шинэ үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгдөггүй. Дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилгаа хийдэггүйг нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Чулуунбаатар ярьсан байна.

Эдний удаа дараагийн зохисгүй үйлдлийг засаж, хэрэглэгчдийг хохироохгүй байх талаас шийдүүлэх гээд чадаагүйгээ ч дурджээ. Аргаа бараад ШӨХТГ” хандсан тухайгаа ч өгүүлжээ.Шинэ үйлчилгээний талаар мэдээлэлгүй болохоор хөөцөлддөг нэг нь мэдэж авдаг, ажилтай, завгүй нь хохироод үлддэг нь тоогүй. Үүнийгээ ашиглаад өчнөөн сая төгрөг олдгийг нь ч дээрх албан тушаалтан хэлснийг хүргье. Дуучдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглан, ашиг олдог байсныг нь ч басхүү тогтоожээ. Ийм ашиг хэдэн зуун саяар яригдахаас биш, хэдэн арван мянгаар өгүүлэгдэхгүй нь мэдээж.

Дуучид мэддэггүйгээс олон жил ийн алдаж явжээ. Одоо л нэхэж эхэлсэн гэх.Гэхдээ хохирлоо барагдуулсан дуучин одоохондоо байхгүй. Дууг нь хэзээ, хэдэн удаа явуулж, хэр ашиг олсныг нь тогтоох боломжгүй юм. Харин шинээр ашиглаж буй дууг нь мэдэж, судлах, тогтоох боломж гарч магадгүй. Зохиогчийн эрхийн хуулийг ч ингэж зөрчдөг нь илэрчээ. Эндээс нэг сонин асуулт гарах нь дамжиггүй. Монгол Улсын хууль тогтоомжийг ер нь мэддэг газар уу, үгүй юу. Эсхүл, мэддэг хэрнээ тоодоггүй, том толгойтнууд уу гэсэн асуулт билээ. Бараг удаах нь л болов уу даа. Үргэлжлэл буй.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ