Ч.Баттуул: Жон Мартин Кийнийг би буудаж хөнөөсөн

Америк иргэнийг хөнөөсөн гэх 25 настай Ч.Баттуулын хэргийг УМБГ-т хянаж байна. Түүний хэргийг удахгүй Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлэхээр болжээ. Хэдийгээр Ч.Баттуулын хэргийг хоёр ч удаа Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэлцсэн ч Ч.Баттуулын мэдүүлгүүд байнга өөрчлөгдөж байгаагаас болж, ийнхүү мөрдөн байцаалтад буцаад байгаа юм.

Түүний хэрэгт зургаан хүн шалгажээ

2012 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийн манай улсын хилээр орж ирсэн байдаг. Түүнийг Ч.Баттуул “Шүрэн гүүр” гэх зочид буудал ажиллуулж, бизнес хийе хэмээн хуурч авчирсан юм. Харин түүний бизнес хийе хэмээх саналыг хүлээн авсан Жон Мартин Кийн ээжээсээ 10 мянган ам.доллар зээлж Монголд иржээ. Гэвч ирсэн өдрийнхөө маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрбээр Ч.Баттуулын гарт амиа алдсан гэх. Болсон явдлыг сийрүүлбэл, хэрэг гардаг өдөр Ч.Баттуул нь Жон Мартин Кийнийг ан хийе хэмээн Цонжин болдогт аваачжээ. Улмаар Ч.Баттуул нь 1.4 сая төгрөгөөр буу худалдан авсан байна. Гэвч Цонжин болдогт очсон хойноо шунахайн сэдлээр Жон Мартин Кийнийг буудаж хөнөөн, улмаар цогцсыг нь шатааж булсан байсан аж. Ингэхдээ өөрийн найз Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нар руу “Би хүн алчихлаа, Туслаач” хэмээн утасджээ. Тиймээс найзууд нь очиж, цогцсыг нь хамт булалцсан байна. Тиймээс тэднийг гэмт хэргийг нуун дарагдуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн хамт шүүхээр болоод байгаа юм. Хэрэг гарснаас хоёр сарын дараа УМБГ-аас Ч.Баттуулыг саатуулж мэдүүлэг авахад тэрбээр “Жон Мартин Кийнийг би хөнөөсөн” хэмээн мэдүүлж байжээ. Гэвч удалгүй мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцаж, “Жон Мартин Кийнийг би хөнөөгөөгүй. Хөнөөсөн хүн нь....” хэмээн хоёр жилийн хугацаанд зургаан хүний нэрийг цохжээ. Энэ дагуу тухайн зургаан иргэнийг шалгасан ч хэрэгт ямарч холбоогүй болох нь батлагдсан байна.

Ч.Баттуулын хар тамхины тухай өгсөн мэдүүлэг нотлогдоогүй байна

Гэтэл саяхнаас мэдүүлгээ дахин өөрчилж, “Жон Мартин Кийн хар тамхичин байсан. Хар тамхины наймаагаа тохиролцож чадалгүй амиа алдсан. Харин түүнийг хөнөөсөн хоёр залуу надад хүчээр хэрэг тулгасан” хэмээн мэдүүлгээ өөрчилжээ. Тодруулбал, Ч.Баттуул “Жон Мартин Кийнийг хилээр орж ирэхдээ хоёр кг хар тамхи тээвэрлэсэн. Улмаар уг тамхиа зарахаар Налайх дүүргийн ойролцоо хоёр залуутай уулзсан боловч нөгөө залуучууд нь “муу хар тамхи байна” хэмээн аваагүй. Харин дараа ньтэд надад хар тамхи хэрэглүүлж, улмаар би ухаан алдаж унасан. Тэгээд сэрэхдээ буудалд сэрсэн. Гэтэл нөгөө хоёр залуу Жон Мартин Кийнийг хөнөөсөн бөгөөд намайг хэргийг хүлээ гэсэн учраас би цогцсыг шатаасан” хэмээн мэдүүлсэн байна. Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ч.Баттуул мэдүүлгээ маш олон удаа өөрчилсөн. Анх би хөнөөсөн гэдгээ мэдүүлж байсан бол сүүлдээ өөрөөсөө зайлуулж, тэр хөнөөсөн, энэ хөнөөсөн гэж зургаан хүнийг шалгуулсан. Гэтэл сүүлдээ Жон Мартин Кийн хар тамхи хэрэглэж, намайг дарамталдаг байсан. Би түүнийг хөнөөгөөгүй. Хар тамхи авахаар уулзсан залуус хөнөөсөн гэж мэдүүлж эхэлсэн. Тиймээс түүний мэдүүлгийн дагуу уг залуусыг шалгасан ч хэрэгт холбоогүй нь батлагдсан. Мөн түүний яриад байгаа хар тамхины хэрэг нотлогдоогүй. Ч.Баттуулын өгсөн зөрүүтэй мэдүүлгээс болж хэргийг хоёр жил гаруй шалгалаа. Хоёр ч удаа мөрдөн байцаалтад буцлаа. Нэгэнт хар тамхины хэрэг нь, мөн Жон Мартинийг хөнөөсөн гэх зургаан иргэн хэрэгт холбогдоогүй нь нотлогдсон учраас дахин мэдүүлгээ өөрчлөхгүй байх” гэлээ.

Жон Мартин Кийн, Ч.Баттуул нар бэлгийн харьцаанд орж байжээ

Хэрэг гарсны дараахан тэднийг хайр сэтгэлийн холбоотой байсан. Тиймээс нэгнийхээ аминд хүрсэн хэмээн хэвлэлээр бичиж байв. Гэвч үүнийг Ч.Баттуул хүлээн зөвшөөрдөггүй хэмээн түүний өмгөөлөгч К.Бауржин мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэд бэлгийн харьцаанд орж байсан талаар Ч.Баттуул мэдүүлэгтээ дурьджээ. Тэрбээр анх “Би Тайваньд сурч байхад багштай /Жон Мартин Кийн/ бэлгийн харьцаанд орж байсан” хэмээн мэдүүлсэн бол сүүлдээ “Багштай бэлгийн харьцаанд орох нь орж байсан. Гэхдээ багш намайг дарамталдаг байсан учраас би бэлгийн харьцаанд ордог байсан” хэмээн мэдүүлж эхэлсэн байна. Гэвч мөрдөн байцаалтын явцад Ч.Баттуул нь шунахайн мэдлээр түүний аминд хүрсэн нь нотлогджээ.

Түүнчлэн сүүлийн үед хэвлэлээр Ч.Баттуулын өрөөнөөс эм хураасан, мөн эргэлт оруулахгүй байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад “Эргэлт оруулахгүй байгаа гэдэг ташаа мэдээлэл. Эргэлт хуваарийнхаа дагуу орж байгаа. Мөн эм хураасан гэдэгмэдээлэл ч ташаа” гэх тайлбарыг өгсөн юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ