"Хэцүү ангийнхан" хэдэр ёдор байдалтай

“Хэцүү ангийнхан” хоёр дахь жилдээ төсөв батлах гэж хэлцэж, хэрэлдэж эхэллээ.
Тэд ер нь төсвийн төслөө хэлэлцэнэ гэж олны төлөө зовиносондоо хэлж буй мэт нэг их цэцэрхэж хэдэн тоо холбож, хошуу нэмэрлэхээс хэтрэхгүй ч цаагуураа ирэх онд миний халаасанд хэдэн чихэр орж ирэх вэ гэж толгойгоо гашилган, нөгөө салааны тэрэнд надаас илүү юм оногдчих вий гэж хармын сэтгэлээр хэрүүлийн үг дайна.
Ангийн А тодотголтой нэгдүгээр салаанаас засагт ерөнхийгөөр томилогдсон А-гаар эхэлсэн нөхөр хоёр дахь жилдээ төсвийн төслийг танилцуулаа. Мань А яахав амнаасаа унагасан болчимгүй үгсээр нөгөө бүлгийнхэндээ ээрүүлж, хүндээ хөнгөнөөс өгч сураагүй биш, бас л эхнээсээ эргүү балайгаараа баахан дуудуулав.
Өнгөрсөн жил “Бид төсвөө нэг их хамгаалахгүй” гэж мангартсанаа бодвол энэ жил өөрийг нь ээрсэн нөхдүүдэд под хийтэл нь хариуг нь барьж чадав. Үүнийг харсан хөгшчүүд “ер нь энэ жилээс цаад Норовын хүү чинь /А гэхээ больё, Танхай эмээгийн араас орчих ч юм билүү/ овоо дөнгүүр хэлсэн ярьсанаа хамгаалж хэнтэй ч хэрэлдчихдэг болоод байгаа” хэмээн хуучилна.
Голын салааны нэг нөхөр Увсаас олон жилийн өмнө төрд орж ирэхдээ загнасаар л эхэлсэн, загнасаар ч дуусна гэсэн шиг өнөөх Алтанхуягийг маань хүртэл жижигхэн намхнаар нь дуудаж чичлээстэй л суув.
Тэрээр “Өчигдөржингөө микро гэдгээ гайхаж, ангийн хурлыг инээдэм ханиадам болголоо. Ангийнхнаа арай л доромжилж байгаа юм биш үү. Хурал даргалж байгаа дэд дарга Р.Гончигдорж та яагаад инээгээд суугаа юм. Энэ хурлыг горимд нь явуулаач. Толгой ч алга. Үнэхээр микро юм.
Миний саналыг эхлээд сонс Н.Алтанхуяг аа. Чам шигийг би найм үзсэн. Өнөөдөр 35 тэрбумаар шорон барих гэж байхад С.Эрдэнэ яагаад чимээгүй суугаад байгаа юм” гэх мэтээр нэгдүгээр салааныхныг ташраар нь загнав.
Энэ үеэр арын эгнээний нөхөд ирэх жилд Увс руу явах мөнгөний урсгалыг багасгасан тул мань хашир бор шидмэс барьж, боож үхэхээс наахнуур хэмээн мэдэмхийрэн шивнэлдэнэ.
Загнуулсан Гончигоо ч өөдөөс нь тоож байгаа ч шинжгүй маасайх зуур, хамрын тамхиа хэд хэд сороод авлаа. Нөгөөх ааш муутад чичлүүлсэн бас нэг сурагч болох С.Эрдэнэ ай падаа оролдоостой нусаа татлан суух.
Ер нь хүмүүсийн нүдэнд “Хэцүү ангийнхан” нэг л хачин элэг дутуу, тэгсэн хэрнээ хэдэр ёдор хачин нөхдүүд нь гол төлөв цугласан маягтай төсвийн төслийн эхний давааг өнгөрүүлэв.
Ангийн дарга З.Энхболд Швейцарь яваастай. Орлож үлдсэн дэд дарга Р.Гончигдоржийг голын салааны эсэргүү сурагчдын нэг, нөгөөх Алтанхуягийг найм үзчихсэн нөхөр байдгаараа загнаастай. Төсвийн төсөл хэлэлцэж байхад нарийн ширийн тоог цээжээрээ мэдэх гол хүн, сурагчдын хэл амны бай болох ёстой Ч.Улаан ч байхгүй.
Өмнөх “Хэцүү ангийнхан”-ы үед жасын нярав байсан С.Баярцогт тоо чихээстэй хавтсаа барьж орж ирээдхамгаалаад гардаг байсан, тэр үед хамтарсан салааны даргаа С.Батболд өмнүүр нь орж ирээд байдаггүй л байсан.
Зарим арын салааны хэл ам муутайдуу, гирэвшүү нөхдүүд нарийн учрыг нь олсон шинжгүй “Фортуна” байхад Улаан заавал байх алба уу гэсэн маягтай сууцгаана. Ойрд хүүхэндээгүй зарим нэг ууртай нөхдүүд улсын албанаас илүү чухал болсон жиргээндээ оролцоод тун завгүй тул юун төсөв мантай.
Н.Алтанхуягийн ирэх оны төсвийг танах хэрэгтэй гэх үгийг сонсоод зарим хартай нэг нь өөрт оногдох мөнгөнөөс нь хамчих, таначих гээд ч байх шиг, нэмчих гээд ч байх шиг санагдан Туулын мөсийг долоох гэж байгаа мэт өндөлзөн сууцгаана. Ийм маягтай төсвийн төсөл эхний даваагаа давав.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ