Галынханд ирдэг ”галзуу” дуудлагууд

Лондон хотын гал түймэртэй тэмцэх алба сүүлийн үед тэдэнд ирсэн сонин янзын дуудлагуудын жагсаалтыг гаргав. Хэрэв нөхцөл байдал тийм ч ноцтой биш байвал яаралтай тусламжийн 999 дугаар руу залгахгүй байхыг тэд ард иргэдээсээ гуйсан байна.

Хамгийн утгагүй дуудлагын жагсаалтыг нэгэн эмэгтэйн дуудлага тэргүүлжээ. Тэрээр өөрийнх нь дэрэн дээгүүр аалз явж байна хэмээн дуудлага өгсөн аж. Лондон хотын нэгэн хижээл насны оршин суугч эмэгтэй ноцолдож буй нохдыг салгах гээд аягатай ус цацсан гэнэ.

Гэтэл тэрээр аяган дотор түүний хиймэл шүдтэй эрүү байсныг мартаж орхисон байна. Тиймээс галынхан руу утасдаад эрүүг нь олж өгөхийг хүсчээ.

Нэг сайн эр гараажны дээвэр дээрээс хүүгийнхээ пүүзийг авч өгөхийг гуйсан аж. Маш яаралтай ирэхгүй бол хүү нь пүүзгүй тул хөлбөмбөг тоглохоор явж чадахгүйд хүрсэн гэнэ.

Мөн утгагүй дуудлагын тоонд гал тогоонд хэрэм байна, цэцэрлэг дотор үнэг зугаалж явна, дугуй хагарчээ, утас маань жорлон руу уначихлаа гэх зэрэг балай дуудлагууд багтав.

Лондон хотын гал түймэртэй тэмцэх алба долоон хоног бүр 100 гаруй утгагүй дуудлага хүлээж авдаг болохоо мэдээлжээ. Тэдгээрийн дагуу очиж цаг зав, хөрөнгө мөнгөө дэмий үрдэг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ