“Зургаан настай хүүхэд сонсоод хэнгэнэтэл уйлсан”

“Увертюра” хамтлагийн анхны бие даасан “Төгсгөлгүй эхлэл” тоглолт ирэх сарын 23,24-нд Улсын драмын эрдийн театрт болох гэж байна.Монгол поп операурсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тоглолтоороо харуулахаар зэхэж байгаа тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.
-Тоглолтоо хийх гэж байгаа, зав муутай л байна уу?
-Харин тийм ээ. Зав муутайхан. Хамтлаг байгуулагдаад дөрвөн жил болж байна. 2009 онд байгуулагдаад ХБК-ийг 2010 онд төгсч байлаа. Одоо анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо УДЭТ-т энэ сарын 23,24-нд тоглох гэж байна. Тоглолтынхоо бэлтгэлд орчихсон. Бэлтгэл ч нэлээд сайн хангагдсан. Одоо гадуур реклам сурталчилгааны ажлаа хөөцөлдөөд явж байна даа.
-Тоглолтод хэчнээн дуу дуулах вэ, танай хамтлаг урын сандаа хичнээн дуутай вэ?
-Тоглолтод манай хамтлагийн гэгдэх, цэвэр бидний дуулсан уран бүтээл болох поп опера чиглэлийн 20 орчим дуу дуулна. Цэргийн дуу бүжгийн чуулгын оркестр, ХБК-ийн симфони оркестр, “Улаанбаатар” чуулгын бүжигчид, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам ах, ерөнхий зохион байгуулагчаар “Анир” студийнхан ажиллаж байна.
-Сонсогчдод хүрсэн уран бүтээлүүдээсээ дурдаач?
-“Өнө мөнх орон”, МУГЖ Ш.Чимэдцэеэ эгчтэй “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг”, “Шуранхай” хамтлагийн Ш.Үүрийнтуяатай “Дөрвөн цагийн тал”, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын аялгуу, Д.Сосорбарам ахын үг “Цагийн аяс”, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, 20-р зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” гэх мэт дуунууд байна. Сонсогчдийн хүртээл болж, сонсох дуртай болсон дуунууд.
-Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг дуу болгон дуулсан. Энэ дууны тухай?
-Хамгийн сүүлд шинээр хийгдсэн. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны шүлэг хэдийнээ хүнд хүрчихсэн сайхан шүлэг бий. Энэ шүлгэнд “Анир” студийн продюссер Алтанхуяг ах аялгуу хийгээд үнэхээр сайхан дуу болсон. Софт рок стилийн дуу байгаа.
-Тоглолтын нэрний тухайд их сонирхолтой санагдлаа. Яагаад “Төгсгөлгүй эхлэл” гэж?
-“Төгсгөлгүй эхлэл” үнэхээр содон нэр. Д. Сосорбарам ах энэ нэрийг өгсөн. Хэзээ ч төгсөшгүй, аливаа юмны эхлэл байгаарай гэсэн утгатай. Манай хамтлагийн нэр ч гэсэн “Эхлэл хөгжим” гэсэн утгагатай. Нэлээд бэлэгшээж өгсөн нэр.
-Хамтлаг байгуулагдаж байсан үеээ дурсаач?
-2009 онд хамтлагийн гишүүн Ганбаатар хамтлаг байгуулъя гэсэн санааг өөрийнхөө төрсөн өдрөөр бид гуравт тавьсан. Бид ч саналыг нь дуртай зөвшөөрч хамтлагаа байгуулж байлаа.
-Та дөрөв нэг ангийнхан уу?
-Тийм ээ.
-Анхны тайз?
-Хамтлаг байгуулагдсанаас хойш анх хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын “Дэлхийн зулай” гэдэг дуугМонгол бөхийн өргөөний тайзан дээр дуулж байлаа. Тэрнээс өмнө 2010 оны хавар сургуулийн уламжлалаар төгсөхдөө тайлангаа тавьж тоглолт хийж байсан.
-Чөлөөт цаг гарвал юу хийх вэ, спортоор хичээллэх үү эрчүүд л юм хойно биеээ хөгжүүлдэг байх?
-Хамтлагийн уран бүтээл хийж эхэлснээс хойш чөлөөт цаг гэдэг зүйл барагтаа гарахаа больсон доо. Нэг юмны төлөө зорьж, зүтгэж байгаа болохоор аль болох цагийг алдахгүйг хичээдэг. Гэхдээ огт чөлөөт цаггүй байна гэж үгүй. Жаахан цаг илүү гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, агаар салхинд гарах дуртай. Нэг хэсэг бодибилдинг, усан бассейнд сэлж байсан. Одоо харин больчихоод байгаа.
-Хувийн амьдралын хувьд та нар ямар статустай байна вэ?
-Хамтлагийн ахлагч миний бие албан ёсоор гэр бүл зохиогоогүй, ганц бие. Манай хамтлагийн Ганбаатар эхнэр, хоёр хүүхэдтэй. Нөгө хоёр маань ч гэсэн ганц бие.
-Яагаад ганц бие явцгаагаад байна, нас чинь бас явж байна шүү дээ?
-Гэр бүлтэй болох зав гарахгүй юм аа. Хамтлагийн уран бүтээлээ одоогоор нэгдүгээрт тавьчихсан байгаа болохоор гэр бүл зохиох төлөвлөгөө алга. Эмэгтэй хүних эмзэг. Эрчүүдээс цаг зав их шаарддаг. Жаахан л анхаарал хандуулахаа больчихвол уурлана, тунина, гомдоно. Нас болоогүй байна шүү дээ. Дөнгөж 20 гараад л явж байна. 30 гараад л амьдралаа бодно доо. Мэдээж эрт амьдрал зохиосон хүмүүс байна. Тэд чадаж ч байна. Бид дөрвүүлээ нийлээд нэг гэр бүл. Одоо энэ гэр бүлээ төлөвшүүлэх гээд хичээж явна. Нэг зүйл рүүгээ хамаг анхаарлаа хандуулахгүй хажуугаар нь гэр бүлээ хөөцөлдөөд явбал аль аль ч үгүй болох магадлал өндөр шүү дээ.
-Ямар эмэгтэй хүнийг сайхан гэж боддог вэ?
-Бүх л эмэгтэйчүүд сайхан. Тухайн хүнд сайн чанар, хүний сэтгэлийн татдаг ямарваа нэг зүйл байдаг. Эмэгтэй ч гэлтгүй эрчүүдэд ч тийм чанар бий. Тийм болохоор тэр муухай, энэ сайхан гэж хэлж чадахгүй. Бүх эмэгтэйчүүдтэй л аль болох сайхан харьцаад явахыг хичээдэг.
-Танай “Өнө мөнх эх орон” дууг хориглоод байсан шүү дээ. Яагаад хориглох болов?
-Дөрвөн жилийн өмнө “Өнө мөнх эх орон” дуугаа дүрсжүүлээд гаргасан. Клип нь жаахан хүнд л дээ. Тухайн үед нийгэм нь жаахан хэцүү, газар шорооны асуудал их хөндөгдөж байсан. Улс төр ч будлиан шуугиан ихтэй байсан. “Милл” кино компанийн ах нар клипний санааг гаргаж байсан. Телевизүүд манай клипийг гаргахгүй байсан. Улайм цайм та нарыг клипийг гаргахгүй гэж хэлээгүй. Гэхдээ онлайн ертөнц хөгжчихсөн байсан болохоор хориглосон гэх тусмаа хүмүүс бидний тэр клипийг сонирхож, үзэж байсан.
-Тэр дуу уг нь газар шорооны тухай дуу юм билээ. Гэтэл хүмүүс оршуулгын дуу гэж ойлгоод байдаг?
-Даацтай дуу. Монгол ахуй, соёл, газар шороо, нутаг ус, хүний мөн чанар харагдана. Монголын урлаг гадны соёлыг дуурайгаад, хуулаад, рекламдаад, зарим хамтлаг дуучид хүртэл гадныхны плакат зургийг нь харж байгаад адилхан зураг авахуулдаг болсон байх жишээтэй. Монголчуудад өөрсдөд нь сайхан урлаг байна шүү дээ. Уртын дуу, хөөмий. Бид дэлхийд танигдъя, дэлхийд Монгол Улсаа гаргая гэж бодож байгаа бол уртын дуу, монгол соёл, гэр, морин хуураараа гарах ёстой юм. Энэ мэтчилэн үнэхээр том асуудал хөндсөн дуу. Хүн ойлгоод сонсвол. Хоёр дахь “Цагийн аяс” дуундаа бас газар шорооны төлөөх тэмцлийн утгатай клип хийсэн. Харин хүмүүс ажил явдал дээр дуулдаг дуу дууллаа гэж ярьжл байсан. Яагаад энэ дууг оршуулганд ашиглаад байдагийг мэдэхгүй.
-Та хэд уран бүтээлээс гадна хувийн ямар нэг бизнес хийдэг үү?
-Байхгүй. Хамтлаг гэсэн брэнд, ажил, гэр бүл, бизнес байна. Яг тэрүүгээрээ өвчлөөд явна даа.
-Дан ганц уран бүтээл хийгээд явахад мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү гэж зарим уран бүтээлчид ярьдаг л даа. Та нарт тийм бэрхшээл байхгүй юу?
-Яахав хүрэлцэхгүй байх үе байна. Хангалттай мөнгө олох үе ч байна. Бидний давуу тал нь “Анир” студийн дэргэдэх гэж явдаг. Хүн уран бүтээлдээ л мөнгө зардаг. Бидний уран бүтээлийг “Анир” студи хийж өгдөг болохоор мөнгөнд санаа зовж, толгой өвдөхгүй дөрвөн жил ажиллалаа. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднээс мөнгө төгрөг нэхэхгүйгээр тоглолтын реклам , зар сурталчилгааг маань хийгээд өгч байна. Энэ чинь л их тус нэмэр шүү дээ. Бид “Төрийн банк”-тай гэрээ байгуулахаар болсон. 2014 оныг дуустал “Төрийн банк”-ны элч дуучин хамтлаг гэгдэхээр болсон. Тоглолтоос эхлэн хэрэгжих байх. Энэ бол маш том урам, итгэл, хариуцлага.
-Хамтлагийн гишүүд оюутан болоод л найзалсан гэхээр хэдэн жилийг хамтдаа өнгөрөөсөн байна вэ?
-8,9 жил найзалж байна. ХБК-д оюутан болж ороод л бидний нөхөрлөл эхэлсэн. Хамтлаг анх байгуулагдахад найз нөхөрлөл дээр тулгуурлаж байсан. Нэг нэгнийгээ харцаараа ойлгодог, мэдэрдэг болчихсон. Харин уран бүтээлийн тал дээр хааяа маргалдана. Мэдээж дөрвөн өөр ертөнц нэгдээд явна гэдэг хэцүү. Одоо харьцангүй маргалдах нь гайгүй болчихсон.
-Танай хамтлаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэл аманд хэр их өртдөг вэ?
-“Өнө мөнх эх орон” дууг хориглож байх тэр үед янз янзаар л бичиж, ярьдаг байсан. Одо бол харьцангуй гайгүй шүү. Яагаад гэвэл Зөвлөхүүд ихтэй. Алдаа бага гаргаж, үйлдэл бүртээ анхаарч,хичээж явдаг. Бидний ард “Анир” студийнхан тэр чигээрээ ажиллаж байна. Энэ дашрамд “Анир” студийн хамт олондоо үнэхээр их баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй.
-Мэдээ мэдээллийг ихэвчлэн хаанаас авдаг вэ, уран бүтээлч хүмүүс зурагт үзэх ч завгүй явдаг юм шиг байна билээ?
-Тийм шүү. Бор хоногтоо гэртээ ордог хүмүүс яаж зурагт үзэхэд вэ. Мэдээ мэдээллийг ихэвчлэн цахим ертөнц, мэдээллийн сайтуудаас авна. Заримдаа ч сонинсэтгүүлээс авчихдаг. Фэйсбүүк гэж их том мэдээллийн ертөнц бий болсон байна гэх мэтчилэн мэдээлэл утсаар дамжаад мэдээлэл авах суваг их болжээ.
-Дөрвүүлээ машинтай юу?
-Байгаа. Марк-2, приус 20, бревис, харриер унадаг.
-Гадаадад тоглолтоор явж байсан уу?
-Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хэд хэдэн орноор явж байсан. Япон, Халимаг гэх мэт. Төрийн айлчлалаар явж байхад нэг сайхан нь төрийн хамгаалалтад орчихдог. Ямар нэг эрсдэл байдаггүй. Японы есөн мужаар аялан тоглолт хийж байлаа. Тэд цаг сайн барьдаг, ажил хэрэгч хүмүүс юм шиг санагдсан. Халимагийн хөгшчүүд биднийг их сайхан хүлээж авсан. Монгол руу бид байнга сүүнийхээ цацлыг өргөдөг, бидний сэтгэл зүрхэнд монгол улс үргэлж уяатай шүү дээ гэж байсан. Үнэхээр зовсон ард түмэн юм билээ.
-Танай дуунууд үнэхээр цар хүрээ ихтэй, тэнгэрлэг нэгийг бодогдуулсан дуу байдаг?
-Мэргэжлийн дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгссөн болохоор хоолойн цар хүрээний хувьд том байхаас аргагүй. Нэлээд чадварлаг хэд хэдэн уран бүтээлчид хэлж байсан “Танай дууг сонсохоор нэг л дотор хөндүүрлээд хүнд болчихдог, үгээр хэлэхийн аргагүй” гэж. Тухайн хүний мэдрэмжээс болдог юм шиг байна билээ. Аль чиглэлээс нь хүлээж авч байна вэ гэдгээс тухайн хүний сэтгэл хөдлөл хамаардаг. Тэрнээс гадна саяхан бас нэг уран бүтээлч хүний зургаахан настай хүүхэд манай хамтлагийн “цагийн аяс” дууг сонсоод хэнгэнэтэл уйлсан гэсэн. Аав нь гайхаад яагаад уйлаав гэсэн чинь “Энэ дууг сонссон чинь нэг л сонин эмээ бодогдоод уйлчихлаа” гэж хариулсан байсан. Зургаан настай хүүхэд энэ дууг ингэж мэдэрч байна гэдэг агуу шүү.
-Өөрсдөө сонгож дуулдаг уу?
-“Анир” студийн уран бүтээлчид, ялангуяа Алтанхуяг ах уран бүтээлийн тал дээр бодлого баримталдаг. Бид гэхээсээ илүү тэр ах маань бидний дуулах дууг сонгодог. Баримталдаг зарчим бол мэргэжлийн уран бүтээлчидтэй хамран ажиллах. Яагаад гэвэл номыг нь үзээд, ногоотой шөлийг нь уучихсан хүнээс гарч байгаа уран бүтээл арай өөр.
-Та бүхний уран бүтээлийн тоглолтод амжилт хүсье.
-Танай сайтын хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. Ард түмэнтэйгээ тоглолт дээрээ уулзъя даа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ