Охиноо хөнөөсөн эх оршуулгад нь оролцохыг хүслээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэх газар гуравхан настай охиноо хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны оршин суугч Ж гэгч 37 настай эмэгтэй үйлдсэн юм.

Түүнийг охиныхоо толгойг заазуураар тасдаж хөнөөсөн хэмээн хэвлэлээр бичжээ. Тиймээс бодит мэдээллийг хүргэхээр Төв аймгийн Батсүмбэр суманд манай сурвалжлах хэсэг ажиллалаа.

Биднийг тус суманд очиход нутгийн иргэд охиноо хөнөөсөн гэх ээжийн талаар ам уралдан ярьж байв. Тэд “Хэргийг үйлдсэн эмэгтэй манай нутгийн хүүхэн биш. Хотоос ирсэн гэсэн. Нутгийн нэр гутаасан бузар эмэгтэй” хэмээн жигшин зэвүүцэхийн зэрэгцээ “Хүүхдээ хөнөөчихөөд толгойг нь бариад зөндөө явсан гэсэн.

Харсан иргэд нь Үдлэгт байгаа. Үнэхээр аймшигтай” хэмээн айсан сэтгэлээ дарж ядан ярьцгааж байсан юм. Уг хэргийн талаар найман настай балчираас 80 настай хөгшид хүртэл мэджээ. Тиймдээ ч дэлгүүр, эмнэлэг, цагдаагийн хэлтэс, цайны газар гээд орсон бүх газарт охиноо хөнөөсөн гэх эмэгтэйн талаар ярьж байв.

Тэрбээр ирсэн өдрийнхөө маргааш охиноо хөнөөжээ

Түүнийг тус сумын иргэн Н гэгч сүү зардаг эмээ Улаанбаатар хотоос авчирчээ. Тодруулбал, энэ сарын 12-нд 19.30 цагийн галт тэргээр тэд Батсүмбэр суманд очсон байна. Тухайн шөнөдөө тэрбээр охинтойгоо тус айлд хонож, өглөө нь 07.00 цагийн үед охиноо нүцгэн тэвэрсээр гарч одсон байна. Тиймээс сүү зардаг эмээ гайхан түүний араас гарчээ. Гэтэл удалгүй цагдаа сэргийлэх дуудахаар орж ирсэн байна. Ингээд болсон явдлын талаар сүү зардаг эмээгийн охин Н.Алтанцацралаас зарим зүйлийг тодрууллаа.

-Болсон явдлын талаар жаахан тодруулахгүй юу?

-Ээж маань хэдэн малаа маллуулахаар хүн хөлсөлж ажиллуулдаг юм. Тэгээд энэ сарын 12-нд Улаанбаатар хотоос ажиллахаар ирсэн гээд нэг хүүхэдтэй эмэгтэйг танилцуулсан. Нүдэнд дулаахан гайгүй л эмэгтэй байсан.

-Тэгээд охиноо хөнөөснийг яаж мэдэв?

-Тухайн шөнөө тэрбээр охинтойгоо ээжийнд хоносон. Харин өглөө нь хүүхдээ нүцгэн аваад гарсан байгаа юм. Тэгээд ээж гайхаад араас нь гарсан гэсэн. Удалгүй манай гэрт цагдаа сэргийлэх дуудаарай гэсээр орж ирсэн. Тэгж л охиноо хөнөөсөн болохыг мэдсэн.

-Охиноо хөнөөгөөд заазуураар толгойг нь тасалсан гэх мэдээлэл байна?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямарч байсан цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж, тэр эмэгтэйг саатуулсан байгаа. Мөн энэ хавийн иргэдээс ч байцаалт авч байна. Нутгийн иргэд л толгойг нь бариад явж байсан гэж яриад байгаа. Би нүдээрээ хараагүй болохоор нэг л итгэж чадахгүй байна. Хүүхдээ хөнөөхөөргүй л эмэгтэй харагдсан даа.

-Эмэгтэйн талаар илүү мэдээлэл байна уу?

-Сайн мэдэхгүй юм. Ирсэн өдрийнхөө маргааш л охиноо хөнөөчихлөө. Үнэхээр аймшигтай байна. Гэхдээ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас би үүнээс илүү зүйл яримааргүй байна. Хэрэгтэй бол цагдаагийн байгууллагаас шалгаж дууссаны дараа дэлгэрэнгүй ярьж болох юм.

Охиныхоо цогцсыг шуудайн дор нуужээ

Хэрэг энэ сарын 13-ны үүрээр гарчээ. Тус өдөр Батсүмбэр суманд цас орж, цасан шуурга болж байсан аж. Охиноо нүцгэн тэврэн гарч одсонд санаа зовсон эмээ араас нь гарснаар охиноо хөнөөснийг нь мэдсэн байна. Энэ талаар түүнийг хотоос авчирсан сүү зардаг эмээгээс тодруулах гэсэн боловч аймгийн төв рүү байцаалт өгөхөөр явсан тул эзгүй байсан юм. Ингээд тус айлын гадаа гурав дөрвөн иргэн хэргийн талаар ярьж байхад таарлаа.

Тэд “Хүүхдийнхээ толгойг тасалчихаад сугандаа хавчуулаад яваад байсан. Тэгээд биеийг нь болохоор тэвэрчихсэн явж байсан. Хүүхдээ бүүвэйлэхээр гараа өргөхөөр л суганд нь байсан хүүхдийн толгой унаад байсан. Тэгээд цус нөжийг нь гоожуулаад энэ хавиар зөндөө явсан” гэв. Ингээд эмэгтэйг хүүхдээ тэврээд явж байхад таарсан сумын бага сургуулийн багш Н.Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хэрэг гардаг өдөр таныг хүүхдээ хөнөөсөн эмэгтэйтэй тааралдсан гэх юм?

-Тийм. Хэрэг гардаг өглөө цас ороод цасан шуургатай байсан. Тэгээд би өглөө 09.00 цагийн үед дэлгүүр орохоор гарч явтал нэг эмэгтэй хүүхдээ нүцгэн тэврээд явж байсан. Тэгээд би гайхаад “Хүүе хүүхэд чинь хөлдлөө. Юу болж байна аа, гэтэл зүгээрээ” гээд л яваад өгсөн.

-Хүүхдийнхээ толгойг бариад явж байсан гэж иргэд ярьж байна?

-Тэрийг би ёстой мэдэхгүй байна. Ямарч байсан хүүхдийнх нь хөл нь л харагдсан. Хүүхдээ тэврээд бас нэлээн том балиус бариад явж байсан. Тэгээд би балиусыг нь хараад л айгаад шууд явсан.

-Тэгээд ахиж таарсан уу?

-Таараагүй ээ. Энэ хавиар зөндөө л явсан гэсэн.

-Эмэгтэй өөрөө бас нүцгэн байсан уу?

-Үгүй. Өөрөө бор өмд, цув өмсчихсөн явж байсан. Хүүхэд нь харин чармай нүцгэн байсан.

Тэрбээр охиноо хөнөөсөн балиусаа эмээгийн гэрээс авчээ. Охиноо 07.00 цагийн үед хөнөөчихөөд 09.00 цаг хүртэл буюу хоёр цаг гаруй цогцсыг нь тэвэрч тэр хавиар эргэлдсэн байна. Тэгэхдээ охиныхоо цогцсыг “Жаргалант” гэх дэлгүүрийн ард мөн айлын хашааны буланд ээлжлэн тавьж байсан аж. Харин цагдаагийнхан дуудлагын дагуу ирж охины цогцсыг “Жаргалант” дэлгүүрийн өөдөөс харсан айлын хашааны буланд шуудайгаар булаад орхисон байхад нь олсон байна. Тэрбээр охиноо хөнөөснийхөө дараа өөрийнхөө хүзүүг ч зүсэж гэмтээжээ. Харин сумын эмнэлгийн ажилтнууд яаралтай түргэн тусламж үзүүлснээр аюулгүй өнгөрсөн байна.

Охиноо хөнөөсөн Ж гэгч хэн бэ?

Охиноо хөнөөсөн Ж гэгч эмэгтэйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өвгөнтийн хөндийн” архичин байсан хэмээн бичжээ. Харин тэрбээр архичин биш Улаанбаатар хотод нэгэн дунд сургуульд физикийн багшаар ажилладаг байсан аж. Гэвч тодорхой шалтгааны улмаас ажлаасаа гарч, ажилгүй болсон байна. Улмаар Төв аймгийн Батсүмбэр сумын сүү зардаг эмээтэй танилцаж, тэднийд ажил хийхээр Батсүмбэрт охиноо дагуулан очоод байжээ. Гэвч ямар шалтгааны улмаас ийнхүү онц хэрцгий аргаар охиноо хөнөөх болсон нь одоогоор тодорхойгүй байна. Гурван нас хүртэл нь өсгөж тэжээчихээд хөнөөсөн түүнийг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хэмээн сэтгэцийг нь шалгуулахаар болоод байгаа аж. Мөн нутгийн иргэдийн ярьж буйгаар сүү зардаг эмээ хотоос сэтгэцийн өвчтэй ч юм уу амьдрал нэн тааруу, орох оронгүй хүмүүсийг хотоос авчирч ажиллуулдаг. Гэхдээ ажиллуулсныхаа хөлсийг өгөлгүй хооллож, ундалж, гэртээ амьдруулдаг байсан гэв. Харин эмээгийн хүү гэх 20 гаруй насны эрэгтэй "Ээж хотоос ганц нэг хүн авчирч ажиллуулдаг. Гурав, дөрвөн сарын өмнө амьдрал нь нэлээн тааруу гэх нэг эмэгтэйг авчирч ажиллуулсан. Гэтэл тэр манайд ажиллаж амьдраад одоо маш сайхан амьдарч байна шүү дээ. Миний ээж хүнд буян болдог хүн болохоос энэ мэт гэмт хэрэгтнүүдийг авчраагүй. Тэр хүүхдээ хөнөөсөн гэх эмэгтэй ч гэсэн нүдэнд дулаахан эмэгтэй л харагдсан" гэлээ. Ийнхүү гурван сарын өмнөөс ажиллаж байгаа гэх эмэгтэйтэй уулзах гэсэн боловч мөн л цагдаагийн хэлтэст байцаалт өгөхөөр эзгүй байсан юм.

Төрсөн охин нь мөн эсэхийг шалгуулна

Гурван нас хүртэл нь өсгөж, тэжээсэн хэрнээ ийнхүү хүний санаанд багтамгүй аргаар хөнөөсөнд олон хүн жигшин зэвүүцэж, гайхан балмагдаж байна. Тиймээс нутгийн иргэдийн зүгээс амиа алдсан охиныг төрсөн охин нь мөн байсан уу, үгүй юу гэдгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэдгээ илэрхийлж байв. Тэд “Ямарч эх хүн тодорхойгүй шалтгааны улмаас өөрийн төрсөн үрээ хүний санаанд багтамгүй харгис хэрцгий аргаар хөнөөхгүй. Тэгэхээр өөрийнх нь төрсөн үр биш байж болзошгүй. Юутай ч сэтгэцийнх нь хариу гараг. Эрүүл гарвал төрсөн охин нь мөн байсан эсэхийг шалгуулна. Хэрэв сэтгэцийн өвчтэй бол өвчтэй хүний хийсэн үйлдэл байна гэж ойлгоно” гэсэн юм.

Тэрбээр одоо аймгийн цагдаагийн хэлтэст саатуулагдаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Тус зүйл ангид онц хэрцгий харгис аргаар хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн бол 15-25 жил, эсхүл цаазын ял онооно хэмээн заасан байдаг. Хэргийн талаар аймгийн цагдаагийн хэлтсээс тодруулах гэсэн боловч “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй”гэлээ. Тиймээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Охиноо хөнөөсөн гэх эмэгтэйн талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Батсүмбэр суманд онц хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 37 настай эмэгтэй Ж гэгч нь гурван настай, өөрийн охин М-ийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг гарсан байсан. Хэргийн газар дээр үзлэг хийж, гэмт этгээдийг баривчилж, эрүү үүсгэсэн.

-Эмэгтэй эрүүл байсан уу, согтуу байсан уу?

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Хэдийгээр эмэгтэй охиныхоо толгойг тасдсан гэх аймшигт мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олныг цочирдуулсан ч цагдаагийн байгууллагаас үүнийг үгүйсгэж чадахгүй байгаа юм. Тодруулбал, цогцсыг задлан шинжилгээнд өгсөн бөгөөд шинжилгээний хариуны дараа бүх зүйл тодорхой болно гэсэн юм.

Тэрбээр охиноо заазуураар тасдаж хөнөөсөн гэх мэдээлэл баталгаагүй хэдий ч онц хэрцгий аргаар хүний амь нас хөнөөсөн хэмээн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин тэрбээр цагдаагийн алба хаагчдаас ганц л зүйл хүсчээ. Ж “Би охиныхоо оршуулгыг хийхийг хүсч байна. Охины минь оршуулгад намайг оролцуулж өгөөч” хэмээн гуйсан байна. Түүний сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоож, мөн охины задлан шинжилгээний хариу гарсны дараа бүх зүйл тодорхой болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ