Гэрээ сайтар дулаалбал агаарын бохирдол буурна

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Орон байраа дулаалцгаая” аян нийслэл хотод өрнөж байна. Үүний хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт энэхүү аян үргэлжилж, СХД-ийн Засаг даргын Тамгын газрын байрны урд өдөрлөг боллоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн аж ахуй нэгж, орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, гэр орноо дулаалах зөв дадалд сургах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт энэ сарын 7-21-ний дулаалгын аян зохион байгуулж байгаа билээ.
“Дулаан, эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” гэсэн уриатай энэхүү аяны гол зорилго нь иргэн хүн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтойг иргэдэд сурталчилах юм. Юу вэ гэхээр айл өрхүүд гэр орноо сайтар дулаалснаар түлш бага хэрэглэж, тэрний хэрээр агаарын бохирдол буурахад нөлөөлөх юм.
Энэ өдөрлөгийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийслэлийнхэнд нийлүүлдэг аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Хамгийн гол нь иргэд гэр орноо сайн дулаалчихсан байхад түлшээ 30 гаруй хувиар хэмнэж чадах гэнэ. Дор хаяж 156-189 мянган төгрөг хэмнэнэ гэж үйл ажиллагааг зохион байгуулж буй албаны хүн хэлсэн. Үүгээр ч зогсохгүй эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тустай зүйл шүү дээ. Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах юм билээ.
“Good sharing”компанийг захирлын туслах А.Бүжин:
-Энэ үйл ажиллагаанд ямар бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?
-Манайх G sever буюу сайн хэмнэлт гэсэн нэртэй бүтээгдэхүүнээр оролцож байна. Танай өрх гэрийн түлшийг хэмнэх бүтээгдэхүүн.
-Хэмнэлт хэрхэн гаргах вэ?
-Та өдөрт найман шуудай нүүрс түлдэг бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр хоёр дахин түлш хэмнэнэ. Яагаад гэхээр энэ бүтээгдэхүүн дулаан хадгалахдаа маш сайн. Нэг шуудай нүрсийг 1000-аар бодохоор сард 120 мянган төгрөг түлш авахаас хэмнэж чадна гэсэн үг.
-Яаж хэрэглэдэг эд вэ?
-Суурилуулахад маш хялбархан. Өөрийнхөө ашиглаж байгаа зуухандаа суурилуулаад дээрээс нь яндангаа углачихна гэсэн үг. Тэгээд энэ нь дулааныг хадгалж өгдөг.
-Үнэ нь хэд вэ?
-Өөрийнх нь үнэ 100 мянга. Манайх яндантай нь цуг 135 мянган төгрөгөөр зарж байна. Энэ төхөөрөмжийг “Good sharing” компани үйлдвэрлэдэг, монгол ажилчидтай, материал нь солонгосоос орж ирдэг.
Энэ мэтчилэн шалны халаалт, монгол гэрийн дулаалга, автомашины түлш бага идүүлэгч гэх мэт түлш хэмнэх зориулалтаар ашиглах олон төрлийн техник тоног төхөөрөмж тэнд дэлгэсэн байна билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ