Ш.Сайхансамбуу 12 тэрбум 300 саяыг төлнө

“Нарантуул” олон улсын худалдааны төвд өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр гал гарч, галын улмаас нэг хүн амиа алдан, нийтдээ 411 түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирсон. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг байгуулаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Харин өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын хугацаа дуусч, хохирлын хэмжээ болон галын шалтгааныг тогтоосон байна. Нийтдээ 12 тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд таван тэрбум 430 гаруй сая төгрөгийн барааг галын аюулаас аварсан хэмээн дүгнэлт гарчээ. Энэ нь “Алтжин” ХХК-ийн “САПУ” худалдааны төвийн хохирлын хэмжээнээс гурав дахин их юм.
Харин галын шалтгаан нь цахилгааны богино холбоо үүссэнээс үүдэлтэй хэмээн тогтоосон байна. Ийнхүү “Нарантуул” худалдааны төвийн галын шалтгаан болон хохирлын хэмжээ тогтоогджээ.
Харин энэхүү хохирлыг тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулна гэдэг нь сонин. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд Ш.Сайхансамбуу хохирлыг хэмжээг хүлээн зөвшөөрвөл хохирол барагдуулах ажил эхэлнэ. Харин хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд мөн л дахин мөрдөн байцаалтад буцна. Магадгүй тэрбээр ингэж цаг хугацаа ч хожиж магадгүй.
Мөрдөн байцаалтын явцад түрээслэгчид өөрсдийн бараа материалаа хүний санаанд оромгүй үнэ хэлж, шоконд оруулж байжээ. Тухайлбал, нэг уруулын будгийг 80 мянган төгрөгөөр үнэлсэн байна. “Нарантуул” худалдааны төв бол бусад худалдааны төв, дэлгүүрүүдтэй харьцуулахад хамгийн хямд. Энэ ч утгаараа ихэнх нь үйлчлүүлдэг. Гэтэл нэг уруулын будгийг 80 мянган төгрөгөөр зарагдаж байсан гэдэг нь уншигч таны санаанд багтахгүй байх аа. Энэ бол амандаа орсон тоогоо хэлсэн байдал. Үүнээс гадна тухайн үедээ 13 мянгаар зарагдаж байсан үхрийн нойтон мах гэнэт өсч 18 мянгад хүрсэн байна. Гэхдээ ажлын хэсгийнхэн зах зээлийн үнэлгээгээр үнэлгээ хийсэн байна. Энэ мэтчилэн өөрсдийн дураар дуртай тоогоо хэлсэн түрээслэгчид чамгүй олон. Энэ байдлаас үүдэн хугацаа алдсан. Угтаа бол галын шалтгаан болон хохирлын хэмжээг 14 хоногтоо багтаан гаргана гэж байсан. Гэвч 40 гаруй хоногийн дараа тогтоогдлоо.
Ийнхүү хохирогчид нь амьдралаас тасарсан үнэ нэхэж байхад “Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбуу ч зүгээр суугаагүй бололтой. Тэрбээр хохирогчдын төлөөлөлтэй уулзаж, чимээгүйхэн “наймаа” хийсэн сурагтай. Гал гарсны дараахан өдөр шөнөгүй тэмцэж байсан хохирогчдын төлөөлөл гэсэн хэдэн нөхөд чимээгүй болсон ийм учиртай байжээ. Өөрт ашигтай “наймаа” хийсэн хохирогчдын төлөөлөл мөрдөн байцаалтын явцад түрээслэгчдэд “адилхан монгол хүмүүс шүү дээ” гэх мэтчилэн үгч чулуудаж, нөгөө тархи угаах гэсэн аргыг хэрэглэж байсан байна.
Ямартай ч хохирлын хэмжээ тогтоогдлоо. Харин Ш.Сайхансамбуу Г.Алтан шиг олны өмнө төлнө хэмээн бардам хэлж, буруу харж зангаа таниулах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Учир нь Г.Алтангийн хохирлыг барагдуулах асуудал өнөөдрийг хүртэл сунжирсан байгаа. Энэ мэт байдал үүсэхгүй гэдэг баталгаа байхгүй.
Б.Тэмүүлэн




СЭТГЭГДЭЛ БИЧИХ