Гурван Магнайн тавилан

Шинэчлэлийн засгийн газрын ганц “магнай”

Отгонжаргалын Магнай. Энэ залуу 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн өдөр нь нэгдүгээр сарын 11. Одоо 30 гарсан ч эхнэргүй, найз бүсгүйн чимээ ч дуулгаагүй л явна. Ажлын төлөө төрсөн хүн юм байлгүй дээ. Угаасаа ний нуугүй ярихад хүүхнүүд ажил ажил гэсэн хүнд нүүр тал өгөх нь ховор доо. Гэхдээ амжилттай яваа залууд хайраа илчлэх бүсгүйчүүд мэр сэр бий биз.

Түүний ээж Отгонжаргал нь МУИС-ийн түүхийн багш. Тэрбээр оюутнууддаа 1911 оны хөдөлгөөн, 1921, 1990 оны хувьсгалын тухай хичээл заадаг мундаг мэдлэгтэй багш. Нэгэн үе би ч энэ багшийн шавь болж, лекцийг нь сонсож явлаа.

"Гудамжны жагсагч" гэх муу тодотголтой байсан О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болоод нэлээд удлаа. Цагаан хоолой барьж тэмцэж явсан энэ хөөрхөн бондгор залуу шаггүй зоригтой, хийе гэснээ хийдэг нэгэн байдаг шүү. Шинэчлэлийн засгийн газрын “ түрүү магнай” болж байгаа хүн гэхэд хилсдэхгүй.

Энэ албыг аваад олон ч зүйл хийлээ хөөрхий. Олон ч шударга бус зүйлтэй тэмцлээ. Тэмцсээр ч байна. Улсын хөрөнгө мөнгө идэж уучихаад, ажил хийж байгаа ч юм уу, үгүй ч юм уу яаж байгаа нь мэдэгдэхгүй, сандлын ард шигдэн тансаглаж байгаа дарга нарыг бодоход муу, сайн нэр зүүсээр ажиллаад байгаа юм шүү.

Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Юу ч хийхгүй байсан бол өөгүй өндөг шиг магтуулаад л сууж байх биз. Тэрбээр саяхан“Монголд таксины шинэ стандарт нэвтрүүлж, км-ийн үнийг 1000 төгрөг болгохоор шийдвэрлэлээ” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг цуглуулан мэдээлэл хийснээр буруутаж, хэдэн өдөр хэвлэлийн муу мэдээний бай болж, Монголын ард түмний хараал идсэн.

Ер нь яг үнэнийг хэлэхэд буруутаад байх ч юу байхав. Үнэхээр дэлхийн стандартад нийцсэн такситай сайхан хотод иргэдээ тав тухтай амьдруулъя гэж л бодсон байх. Ард түмнийг ийнхүү эсэргүүцнэ гэж бодоогүй байх. Би амьхандаа түүнийг өөр ямар нэг санаа агуулаагүй гэдэгт итгэж байна. Авилгал, хээл хахууль, шударга бус зүйлийн төлөө тэмцэгч энэ эр бусдын ятгалгад орон гэдэгт итгэл төрөхгүй байна.

Ийнхүү олон зүйл нуршихгүйгээр ганцхан зүйлийг хэлье. Тэр буруутаж, түргэдсэнээ мэдээд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ард түмнээсээ уучлал гуйж чадсан. Ийм шударга, зоригтой, буруугаа хүлээх зан Монголын улс төрчид, хээл хахуулийн бай болсон нөхдүүдэд дутагдаж байгаа юм шүү.

О.Магнай 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг, мөн 2004 онд Хууль Зүйн Сургуулийг төгссөнэрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй.
Тэрбээр 2002-2005 Санхүү, Эдийн Засгийн яаманд гурван жил мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2005-2007 Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч болсноор олонд танигдаж эхэлсэн юм.

2007 онд жил орчим хугацаанд ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бол 2008 онд Иргэний Хөдөлгөөн Намын дэд дарга болж, УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд 3000 хүний санал авсан гэдэг. Гэсэн ч саналаа луйвардуулсан гэж үзэн 7-р сарын нэгэнд Сүхбаатарын талбай дээр олон нийтийг жагсаалд уриалснаар “Долдугаар сарын нэгэн” гэх хар өдрийг зохион байгуулагч болж нэг хэсэг буруутсан. Тэрбээр "Ганц худаг"-т 60 хонохдоо таван хоног өлсгөлөн зарлаж, бие нь муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар суллагдаж байв.

Түүний хавтаст хэрэг 18000 орчим хуудастайбайсан нь Монголын гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон хуудас материал цугларсан хэргүүдийн нэг болсон гэж өөрөө тодорхойлжээ. Бас “Ж.Батзандан, О Магнай гэдэг улсууд бол нийгмийн үзэгдэл юм. Энэ хүмүүс одоо юу гэдэг юм, шоронд ороод тэр чигээрээ дуусах юм бол энэ нийгэмд дахиж жагсах, дахиж тэмцэх, дахиж үнэний дуу хоолой болох залуучууд гарч ирэхгүй” гэсэн байна.

Монголын идэвхитэй “жиргээчид”-ийн тоонд ордог тэрбээр зарим нэг жиргээнээсээ болж олны хэл ам, шүүмжлэлд өртөх нь бий. Гэхдээ жиргээгээ зогсооно гэж үгүй шүү.

Н.Энхбаярыг баривчлагдсан явдалд тэр ямар байр сууринаас хандсаныг хүргэе. Тэрбээр “Яахав, тэр хүнийг хаан байхад үүдэнд нь байсан хэдэн нөхдүүд боорлож байхад бид нэрмээс болж янз бүрийн юм ярих утгагүй биз дээ. Ядарсан хүнийг дээрэлхээд, задарсан нэгэнд нь долигоноод байх зан надад байдаггүй. Энэ миний зарчим” гэжээ.

Нэгэн үе түүнтэй хамт тэмцэж явсан Ж.Батзандан өдгөө УИХ-ын танхимд шударга ёсны төлөө дуу хоолой болж яваа бол О.Магнай ч мөн ялгаагүй хэрэглэгч олон түмний эрх ашгийн төлөө тэмцсээр л явна.

Цаашид олон жил ажиллаж, олон шударга бус, хууль бүс зүйлсийн эсрэг тэмцээсэй.

Харахад хөмсгөө зангидаж, уруулаа цорвойлгосон, номын нөхөр шиг харагддаг ч бас л хүн юм хойно тэр хөгжим дуунд дуртай, спортод сонирхолтой. Дуртай дуу нь 1990 -ээд онд хит болж байсан F.R David-ын "Words don`t come easy".

Харахад л инээд хүрмээр

Магсаржалам овогтой Баярмагнай. 1978 оны 10-р сарын 6-нд Баянхонгор аймагт төрсөн. Найзууд нь түүнийг Магнай гэж дууддаг. Тиймээс ч гурван Магнайн тавиландаа сонгож авсан юм. Түүнийг төрж байх үед Баянхонгорт Баярмагнай гэж нэртэй хүмүүс их байсан гэж ярьдаг юм билээ. Би тэр үед төрөөгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна.

Хошин урлагийн “Маск” продакшныг үүсгэн байгуулагч гурван хөгжилтэй “товариш”-ын нэг. Хамгийн инээдтэй царайтай хүн гэж байгаа. Түүнийг жүжиг тоглоогүй байхад нь ч харахад өөрийн эрхгүй инээд хүрээд байдаг гэж олон хүний амнаас сонсож байв. Үнэний ортой байх шүү. Зурагнаасаа ч инээдтэй царайтай хүн л дээ.Тэрбээр эхнэр хоёр хүүхдүүдийн хамт “Marshal town” хотхонд аж төрдөг. Түүний гэргийг Нарантунгалаг гэдэг бөгөөд Төв аймгийнх. “Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн нэг удаа тэднийд очиж хоноход эхнэрийг нь харж байсан юм даг. Дажгүй хөөрхөн хүүхэн харагдана лээ. Тэр өмнө нь Мисс Шүрэнчимэгтэй ханилж яваад хоёр тийшээ болсон гэсэн. М.Магнай эхнэрийнхээ нутагт очих их дуртай гэнэ билээ. Тэгээд очих бүртээ хадам аавдаа томоохон бэлэг бэлтгэдэг заншилтай гэсэн.

Тэр байхдаа дуу хөгжим их сонирхдог, кино үзэх дуртай, ерөөсөө л урлагт дуртай хүүхэд байж. Сургуулийнхаа урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд их оролцдог, спортод ч сонирхолтой байсан аж. Жүжигчин болно гэж зүтгээд байхад нь гэр бүлийнхэн нь эхэндээ дургүйцэж байж. Гэвч түүний хүсэл тэмүүлэл эцэг эхийнх нь эсэргүүцлийн ялан дийлжээ.

М.Магнайгийн ээж нь цэцэрлэгийн багш, аав нь хөдөлмөрийн багш бөгөөд маш сайхан хөгжим тоглодог хүн байдаг гэнэ. 1986-1996 онд Баянхонгор аймгийн Нэгдүгээр 10 жилийг төгсч, улмаар 1996-2000 онд СУИСургуулийн кино драмын ангид суралцаж төгсчээ. Сургуулиа төгсөөд 2002 оноос хошин урлагт хөл тавьж байсан мань хүн “Эрхэм элч”, “Өнгөт инээд” зэрэг инээдмийн хамтлагт ажиллаж байгаад 2007 оноос П.Эрдэнэзаан, Мөнхсайхан хоёртой туурга тусгаарлаж “Маск” продакшнийг байгуулсан гэдэг. Тэр гурвын дотуур хувцастайгаа авахуулсан нэг хошин шогийн зураг олон ч сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аялж, хэл амны бай болсон доо. Харахаар инээд хүрээд байдаг юм. Цол гуншин гэвэл Соёлын тэргүүний ажилтан, Тэргүүний залуу алтан медаль, хамтлагаараа “Азтай бадарчин” цомын эзэн, Ардчилсан СЗХ-ны “Алтан од” шагнал мэргэжлийн жүжгийн дууны анхдугаар тэмцээнд тэргүүн байр эзэлж байж.

Багадаа “Монхоо” хочтой явсан тэрээр насан багын найзуудаа хаядаггүй жудагтай эр гэлцдэг. Унаган багын найз Жаргалдаа нэгэн удаацоо шинэ “Аксент верна” маркийн автомашиныг тоглолтынхоо орлогоор авч өгчээ. “Найзынх нь тоглолт овоо байлаа. Миний найз наадхаараа хөл залгуул. Халтуур хийгээд амьдрал ахуй чинь дээшилдэг бол хий. Хүн ажилгүй л байж болохгүй шүү” гээд түлхүүрээ шууд өгч байсан гэдэг шүү.

Бас ч үгүй Монголдоо алдар цуутай, харцуулын харцыг булаасан хэд хэдэн хүүхэнтэй нэр холбогдож явсан эр. Нэгэн удаа “Киви” хамтлагийн шаргал үст Укатай нэр холбогдож багагүй шуугиан тарьж байсан. Тэрбээр Укагийн дугаарыг олж авснаас хойш өдөр шөнөгүй залгаж, залхаасан гэх юм билээ. Мөн мэргэжил нэгтХ.Одмаа хэмээх бүсгүйтээ амрагийн холбоо тогтоож байсан хэмээн нилээдгүй шуугиан тарьсан. Х.Одмааг МҮОНТ-ийн Гэрэлтэй цонх нэвтрүүлгийн редактор, хөтлөгч гэдгээр нь хүмүүс мэднэ дээ.

Түүний хайр сэтгэлийн бас нэгэн паянг дэлгэвэл тэрбээр оюутан байхдаа ямар ч бүсгүйг найрчихдаг сэргэлэн нэгэн байж. Тиймдээ ч дуучин Оюумаад дурлаж нүүр өгөхгүй болохоор нь зургийг нь хүртэл нандигнан хадгалчихаад зурагтай нь ярьж суугаад дотуур байрныхаа хэсэг нөхдөд баригдаж хөгөө чирж байсан удаатай гэсэн шүү. Эр хүн бүрт л ийм хөгтэй явдал тохиолддог байлгүй дээ.

Хүүхэд шиг найзархуу гэнэн зан, сайхан сэтгэл нь дэндсэн түүнд олон хобби бий. Хамгийн дуртай зүйл нь ан хийх. Өдөржин тарваганы нүх сахиж хэвтсэн ч тэр ядрахгүй, шантрахгүй. Бас сагс, шатар тоглох, тэр ч бүү хэл бөх барилдах сонирхолтой гэсэн. Тэр ч утгаараа Монголын үндэсний бөхийн холбооноос 4096 бөхийг нэгэн зэрэг барилдуулж, Гиннесийн номд бүртгүүлэх ажилд өөрийн биеэр оролцож байсан. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг энэ дээ.

186 см өндөр, биеийн жинг нь тодорхойлж мэдэхгүй юм. Сүүлийн үед нэмэгдэж хасагдсан байж мэдэх тул. Ямартаа ч нэлээд мяраалаг тэрбээр Монголын анхны 3D кинонд жижигхэн боловч кинонд чимэг болмоор дүрд тоглосон билээ. Энэ дүр нь хөдөөний хашир хэрнээ юм юманд гap дүрж, хэрэгт дурлаж явдаг тийм нэг өвгөн.

“Залины хүүдий”

Батсүхийн Магнай. 1988 оны дөрөвдүгээр сарын 26-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрж өссөн. Эгэл даруухан нэгэн залуу. Одоо эгэл даруухан нэгэн болсон болохоос энэ залуу арван жилийн сурагч байхдаа нэлээд хөдөлгөөнтэй, ёстой нөгөө “Залины хүүдий” гэж нэрлэгддэг хүүхэд байжээ. Энэ хүүхдийн залийг дийлэх гэж багш нар нь ч нэлээд хэцүүддэг байсан гэх.

Харин том болоод огт өөр, даруу төлөв нэгэн болчихож. Сонин шүү. Хүн багийнхаа төрхөөрөө байдаггүй, өөрчлөгддөг гэж үнэн юм билээ.

Аав ээж, эх, дүү охины хамт амьдардаг Б.Магнай их гэрсэг. Оюутан болоод гэрээсээ хол хэдэн жил амьдрахдаа үүний зовлонг ойлгож мэдэрсэн гэнэ. Хөдөө орон нутгийн, да ялангуяа хол аймгийн хүүхэд болохоороо тэр бүр гэртээ хариад байж чадахгүй, аав ээж, ах дүүтэйгээ утсаар л ярина. Харин одоо Улсынхаа нийслэл Улаанбаатарт найзынхаа гэрт амьдарч, ажиллаж байна.

Ганц бие хүн ганцаараа амьдрах хэцүү шүү дээ. Өглөөнөөс орой хүртэл ажилладаг түүний хувцас хунарыг найзынх нь гэргий угааж индүүдээд, халуун хоол унд бэлдээд угтдаг гэх.

Ямар ч байсан ойрын хугацаанд тусдаа гарах гээд цалин мөнгөө хойш хурааж байгаа бас л амьдралын төлөө тэмцэж яваа залуу шүү.

Уг нь 2006 онд Улаанбаатарт ирээд ИЗИС-ийн Аялал жуулчлалын ангид элсэн орж 2010 онд төгсчээ. Гэхдээ одоо энэ мэргэжлээрээ ажилладаггүй. “BSB” компанид нярав хийдэг.

Оюутан байхдаа хүүхэд бүр л сэтгэлийн хөөрлөөр мэргэжлээ сонгосондоо ч тэр үү, аль эсвэл дуртай байсан ч мэргэжлийнх нь ажил олдохгүй зовлон тохиолддог шүү дээ. Тэдний нэг нь Б.Магнай болж. Гэхдээ одоо хийж байгаа ажил, авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун нэгэн.

Хааяа найз нөхөдтэйгээ уулзаж нийлж дарвих дуртай. Ер нь дургүй хүн байхгүй л дээ. Гэхдээ зарим нэг нөхдүүд шиг архи дарс хэтрүүлэн хэрэглэж, хэл аманд өртдөггүй. Ийм л нэгэн эгэл залуугийн тавилантай та бүхэн танилцлаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ