“Хархорин”-ы түрээслэгчид “шахагдаж” мэднэ

“Хархорин” захаар орлоо. Тэндэхийн түрээслэгчдээс 1,5 сая төгрөг барьцаанд авч шинэ барьж байгаа худалдааны төвд байрлал сайтай лангуу сонгох эрх олгож байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
Ил задгай захынхан манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд естой л жинхэнэ тэвчээртэй, миний бодлоор амьдралын төлөө халуун, хүйтнийг ч үл ажран зогсдог зоригтой хүмүүс. Гэхдээ зоригтой байлаа гээд мөнгөний төлөө эрүүл мэнд, гоо сайхан, үр хүхэд, ар гэрээ умартах шахам л ажиллаж байгаа нь өрөвдөлтэй. Амьдрал нь юм чинь арга ч үгүй юм уу даа.
Сэтгүүлч би “Хархорин” руу очдог өдөр жихүүн салхитай, нэлээд хүйтэн өдөр байв. Наймаачидтай нь уулзаад ярилцаж байхад “Үүнийг хүйтэн гэдэггүй юм аа. Өвлийн тачигнасан 30 хэмийн хүйтэнд биднийг яаж өдөржин гадаа зогсдог гэж бодож байна. Бодох ч юм биш” гэцгээж байсан. Нээрээ ч тийм л дээ. Хүн өөрийн биеэр зовлонг нь туулж байж хүний зовлон ойлгодог гэж ярьдаг даа.
“Ямар ч байсан шинэ төв маань баригдаад л байна. Ирэх жил ашиглалтад орох юм гэсэн. Тэгвэл бид хэд гялайлаа даа. Ядаж нуруу тэнэгэр наймаагаа хийхэд аштай юу даа” хэмээн ярьцгаах юм.
Ямартай ч тэндэхийн наймаачид шинэ худалдааны төвөө ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж буй бололтой. Эрүү өвдөг нь нийлэх шахсан хөөрхий эмээ тамхи, чихэрхэн зараад сууж байх юм. Одоо тэсгим хүйтэн өвөл айлчлан ирж байдаг. Энэ эмээ өвөлжингөө суух юм байх даа гэж бодохоос өрөвдөх сэтгэл төрөв.
Наймаачид энэ 1,5 сая төгрөгийн асуудалд олон талаас хандаж байгаа нь мэдрэгдэж байсан. Арай боломжийн наймаа эрхэлдэг, хэд хэдэн лангуу түрээсэлдэг хүмүүс нь дэмжих хандлагатай зүйл ярьж байна билээ. Харин бусдад нь энэ мөнгөний тоо хатуухан сонсогдож байгааг хэлж байсан. Гэхдээ мэдээж мөнгө байсан бол хэн ч гэсэн байрлал сайтай, аль болох тохь тухтай газрыг нь өөрийн болгохыг эрмэлзэх нь ойлгомжтой. Тэгэхээр л энд зах зээлийн шударга бус хууль үйлчлээд байгаа юм.
Албаны хүний хэлснээр Хархорин“ худалдааны төв 2014 оны дөрөвдүгээр улиралын эхээр ашиглалтад орох юм байна. Энэ ашиглалтад орсноор задгай зах тэр чигээрээ байхгүй, том худалдааны төвтэй л болох юм. Сайхан мэдээ шүү уг нь.
Харин нэг асуудал тулгараад байгаа гэх. Одоогоор “Хархорин” зах 1150 түрээслэгчтэй аж. Гэтэл шинэ төв рүү орох саналтай хүмүүс нь 1600 гараад явчихсан гэнэ. Захын үндсэн түрээслэгчдээс гадна гадны 500-аад хүн энд лангуу түрээслэх саналаа захын захиргаанд ирүүлсэн гэнэ. Захын ерөнхий менежерийн ярьж буйгаар 1,5 сая төгрөгийн барьцаатайгаар лангуу сонгуулж байгаа нь өөрсдийн түрээслэгчдийн ажлын байрыг баталгаатай болгож байгаа бас нэг хэлбэр нь юм гэнэ.
Зах зээлийн хуулиараа мөнгө төгрөг гайгүй нэг нь байрлал сайтай ажлын байртай болохоос гадна гадны түрээслэгчдээс өрсөж ажлын байраа баталгаажуулж чадаж байна. Гэтэл мөнгө төгрөг муутай үлдсэн хэдэн түрээслэгч нь гаднаас түрээслэх саналаа илэрхийлээд байгаа хүмүүсийн сүр хүч, мөнгө төгрөгөнд дарагдаад “шахагдаж” ч магадгүй болоод явчихлаа л гэсэн үг.
Ямартаа ч ирэх жил бүх зүйл тодорхой болох байх. 18,7 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр баригдаж буй энэ худалдааны төвийг ашиглалтад орохоор нь түрээсийг нь бусад худалдааны төвийн жишгээр тогтооно гэсэн. Өнгөрсөн жил ашиглалтад орсон хүнсний захын хувьд сарын түрээс нь 450-500 мянга. Зарим жижиг лангуу нь 200 мянга гээд түрээс нь янз бүр. Талбайн хэмжээнээсээ шалтгаалаад. Тэгэхээр энэ шинэ худалдааны төв ч гэсэн талбайн хэмжээнээсээ шалтгаалж түрээс нь өөр өөр байх юм. Ямар ч байсан одоо өгч байгаа түрээснээсээ 2-3 дахин их төлөх нь ойлгомжтой.
“Хархорин” захын ерөнхий менежер Б.Содномдорж: Мөнгө өгч байрлал сонгохгүй байсан ч болно
-Хархорин захыг түрээслэгчдээсээ 1,5 сая төгрөг авч байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Ямар учиртай мөнгө аваад байгаа юм?
-Манай зах барьж байгааг та бүхэн мэдэж байгаа. Түрээслэгчдийг бүгдийг нь мөнгө өг гээгүй. Шинэ барилгад боломжит байрлалаа урьдчилаад сонгох хүсэлтэй хүмүүсээс барьцаа маягаар авах мөнгө. Буруугаар ойлгосон байна. Өөрийнхөө хүслээр гол гол байрлалуудаа барьцаатайгаар сонгож байна л гэсэн үг.
Мөнгө өгөөгүй хүмүүс нь яана гэсэн үг вэ?
-Мөнгө өгч байрлал сонгохгүй байсан ч болно. Үлдсэн байрлалуудыг нь сонгоно шүү дээ. Тэгэхгүй бол энэ олон хүмүүс байрлалаа булаалцалдаад байна.
-Хураасан мөнгөө яах вэ?
-Барьцаанд үлдэнэ. Том барилга болохоор хувь хүний үйл ажиллагаатай холбоотой гал түймэр гэх мэт эрсдлээс хамгаалсан барьцаа хөрөнгө гэж ойлгох хэрэгтэй.
“Хархорин” захын түрээслэгч: Ямар тийм чадал байх вэ дээ
-Танай захын түрээслэгчдээс шинэ худалдааны төвд байрлал сайтай лангуу сонгоход 1,5 сая төгрөг авч байгаа гэсэн. Сонссон уу?
-Сонссон. Хэд хоногийн өмнө захиргаанаас хүмүүс явж хэлсэн гэсэн. Би байгаагүй болохоор тодорхой сайн мэдээлэл аваагүй л байна.
-Та 1,5 сая төгрөг өгөөд шинэ худалдааны төвд байрлал сайтай лангуу түрээслэх үү?
-Ахад нь ямар тийм чадал байх вэ дээ. Өдрийн хоолны мөнгөө аргалдаг л наймаа хийдэг хүн шүү дээ. Янз бүрийн гутлын улавч, оймс зардаг. Сарын түрээс нь 10000. Нэмээд өдөр бүр 2000 төгрөг өгдөг. Нийлээд сард 70-аад мянган төгрөгийн түрээс төлдөг гэсэн үг. Яах вэ түрээс нь гайгүй хөөрхий. Одоо харин тэр шинэ худалдааны төв рүүгээ орохоор түрээс нь хамаагүй нэмэгдэх юм гэсэн. Бид нар шиг аар шаархан зүйлс зардаг хүмүүст хүндхэн тусах байх.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ