Ирээдүйд биднээр байлдаж тоглох вий

Одоогоор дэлхийн хүн амын бараг тал хувь, 90 гаруй улс цэвэр усны дутагдалд орсон тухай ДЭМБ-аас мэдээлэв. Цэвэр усны хэрэглээ жил тутам хоёроос дээш хувиар өсч байгаа нь 21 жил тутамд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ хараахан усгүй болж, хатаж үхэх дээрээ тулаагүй билээ. Тийм байдалд хүрэхгүйн тулд харин одооноос усны зөв менежмэнтийг аль ч улс оронд хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгараад буй.
Яагаад үүнийг ярих болов гэж бодож байна уу. Тэгвэл “цэнхэр алт” болсон цэвэр усыг хайр гамгүй хэрэглэж байгаа байгууллагууд, тэр дундаа авто машин угаалгын газруудын хэтэрхий даварсан байдлыг бичих гэсэн юм.
Нийслэлд ойролцоогоор 100 гаруй машин угаалгын газар байдаг гэсэн мэдээллийг Усны газраас өгч байна. Түүний 70 орчим хувь нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон байдаг гэнэ. Энэ нь бидний өдөр бүр ундандаа хэрэглэдэг усыг шууд аваад л машин угааж байна гэсэн үг.
Нэг машин угаах үнэ дунджаар 8000 төгрөг. Өдөрт багадаа таван машин угаахад 40 мянган төгрөг болно гэсэн үг. Харин нэг машин угаахад ойролцоогоор 30 литр ус зарцуулдаг гэж байгаа юм. Гэхдээ энэ нь машин угаалгын газрынхны өөрсдийнх нь хэлдэг тоо болохоор албан ёсных биш гэсэн үг.
За яахав нэг машиныг 30 литр усаар угаадаг байлаа гээд тооцоод үзье. Нэг угаалгын газарт өдөрт дунджаар 30 машин угаадаг гэе. Өдөрт 90 угаалгын газар нийт 2700 машин угаадаг гэсэн үг байх нь. Тэгэхээр өдөрт 80-аад тонн цэвэр ус ус цэвэрлэх байгууламж руу урсаж байгаа юм. Энэ тийм бага тоо биш. Яагаад гэвэл 2020 он гэхэд манай улс усаар гачигдаж мэднэ гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргаад буй. Ийм сэрэмжлүүлэг өгчихөөд байхад энэ бол дэндсэн, замбараагүй хэрэглээ гэдгийг юм мэдэх нэг нь хэлэх биз.
Техник технологийн хөгжил нь манайхыг хол хаясан америкууд нэг машин угаахдаа 250-500 литр ус зарцуулдгаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд ч машин угаалгын газрынхны хэлсэнд итгэхгүй байх үндэслэл үүнээс өөр олон бий. Ганцхан алчуур угаахын тулд өндөр даралттай усыг хайр найргүй асгаж байгааг захын угаалгын газарт очоод харж болно. Зөвхөн үүнд л 30 литр ус хангалттай зарцуулж байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.
Ус ашиглалтыг зохицуулах албаны мэргэжилтний хэлж буйгаар машин угааж байгаа бодис, угаахад бууж байгаа моторын тос гэх мэт нь усыг маш ихээр бохирдуулдаг гэнэ. Энэ нь цаашлаад байгальд хаягдахдаа Туул голд нөлөөлөх хэмжээнд хүрдэг гэх.
Яг чин үнэнээр нэг машиныг хэдэн литр усаар угаадгийг нь мэдэх гэж хоёр гурван угаалгын газраар орлоо. Энэ тухай хэлэх байтугай ганц үг ч амнаасаа цухуйлгахгүй шинжтэй.
Байгууллагын нууц гэдэг юм билээ. Захын машин угаалгын газраар ороход л даралттай шүршүүрээр хайр найргүй шүрших машин угаагч залуус харагдана. Зарим нь бүр машинаа угааж байхдаа нэгнийгээ “угааж”, нэг ёсондоо усаар тоглож байх юм. Өнөөдөр бид усаар байлдан тоглож байгаа, харин ирээдүйд ус биднээр байлдаж тоглох юм биш биз. "Цэнхэр алт"-ны төлөөх дайны чимээ улам наашилсаар байна.
Авто угаалгын газрууд өчнөөн тонн цэвэр усыг зүгээр л нэг асгаж байж, зарим нь бүр төлбөр төлөхөөс ч зайлсхийж, өөрсдөө худаг ухаад тусгаар тогтнодог сурагтай. Харин төлбөр төлдөг нэгнээс нь дэндүү бага хураамж авдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, УСУГ-тай гэрээтэй байгууллагуудаас сард шоо метрийг нь цэвэр ус 281, бохир ус 161 төгрөгөөр тооцон авдаг юм байна. Гэвч өдөрт хэчнээн зуун тонноор нь цэвэр ус асгаж буй машин угаалгын газрынханд энэ хэтэрхий бага үнэлгээ байлтай.
Цэвэр усаа бохир цэвэрлэхэд ашиглаж, хайр найргүй цацаж байгаа нь харамсалтай санагдахгүй байна гэж үү. Нэг дүүрэгт л гэхэд тав, арваараа эгнэн ус гарздаж буй даварсан угаалгын газруудыг цөөлөхгүй бол усны хомсдол улам л ойртсоор.
Харин сүүлийн үед таатай мэдээ сонсогдох боллоо. Ус сувгийн газраас энэ даварсан үйлдлийг цэгцлэх ажлыг удахгүй эхлүүлэх гэнэ гэсэн сургаар тус газрын дарга С.Үнэнтэй холбогдсон юм.
-Танайхаас авто машин угаалгын газруудтай цэвэр усны төлөө тэмцэх гэж байгаа гэж сонслоо?
-Одоохондоо аль газар тооллого хийх, ямар арга хэмжээ авах гээд бүх зүйл тодорхой болоогүй байна. Ямар ч байсан энэ газруудтай хариуцлага тооцож ажиллахаар болсон. Ажил хэрэг болсны дараа тодорхой мэдээлэл өгнө.
-Арав алхаад автомашин угаалгын газар таардаг болжээ. Тэр хэмжээгээр тэд цэвэр ус хайр гамгүй хэрэглэсээр л байна шүү дээ?
Ер нь үүнийг цэгцлэхгүй бол үнэхээр замбараагүй болж байна. Миний сонссоноор 45-48 авто угаалга манайхтай гэрээтэй юм гэсэн. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Манай улс өнгөрсөн онд саарал усыг ашиглах тухай хуулийг баталсан.Хууль гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч. Гэвч ажил хэрэг болж, саарал ус ашиглаж байгаа байгууллага хүний урманд алга. Хэзээ нэг цаасан дээрхээ ажил хэрэг болгодог дарга нар юм бол бүү мэд. Бодохоос заримдаа гомдох юм даа. Төрийн төлөө оготоно боож үхнэ гэгчийн үлгэр болох нь шиг байна.
Бас өнгөрсөн оны тавдугаар сард Байгаль орчны багц хууль батлагдсан. Энэ хуульд багтаж буй Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд усны үнийн тарифыг нэмэх тухай заалт орсон байгаа. Гэхдээ өнөөг хүртэл усны үнийг нэмсэн юм алга.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ