Охиндоо “Ээжийн сүнс” хэмээн ухаангүй хайртай ч...

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэх газар гурван настай охиноо хөнөөсөн ноцтой хэрэг нийгмийг цочроогоод байна.
Ямар шалтгааны улмаас балчир охиноо хөнөөсөн нь одоо хэр тодорхойгүй байгаа юм. Одоогоор охиноо хөнөөсөн Жинжиймааг аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байгаа билээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн хэмээн хэрэг үүсгээд байгаа.
Мөн тэрбээр сэтгэцийн өвчтэй болох нь нотлогдоод буй. Тодруулбал, тэрбээр ээжтэйгээ хамт “Хүчит шонхор” худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн буюу малын гэдэс ангилж зардаг байсан ба тэр Жинжээ гэдэг ч тэр хавийнхан түүнийг Жинжиймаа хэмээн дууддаг байжээ.
Ээж нь өвчний улмаас зургаан жилийн өмнө буюу 2007 онд нас нөгчсөнөөс хойш сэтгэл санаагаар унаж, наймаагаа тогтвортой хийхээ больжээ. Хааяадаа захаар үзэгдэн алдаг оног наймаа хийж байгаад 2010 онд охинтой болжээ.
Улмаар төрөхийн хүндрэлтэйгээр охиноо төрүүлснээс хойш ийнхүү сэтгэцийн өвчтэй болсон гэдгийг хүмүүс ярьж байв. Хэдийгээр сэтгэцийн өвчтэй ч Жинжиймаа охиноо үргэлж дагуулан явж, амттай шимтэйг нь охиндоо өгч, олсон хэдэн төгрөгөөрөө охиноо цэвэрхэн хувцасладаг байж.
Хүчит шонхорын таних хүмүүс түүнд хоол өгөхөд “Би зүгээрээ, миний охинд өг” хэмээн үргэлж охиноо гэдэг байсныг тэндхийн худалдагчид хэлж байгаа юм.
“Миний ээжийн сүнс”...
Түүнийг сайн мэдэх “Хүчит шонхор” худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн зардаг Ч гэх эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг Жинжиймаагийн ээжийн найз гэж сонслоо. Жинжиймаагийн тухай мэдэх үү?
-Мэдэлгүй яахав. Их сэргэлэн, цовоо хөөрхөн охин байсан. Гэвч ээжийгээ нас барснаас хойш сэтгэл санаагаар унаж, дараа нь охиноо төрүүлснээсээ хойш сэтгэцийн өвчтэй болсон.
-Охиных нь аав ямар хүн байдаг вэ?
-Нөхөргүй. Тэгээд л энэ хавийнхан тэрний, энэний хүүхдийг гаргасан гэж ярьдаг байсан. Жинжиймаагийн өөрийнх нь аав Пэрэнлэй гээд хөгшин бий. Эхнэрийгээ байхад энд хамт дайвар бүтээгдэхүүн зардаг байсан. Тэгээд саяхнаас наймаа хийхээ больсон. Саяхан сонсох нь ээ их дэлгүүрийн ард хог түүгээд явж байна гэсэн.
-Охинтойгоо хэр харьцаатай байсан бол?
-Хойд аав нь. Гэхдээ тэглээ гээд хэзээ ч Жинжиймаатай муухай харьцаж байгаагүй. Амаржсаных нь дараа хүртэл эндээс мах аваад охиноо эргэнээ, шөл хийж өгнө гээд л явдаг байсан.
-Жинжиймаа архи дарс уудаг байсан уу?
-Би лав архи дарс уугаад согтуу хөлчүү явж байхыг нь харж байгаагүй. Охиноо хөтлөөд л “Миний ээж наддаа ирсэн” гээд л яваад байдаг байсан. Тэгээд над дээр ирээд “Найзыг чинь аваад ирлээ. Сайхан хуучлаарай” гээд л байдаг байсан. Охин нь ч их хөөрхөн, ээжийнхээ үгэнд сайн ордог байсан.
-Аль сургуульд багшилдаг байсан юм бол?
-Баянхошууны нэг сургуульд физикийн багш хийж байгаад долоо ч хонолгүй гарч байсан. Тэгээд л энд ирж ээждээ тусалдаг байсан. Охиноо хөнөөсөн гэхээр үнэхээр итгэж чадахгүй байна. Хамаатнууд нь ч гэсэн Жинжиймаа “Ээжийн сүнс” гээд аминаасаа илүү хайртай байсан охиноо яагаад хөнөөв гэж гайхаж байна лээ.
-Та хамаатнуудтай нь уулзаа юу?
-Тийм. Хэдэн худалдагч нар нийлж хэдэн төгрөг хураагаад тэгээд аваачиж өгсөн. Энэ “Нарантуул-2”-т дайвар бүтээгдэхүүн зардаг хамаатных нь гурван хүн байдаг юм.
Ингээд Жинжиймаагийн хамаатан гэх О-той утсаар холбогдлоо.
-Танай хамаатан Жинжиймаагийн талаар тодруулах гэсэн юм?
-Аан тийм үү. Эгч нь сайн мэдэхгүй ээ. Нэг тэнэмэл юм энүүгээр яваад л байдаг байсан. Гэтэл саяхан охиноо хөнөөсөн гэх юм.
-Та хамаатан нь биз дээ?
-Тийм. Гэхдээ тийм ойр дотно байгаагүй ээ. Зах дээр тааралдвал л нэг мэндийн зөрүүтэй явдаг байсан. Уг нь ойрын хамаатан. Гэхдээ ээжтэй нь ч ойр дотно байгаагүй. Илүү мэдээлэл авмаар байгаа бол ааваас нь эсвэл аавынх нь охиноос авахгүй юу. Эгч нь юу ч мэдэхгүй гээд утсаа тасаллаа.
Өөрийнхөө ээжийн сүнс хэмээн аминчлан хайрладаг байсан охиноо яагаад ийнхүү зэрлэгээр хөнөөсөн нь тодорхойгүй хэвээр. Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ