Гаднаас авч байгаа өр зээл үр ашгаа өгч байгаа эсэх талаар асуулга тавив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо.

Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагууд, дэлхийн улсуудаас нийт хэдэн тэрбум төгрөг, ам.долларын зээл авсан. Үүний ашиглалт, эргэн төлөх хугацаа,төлөгдсөн болон төлөгдөөгүй үлдсэн зээл, түүний хүү, 2013 онд төлөх зээл, хүүгийн талаарх тооцоо судалгааны талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга тавиад байсан юм.

 Чуулганы хуралдаанд Б.Бат-Эрдэнэ гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгыг хариуг Сангийн сайд Ч.Улаан өгсөн. Тэрбээр мэдээлэлдээ,“ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларын гадаадын зээл авч ашигласнаас 0.9 тэрбум ам.долларыг үндсэн төлбөр, 0.2 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг төлж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.0 тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын гадаад өрийн 55 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна. Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 87.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 27.9 тэрбум төгрөгийг олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээний дагуу төлөхөөр байна. Монгол Улсын Засгийн газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны тайлант хугацаанд 118.4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62.5 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2.751.2 тэрбум төгрөг байна” гэлээ. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссоноор өндөрлөв.

Б.Бурам  
 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ