Иргэний андгай өргөх ёслол болно

“Чингис Хааны Мэндэлсний 851 жилийн ой ”Монгол бахархлын өдөр болон “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр”-ийг тохиолдуулан 11 дэх жилдээ “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” болно.

Энэхүү арга хэмжээнд 851 сурагч буюу 16 настнууд оролцон 2013 оны аравдугаар сарын 20-ны 10:00 цагаас Төрийн Ордны Ёслолын их танхимд ёслол төгөлдөр зохион байгуулагдах юм.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн , төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шудрага иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлдаг билээ.

Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Боловсролын яам, Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс, Улаанбаатар Шейперс нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ