Барилгын салбарынхны олон улсын үзэсгэлэн эхэлнэ

Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилгоор “Construction Mongolia- 2013” сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр эхэлж ням гарагт өндөрлөнө.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оныг “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн, хурлаар төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, дэлхийн нэр хүндтэй компаниудын төлөөлөл хуран чуулахаар болжээ.
Тэд монгол орны барилгын салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, туршлага солилцох юм. Үзэсгэлэн, хуралд оролцогчдод Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй танилцах, хамтран ажиллах шинэ түншээ сонгох, шинэ дэвшилтэд технологитой танилцах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компанитай түншлэх боломж бүрдэх аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ