Галт зэвсгийн бүртгэл эхэллээ

Галт зэвсгийн бүртгэл энэ сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд улс орон даяар явагдаж байгаа юм байна. Тиймээс энэ хугацаанд галт зэвсэг эзэмшиж буй иргэд харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагтай аж. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж байгаа гэнэ. Түүнчлэн иргэд нуугдмал, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байх юм бол энэ хугацаанд бүртгэлд хамруулж гэрчилгээжүүлэх шаардлагатай гэдгийг албаны хүн тодотголоо. Хэрвээ бэлгэнд зэвсэг авсан, өвөг дээдэс, ах дүүсээс нь уламжлагдан хадгалагдаж ирсэн галт зэвсэг байвал иргэд харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс, үгүй бол Нийслэлийн хэв журам хамгаалах газар дээр ирж, гэрчилгээжүүлж болох юм байна. Албаныхан 2013 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл ямар нэгэн бүртгэлгүй галт зэсвгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх бодлого барина гэдгээ хэлээ. Мөн гэрчилгээгүй гээд хураах зүйл байхгүй. Энэ сарын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгэхээр иргэд бүртгэлгүй байгаа галт зэвсгээ энэ сарын хугацаанд бүртгэлжүүлж, гэрчилгээтэй болгох хэрэгтэй юм байна. Ер нь бол галт зэвсэг хууль бусаар авч явах, хадгалах, тээвэрлэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй юм. Тиймээс хууль хяналтын байгууллагын зүгээс олгож байгаа энэхүү боломжийг ашиглан бүртгэлгүй байгаа галт зэвсгээ бүртгүүлж, хууль ёсны болгох нь зүйн хэрэг юм. Манай улсын хувьд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ