Зам мэддэг жаал

“Хэцүү ангийнхан”-ы дунд зам тавихдаа захаас нь, дундаас нь иддэг тухай бөөн хэрүүл болов. Яагаад гэвэл 2013 оны улсын төсвийн орлого сох дутаж, бүтээн байгуулалтын санхүүжилт дутсантай холбоотой.

Ерөнхий сайд бүр 200 км замын ажил аваад дөрөв таван жил болсон талаар хатуухан жишээ татахад Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ихэд цочлоо.

Тэр энэ ангид орохоосоо өмнө “Монроуд” гэдэг компани байгуулж, “Анод”-оос их хэмжээний зээл аваад их замын их бүтээн байгуулалтад оролцож явсан болохоор ийнхүү замын салбарынхнаа өмөөрөх сэтгэлээр бондгосхийсэн байж ч магадгүй.

Ямартай ч төсвийн төслийн халуухан маргаан дунд амаа үдүүлсэн мэт сууж байсан байнгын хорооны дарга маань сая нэг сэхээ оров бололтой.

Уг нь тэр 2008 оны сонгуульд өвдөг шороодож, Хэнтийн Жаргалтхаан-Мөрөн сумын хоорондох 70 орчим км зам тавьж замаа засан УИХ-д сонгогдсон нэгэн.

Шинэ сурагч Эдийн засгийн байнгын хорооны дарга болсон нь арай ахадсан ачаа болохыг намрын чуулганы халуухан өдрүүд харуулж байна.

Хэнтийн нутгийн зөвлөлийн дарга тэрээр аймгийнхаа 90 жилийн ойгоор шинэ төрсөн харцагаа шинэ машинаар мялаах гээд наадмын комиссынхноо 80 саяар ломбардуулж холион бантан хутгасан нь амны зугаа болсон.

Чанга гартай мань эр сонгуулийн босгон дээр ихэд гар султай, чих зөөлөн болж, аймгийнхаа АН-ыг байртай, бас бус юмтай болгож хөл дээр нь босгосон гэж ярих дуртай.

Монголын парламентын Эдийн засгийн байнгын хорооны дарга монгол наадмыг ломбардаж хийсэнгэвэл монгол хүний толгойд яавч багтахгүй.

Гэхдээ улсын төсвийн төслийг чангахан гараар батлахад Б.Гарамгайбаатар шиг хүн хэрэгтэй. Тэр бас нэг ангийнхан дотроо замыг идэж болдог уу, үгүй юу гэдгийг ч хамгийн сайн мэднэ. Үсээ засуулах дургүй, үсээ будуулах бүр ч дургүй ийм нэгэн Эдийн засгийн байнгын хороог энэ дөрвөн жилд толгойлох болсон билээ.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ