Эрүүл нүдний хаалт уу, эмгэг нүдний наалт уу

Ёстой л эвэртэй туулай харлаа гэдэг шиг этгээд хачин юм бас сонсдог юм байна. Төвийн хэвлэлээр нэгэн этгээд сурталчилгаа явдаг болсоор удав. Чухам хаанаас явуулаад байгааг нь сонирхсонгүй. Тийм ч сонин юм бас биш л дээ. Уг нь шууд л ойлгогдохоор зүйл. “Эрүүл нүдний наалт”. Эрүүл нүдэнд наадаг юм бол түүгээр яах билээ. Төвөг цаашаа. Тэгтэл бас ч тийм биш бололтой. Бүр биш юм гээч. “Эрүүл нүдний наалт” нь нүд бүрэлзэх, харанхуйлах, аргах, хорсох, улайх, улцайх, хол, ойрын хараа алдагдах, нүдний даралт ихсэх, багасах, бүр сохрохын өмнө ч хэрэгтэй юм байх. Тэрэндээ хүрвэл “Эмгэг нүдний наалт” биш үү. Энгийнээр “Нүд хамгаалах наалт” гэхэд л болохоор золиг юм билээ л. Бас нэг хачин зар яг түүнтэй зэрэгцээд явах нь тээртэй. “Шилдэг аяллын гутлаа аваарай” гэх ажээ. Шилдэг биш аялалд явахаар гутал худалдан авдаг нөхөр ер нь байдаг болов уу. Шилдэг биш аялалд тэгээд хэн явах юм. Тэгтэл бас л биш. Аяллын зориулалт бүхий шилдэг гутал юм билээ. Хөөний зар, сурталчилгаа мөн ч их байх юм даа.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ