Х.Тэмүүжин сайд зодуулсан цагдааг буруутгалаа

ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнийгээ гэмтээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Тэгвэл зодуулсан гэх цагдаа Н.Отгонмөнх “Тусгай ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Энхцогт, тусгай хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Н.Батцагаан нар намайг бүлэглэн зодох үедээ төмөр турбагаар ар дагз руу цохин ухаан алдуулснаас болж зүүн нүдний доод чамархайны яс хугарч, цус харвасан, нүдэнд цус харвалт өгч хараа бүрэлзэж, юм харахгүй болсон, хамарны яс дотогшоо хугарч цөмөрсний улмаас мэс засал хийлгэсэн. Баруун нүдний доод зовхи сэтэрч гурван оёдол, чихэнд сэтрэлт үүссэн тул таван оёдол тавиулж, баруун хоёр хавирга хугарсан. Миний бие Тусгай ажиллагааны хэлтэст 13 жил ажиллаж, Монголын цагдаа, хүчний байгууллагын залуусыг ур чадвар, хичээл сургуулилтаар сайн байж, эвсэг сэтгэлээр ажиллуулах гэж хичээж ирсэн боловч цаашид ажиллах боломжгүй боллоо” хэмээн захиа бичсэн. Харин энэ асуудлыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс лавлахад “Хэргийг аль эрт лавласан, энэ асуудлыг нарийвчлан шалгаж байна. Өөрийнхөө буруутай үйлдлийг зөв болгох гэж хэвлэлээр хохирогчийн дүрд тоглох явдал ч бас байна” гэв. Хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ