Элэгний церрозтой хүнийг хавдартай гэж оношилжээ

Бид Монгол Улсад эрүүл амьдрах эрүүл мэндээрээ хохирохгүй байх эрхтэй. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн салбар бизнесийн салбар болсон байна гэсээр дөнгөж сая элэгний церроз гэсэн оноштой А. Адъяаханд гэх бүсгүй мэдээлэл хийв.
-Та яг хэзээнээс өвдөж эхэлсэн бэ. Өвчний тухай дэлгэрэнгүй тайлбарлаач?
-2010 оны аравдугаар сард Сүхбаатар дүүргийн эмнэлгээс элэгний хавдартай хэмээн оношлосон. Улмаар эмчлэгдэж байтал 2011 оны наймдугаар сард хавдар биш гэж ХСҮТ-өөс шинжилгээний хариу ирсэн. Ингээд эмнэлгээсээ гараад удаагүй байтал бие муудаж гэдэс дүүрсээр эмнэлэгт очсон. Гэтэл дахин хавдар байна гэж оношлож, эмнэлэгт хэвтүүлсэн. Ингэж цаг алдан аль нь үнэн нь мэдэгдэхгүй явсаар бие маань одоо маш хүндэрсэн.
-СБД-ийн нэгдсэн эмнэлэгт анх үзүүлэхэд хавдар байна гэж оношлож, харин ХСҮТ-д хавдар биш гэсэн хэрэг үү?
-Тийм ээ. Тэгээд ХСҮТ дээр очоод оношлуулахад хавдар биш гэсэн. Одоо бол элэгний церроз гэдэг оноштой явж байгаа.
-СБД-ийн эмнэлэг таныг хавдартай гэж буруу оношлосон гэлээ. Энэ асуудлаар салбар яаманд нь өргөдөл гомдол гаргасан уу?
-Адилхан эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан юм болохоороо тэр асуудлаар хэрүүл зарга үүсгэж яваагүй ээ.
-Та өөрөө эмнэлэгт ажилладаг байсан юм уу?
-Долоон жил Батлан хамгаалах яамны эмнэлэгт, 11 жил шүдний төвд сувилагч хийж байгаад агаар дуслын замаар элэгний C вирустэй болсон. Яваандаа энэ нь элэгний церроз болсон.
-Одоо ажил хийхгүй байгаа юу?
-Группэд ороод нэг жил болж байна.
-Эрүүл мэндийн салбараас болоод хоёр хүү тань өвчтэй болсон гэсэн үү?
-Манай хүү төрөөд зургаан сар болоод хагалгаанд орсон. Тэгээд дотуур цус алдалттай байж байгаад элэгний судаснаас цус алдсан байна гэж тэр судсыг нь хагалсан. Тэгсэн тэр нь биш байсан. Ингээд тархины эмгэгтэй болсон.
-Эмчилгээний төлбөр хэчнээн төгрөг гарах уу. Бүгдийг нь та л төлнө биз дээ?
-Би өөрөө бүгдийг нь төлдөг. Уг нь Монгол Улсад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг иргэн хүн өөрөө төлдөг. Тиймээс ч эмнэлэг болоод зарим нэг эм авах зэрэгт хөнгөлөлт эдэлдэг. Хэрэв хүнд өвчин туссан бол хуулинд зааснаараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаараа тухайн эмнэлгээсээ хөнгөлөлт эдлэх эрхтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд 30 сая төгрөгөөр биеэ эмчлүүлсэн байгаа. 2011 онд бие муудахад байшин, газар, машинаа зургаан сая төгрөгөөр зарсан.
-Одоо таныг ямар эмчилгээ хийлгэ гэсэн бэ. Хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа юм?
- Одоо элэгний церрозыг эмчлэх хэрэгтэй. Хүндрээд гуравдугаар шатандаа орчихсон байгаа. Яг хагалгаанд орох уу үгүй юу гэдгийг нь мэдэхгүй байна. 100 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг л гэсэн. Эмчилгээнд л гэхэд 220 мянгаар хоёр хоногт уураг авч хийлгэж, 11 мянгаар элэгний амин дэмийг гурван цагийн хугацаатай хийлгэдэг.
-Эмнэлгийн ажилчид таны бодлоор яаж ажиллах ёстой вэ?
-Эмч сувилагч, эмнэлгийн ажилчид хүнд сэтгэл гаргах хэрэгтэй. Би өөрөө эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан. Ачаалалтай байж болно. Аль ч эмнэлгийн байгууллагын эмч , эмнэлгийн ажилчдад сэтгэл гаргах байдал дутагдалтай байгааг хатуу хэлэх ёстой. Ялангуяа энэ байдал СБД-ийн эмнэлэг дээр илүү ихээр илэрдэг.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ