“Урт цагаан”-ыг “Өндөр цагаан” болговол таарна

“Урт цагаан” гэх 50 гаруй насны барилга арай өвгөрчихөөгүй ч, араг яс нь сийрэгжээд, чалх нь муудсан бололтой. Яавал дээр вэ гэх яриа ч гарчээ. Үнэнийг хэлэхэд “Урт цагаан” байсан удаатай. Түүнээс урт барилга Улаанбаатарт байгаагүй гэхэд хилсдэхгүй он цаг байсан юм шүү. Хэмжвэл одоо ч мөчөөгөө өгөхгүй байх. Есөн жорын газрыг дотроо агуулж, 800 иргэнээр дамжуулан 5000 ам бүл тэжээдэг гэх нь бий. Гэхдээ судлан гаргасан нарийн тоо биш л дээ. Багцаа үзүүлэлт юм. Ямарч байсан хотод хэрэгтэй л барилга. Хамгийн хачин нь төр, засаг солигдох болгонд л яриа гардаг билээ. Тэгээд огт шийдэж чадалгүй унтарсаар, “унтуулсаар” өнөө хүрсэн нь ч нууц биш. Тэгэхээр цаана нь нэг хүч тэнцсэн маягийн юм байдаг хэрэг. Хэрэв хүч тэнцвэргүй байсан бол аль дээр нэг тийшээ бололгүй яав гэж. Юун хүч гэж үү. Улстөрийн хүч л байхгүй юу. Бусдаар бол бие биенээ барьж иддэг энэ хэдэн нам нэг нь нөгөөгөө “авслаад”, тэр “Урт цагаан”-ыг хэдэн жилийн өмнө “намынхаа байр” болгочихсон байхсан. Дээр нь одоо ялсан намын туг намирч байна биз дээ.
Яг ямар нам гэж үү. Хамгийн хүчтэй, хамгийн том хоёр намаас баараггүй байгаа. Шуудхан хэльчихье л дээ. МАН, АН-ынхан адил эзэмшдэг нь үнэн юм билээ. Бас тэгээд МАХН энэ тэр гээд байлгүй яахав. Уг нь нэг удаа хувьчлах гэж оролдсон гэнэ билээ. Бас л хүч тэнцээд болоогүй хэрэг. Тэгэхээр нь тэнд өрөө түрээслэгчдэд хагас өмчлүүлээд, засвар масварыг нь хийлгэжээ. Тэгэхдээ нэгэн болзол тавьсан байгаа юм. Хэзээ нэг цагт хувьчилбал, та нар давуу эрхтэй оролцоно. Тэгэх хүртэл өөрсдөө засаж, тохижуулаад, ариг гамтай эдэлж бай хэмээжээ. Тэд ч уухайн тас зөвшөөрнө биз. Тэгээд бараг 80 хүртэл хувь хөрөнгө оруулчихсан байгаа юм. Нурж унах гэж байсан юмыг хөл дээр нь босгоод, өөрсдийн мэдлийн лангууны илүүг нь, илүүг нь ч юу байхав илүүчлээд, бүр давхар түрээслүүлжээ. Тэрийг нь хууль бус гээд “дээр”-ээс одоо мушгиад эхэлсэн гэх. ТӨХ-ноос өөр хэн тэгэв гэж.
Анх барихдаа тухайн үеийн СНЗ/Сайд нарын зөвлөл/-ийн тогтоолоор 130 мянган төгрөгийн төсвөөр барьсан гэдэг. Тиймээс өнөөдөртөө Төрийн өмч нь тодорхой. Ш.Сайхансамбуугийн “Нарантуул”-ын олон лангууг ч дээрх шиг давхар түрээслүүлдэг юм гэнэ билээ. Тэгэхээр түрээс, давхар түрээс тийм ч гол бус зөвхөн шалтаг болж буй бололтой. Түүгээр далимдуулаад хэн нэгэн мөнгөтэй этгээд хувьдаа аваад “цоожилж орхих” санаатай байхыг үгүйсгэхгүй. Түүнийг бүр уртасгах юм гэнэ гэх яриа ч гарчээ. Тэр харин дэмий. Тэгэхдээ хүрвэл нэгмөсөн “Өндөр цагаан” болгочихгүй юу. Дээшээ яаж явуулсан ч болно биш үү. Ямар тэнгэрт тулна гэх биш. Тэгээд бүр хэдэн “ихэр” болгочих хэрэгтэй. Нэгэнд нь одоогийн түрээслэгчид, бусдад нь шинэ эзэн, эхнэр, бараа бологчидтойгоо орно биз. Түүний өмнөх “Жуулчны гудамж”-ийг жинхэнэ жуулчных болговол дээр санагдана. Одоогийнх шиг айраг, адууны мах зардаг, архичид цугладаг газраар юу хийнэ. Жуулчид харин ч дайжин одох байх. Ер нь “Өндөр цагаан” хамгийн үр дүнтэй хувилбар байх шүү.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ