Ардчилсан орнуудын сайд нарын VII бага хурал эхэллээ

 

 
   

Өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал эхэллээ. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оны долдугаар сараас эхлэн даргалж байгаа тул ийнхүү Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа юм.

 Энэ хуралд дэлхийн 104 орны 1215 төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн дунд улсын Ерөнхийлөгч нэг, дэд Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд нэг, Шадар сайд дөрөв, бусад нь сайд нарын төвшний төлөөлөгчид байгаа бөгөөд олон улсын 20 байгууллага, иргэний нийгэм, бусад чиглэлийн төлөөлөгч хүрэлцэн ирэхээр болжээ.

 Монгол   Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан хөдөлгөөний лидер, тэргүүн хатагтай Ан Сан Сү Чи, Йемений Нобелийн Энхтайвны шагналт, хатагтай Таваккол Карман  нар хүрэлцэн ирээд байгаа.   Иргэний нийгэм, Эмэгтэйчүүд, Залуучууд, Бизнесийн  зэрэг салбар хуралдаануудыг Улаанбаатар хотын томоохон зочид буудлуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус хурал Монголд болохыг хоёр жилийн өмнө шийдэж энэ 2013 оны Улсын нэгдсэн төсөвт гурван тэрбум төгрөг тусган зарцуулахаар болсон юм. Хурлыг угтаж нийслэлийн хот тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын төвийн зам талбай, ногоон байгууламжуудыг цэвэрлэх, сэргээн засах ажил хийснээс гадна хурлын өдрүүдэд авто машиныг сондгой, тэгш дугаараар хөдөлгөөнд хуваан оролцуулж томоохон худалдаа үйлчилгээний захуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байгаа. Монголд анх удаа ийм өндөр хэмжээний хурал болж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх, ардчиллын суурь зарчим, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ