Сурагчаа зодож, гарыг нь хугалжээ

Хо-Ши-Мин-ийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн гадна талбайн цэвэрлэгч бага ангийн хүүхдийг бүсээр ороолгож, гарыг нь хугалсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд гадаа цасаар тоглосон байна. Гэтэл тус сургуулийн гадна талбайн цэвэрлэгч н.Баатарчулуун хүүхдүүдийг хөөж, үгэнд нь ороогүйн улмаас зургадугаар ангийн сурагч Н-г бүсээр цохиж, баруун гарыг нь хугалжээ. Мөн түүнтэй хамт тоглож байсан ангийнхан охиныг зодож танхайрсан гэнэ. Харин охины биед ямар нэгэн гэмтэл учраагүй аж.
Хүүхдийн ээж орой хүүхдээ авахаар залгатал хүүхэд нь уйлаад ярьж чадахгүй байсан учир багштай нь ярихад “Харин манай цэвэрлэгч танай хүүхдийг зодсон байна. Тэгээд хүүхэд чинь гараа бариад уйлаад байна. Та яаралтай ирэх боломж байна уу” гэжээ. Ээж нь яаралтай сургууль дээр очиход хүүхэд гараа барин уйлаад зогсож байсан аж. Яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандахад хүүхдийн гар хугарсан бөгөөд зарим хэсгүүдэд цууралт өгсөн байжээ. Тиймээс хүүхдийн гарыг гипсдүүлсэн байна. Харин хүүхэд зодсон гэх гадна талбайн цэвэрлэгч ахимаг насны нэгэн. Тэрээр энэ талаар ямар үг хэлэхгүй байгаа аж.
Одоогоор хүүхэд хичээлдээ явах боломжгүй байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эх цагдаагийн байгууллагад ханджээ. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс “Тухайн ажилтанд хариуцлага оноох болно” хэмээн мэдэгджээ.
Б.Тэмүүлэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ