Удахгүй Дархан утаатай хот болно

Муу ёрлож байгаа юм биш шүү. Бодит хийгээд хатуу үнэн энэ байна. Дархан-Уул аймгаар байнга зорчдог хотын иргэд бүр халаглан ярьж байхтай хэд хэд таарав.

“Зовлон үзсэн юм гэсэндээ” гэдэг шиг Улаанбаатарын суунагласан их майгаар байнга утуулж хаширсан хүмүүс л мэдэрдэг бололтой. Харьцангуй цэвэр агаартай орчинд байдаг нутгийн оршин суугчид анзаарахгүй л дээ. Аюулын харанга аажуу ирдэг билээ. Уг нь Дархан-Уул тун саяхан “Дэлхийн цэвэр” хотоор шалгарсан. Найр наадам нь ч дуусаагүй шахуу гэх.

Гэхдээ эл алдар, цол бараг эцсийнх биз ээ. Цэвэр дээрээ л шүүрч амжиж гэхээс дээ. Чухам юу яриад байна аа гэж үү. Нийслэл рүү хөдөөгийнхөн шавсан шиг Дархан руу орон нутгийнхан олноор нүүн очих болжээ. Хуучин, шинэ хоёр Дархан байдгийг зарим нь андахгүй байх. Шинэ нь хот, хуучин нь гэр хороолол л доо. Гэтэл өнөө шинээр шилжин ирэгсэд хуучинд нь биш шинэд нь суурьших сонирхолтой ажээ. Тэр ч мэдээж байх. Орчин цагийн хүн л юм болохоороо соёл бараадалгүй яахав.

Ингээд хачин юм болж эхлэх нь тэр. Дархан-Уул аймгийн төв Дархан сумыг алсуур бүслээд буугаад эхэлжээ. Бүр дөрвөн талаас нь хашаад буугаад эхэлсэн гэнэ шүү. Ойрын өдрүүдэд бага зэрэг сэрүүсч, цас хаялан, агаарын даралт хэлбэлзэх үеэр Дарханы захаар цэнхэр суунаг татаад явчихжээ. Хүмүүсийн хамар, хоолой ч сэрвэгнээд ирсэн юм байх. Гэнэт ухаарна биз дээ. “Хүүе ээ, энэ чинь юу вэ. Утаа л байна ш дээ. Хаанаас гараад ирэв. Тэр гэрүүдийнх л байна даг”. Ийм яриа гараад, жиг жуг бололгүй яахав.

Аймгийн удирдлагууд нь “Лха” гэх зурагтаараа өдөр, шөнөгүй хэрэлдсэн гэх. Хэний зөвшөөрлөөр, хаанаас ирээд буучихав, тэр айлууд гээд шуугижээ. Одоогоор тоймтой эзэн олдоогүй л байгаа бололтой. Шилжиж ирсэн айлууд харин хүний эрх ярьж байна гэнэ билээ. Тэгэх ч эрхтэй байх. Гэхдээ олонхийн эрх гэж нэг юм байдагсан. Тал талаас нь хааж, хашсаар байгаад, бүрэн бүслэн, улмаар хаяатай нь нэг л залгаад авбал дийлдэхгүй дээ. Улаанбаатар тэгсэн ш дээ. Эртхэн зохицуулах нэг арга буй. Эс тэгвэл шоон цагаан Дархан хөөн хар хот болох нь ээ. “Удахгүй Дархан утаатай хот болно” гэчихэд зөгнөсөн бус зөв хэлсэн л болох вий дээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ