“Алтан жолоо" групп нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байна

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн III хорооны нутаг Сансарын тунел дээр байрлах “Сансар” супер маркетын дэргэдэх нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн барилгын ажил эхлүүлэхээр ухсан байна.
Ингээд тус газрыг зорьсон юм. Тухайн газарт очиход зургаан хүн барилгын ажлыг хийж байлаа. Тэдний хэлж буйгаар бол “Сансар” супермаркетийн дор байрлах баарны хаалгыг нөгөө талд нь гаргахаар нийтийн эзэмшлийн талбайг ухсан аж. Мөн тэд баарнаас гарсан халамцуу хүмүүс дэлгүүр рүү орж, гарч байгаа хүмүүст хүндрэл учруулж байна гэсэн гомдлыг “Сансар” супермаркетаас гаргасан тухай хэлж байна лээ.
Хачирхалтай нь ийм үйл ажиллагаа явуулахдаа тухайн хорооныхоо Засаг дарга болон дүүргийн Мэргэжлийн хяналт, Газрын албанаас огт зөвшөөрөл аваагүй байгаа юм. Тэгвэл нэг худалдааны төвийн гаргасан гомдлоос болж дураараа авирлаж байгаа байгууллага нь “Алтан жолоо” групп ажээ. Барилгын ажил явагдаж байгаа талбай дээр н.Төвшинням гэгч ажилчдыг хариуцан ажиллаж байгаа юм байх.
Түүний хэлснээр бол баарны хаалгыг хойд тал руу гаргадаг болгох үүднээс нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байгаа гэнэ. Үүнээс гадна тэрээр “Буцаагаад энэ газрыг нь бетондчихно. Тиймээс ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэж үл тоосон өнгөөр хариулж байсан.
Томоохон группэд ажилладаг гэсэн шиг хууль бус үйлдэл хийж байж таахалзан зогсох тэр эрхэм“Алтан жолоо групп”-ын Аж, ахуй хариуцсан мэргэжилтэн гэнэ.
Ингээд энэ талаар Баянзүрх дүүргийн III хорооны Засаг дарга н.Ичинхорлоогоос дараахь тодруулгыг авлаа.
-“Сансар” худалдааны төвийн урдах нийтийн эзэмшлийн талбайг ухчихсан хэрэг гарсан байна?
-Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрийн шөнө ухчихсан байсан. Манай ажилчид тухайн өдрийн 19:00 цагийн үед ажлаас гарахад зүгээр байсан. Гэтэл өнгөрсөн баасан гаригийн өглөө 07:30 цагийн үед ажилдаа ирэхэд ухчихсан байсан. Улмаар манай хорооны ажилчид юу болов гээд тэр хавийн хүмүүс болон цагдаагийн хэсгээсээ асуусан. Тухайн шөнө манай цагдаагийн хэлтсийн эргүүл 01:00 цагийн үед тунел дээрх бүх баарнуудыг хаалгасан байна лээ. Тэдний хэлсэнээр бол тухайн үед зүгээр байсан гэсэн.
-Тэгээд хэзээ нь ухчихсан юм бол?
- Тунель дээр хүнсний ногоо зардаг хүмүүсбүхээгээ манаж хонодог. Тэр хүмүүсээс энэ талаар асуухад шөнийн 01:30 цагийн үеэс 05:00 цагийн хооронд ухсан гэсэн. Эргүүлийн цагдаа нарыг явсны дараагаар гэнэт л том машин ирээд ухчихсан гэж байсан.
-Барилгын ажлыг хариуцаж байгаа хүмүүс юу гэж байх юм?
-Зөвшөөрөл авчихсан гээд байгаа. Бүр барилгын зургаа гаргачихсан байна лээ. Барилгын ажлыг хийж байгаа хүмүүс нь өнгө үзэмж сайтай, шилэн пасад л хийнэ, түүнээс биш өөр зүйл хийхгүй гэсэн тайлбарыг тавьсан. Гэхдээ зөвшөөрөл авсан хэдий ч манай хороонд заавал мэдэгдэх ёстой. Гэтэл тэгээгүй. Тийм учраас бидний зүгээс шаардах хуудас хүргэсэн. Мөн “Алтан жолоо групп”-ын удирдлага н.Энхбаатартай уулзах гэсэн боловч Бээжин явчихсан гэсэн хариу өгсөн.
-Одоо ямар арга хэмжээ явах вэ?
-Миний хувьд барилгын ажлаа зогсоо гэж хэлэх эрх байхгүй. Тиймээс дүүргийнхээ Газрын алба, Мэргэжлийн хяналтад энэ асуудлын талаар мэдэгдсэн. Тиймээс дээрх байгууллагуудаас хариуцлага тооцно.
“Алтан жолоо групп”-ын Аж, ахуй хариуцсан мэргэжилтэн н.Төвшинням “Зөвшөөрөл авчихсан байх оо” гэсэн хариулт өгч байсан. Зөвшөөрөл авчихсан юм бол яагаад шөнийн цагаар, хулгайч шиг ажлыг хийж байгаа нь сонин. Ямартай Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батсүх барилгын ажлыг зогсооно гэж байна лээ. Ер нь иймэрхүү хуулийг гууль болгож байгаа этгээдэд хариуцлага тооцох цаг хэдийнэ болсон юм шиг.
Г.Баярцэцэг

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ