“Мобиком”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж байгаа ажлынхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Өрсөлдөөнийг зохицуулах газрын дарга Л.Ган-Өлзийгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Үүрэн холбооны оператор “Мобиком” компанид шалгалт хийж байгаа гэсэн. Одоогийн байдлаар ямар зөрчил илэрсэн бэ?

-Ер нь иргэдээс “Мобиком”-ын талаар нэлээд гомдол ирдэг. Тэр дундаа “Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа ирсэн. Иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгаж үзэхэд нэлээд зөрчил илэрсэн. Тухайлбал, “Мобиком”-ын дараа төлбөрийн хэрэглэгчдэд хэрэглээнээс нь илүү төлбөр гарсан байсан. Энэ асуудлаа “Мобиком” компани гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилсан байгаа.

-Мобикомын дараа төлбөрийн асуудлыг жил гаруй ярьж байна. Яагаад шийдэгдэхгүй удаашираад байгаа вэ?

-Өнгөрсөн 2012 оны арваннэг­дүгээр сард бид бүх үүрэн операторуудад энэ асуудлыг шийд, барьцааны мөнгөнд хүү тооцож хэрэглэгчдийн төлбөрөөс хас гэсэн ийм мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай нь энэ ажил шийдэгдэхгүй байна. Мобиком корпорацид одоо хийж байгаа шалгалтыг бүрэн явуулж дууссаны дараа арга хэмжээг авна .

-Ямар арга хэмжээ авах юм бэ?

-Хуулинд заасны дагуу “Мобиком”-ын өнгөрсөн жилийн борлуулалтын 4-6 хувийг улсын орлого болгоно. Мөн “Мобиком”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-“Мобиком”-оос илүү мөнгө авдаг гэсэн зөрчил илэрсэн гэлээ. Тэгвэл бусад үүрэн телефон оператор кампаниудад шалгалт хийсэн үү?

-Хийж байгаа. Мөн дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа мөнгөний асуудал хөндөгдөж байгаа. Энэ барьцаа мөнгө хаана байна вэ гэдэг чухал байна. Саяхан Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нэгдсэн холбооноос "Мобиком” компани бол дараа төлбөрт хэрэглэгчдийн арван тэрбум гаруй төгрөгийг эргэлдүүлж байгаа. Энэ мөнгө хаана байна вэ” гэж асуусан байна лээ. Үүнийг бид зүй бус асуудал. Энэ мөнгө бол “Мобиком”-ын өмч биш та бидний мөнгө юм. Бид тухайн компанийн дугаарыг хэрэглэснийхээ төлөө мөнгөө барьцаалуулсан байгаа. Харин тэр барьцаа мөнгөнөөс гарч ирж байгаа ашгийг барьцаалуулсан хэрэглэгч өөрсдөө хүртэх ёстой. Гэтэл тухайн компани ашиг хүртэж, эргэлдүүлж байна.

-Хэрэглэгчдэд мөнгийг нь буцааж өгөх тал дээр ажиллаж байгаа юу?

-Хэрэглэгчдэд мөнгийг нь өгөх талаар бид холбогдох арга хэмжээг авч ажиллана.

-Хэрэглэгчид энэ барьцаа мөнгөө яг хэзээ авах юм бэ?

-Энэ асуудлыг бид заавал ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Удахгүй шийднэ.

Н.Алтанцэцэг

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ