“Мобиком” Монголыг залгиж байгаа нь

“Мобиком” гэх компанийнхан монголчуудаар тохуурхсаар ирсэн нь шинэ юм биш. Байгуулагдсан цагаасаа л биднээр даажигнасан байгаа юм. Шинэ юм харахаараа нүдэнд нь “юм” уначихдаг, төрөлхийн харалган улс болохоороо бид тоосонгүй. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр ойрноос харин ярих болов. Хэрэглэгчид нь ч голдоо ортол гомджээ. Эдний луйвар тийм ч нууц, хэцүү юм биш. Бүр улаан цагааныг нь яана. Нүдэн дээр хийнэ шүү дээ. Уг нь иргэд гомдлоо гаргадаг ч хариуцдаг газрууд нь ч хойрго, мобичуудын бараг амаар болдог байсан юм билээ.
Тэр дундаа тэдний дараа төлбөрт хэрэглэгчид илүү төлбөр төлдгөө гомдоллодог байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ШӨХТГ-аас тэдэнд шаардлага хүргүүлсэн байгаа юм. Тэгсэн ч мобигийнхан нохой хуцахын ч дайны тоогоогүй гэх. Том гэхэд дэндүү том толгойтой байгаа биз. Монголын хууль бидэнд үйлчлэхгүй гэж удирлагууд нь ярьдгийг сонсоод эхэндээ итгээгүй. Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үгтэй.
Хууль дүрмээ ягштал баримталдаг уламжлалтай газрынхан арай ч тэгээгүй байлгүй дээ хэмээн өөртөө цайруулаад л орхисон. Одоо бодохноо үнэн байж. Эднийхэн олон булхайг ойр ойрхон холиод бантагнуулчихдаг болохоор иргэд толгой нь эргээд учраа олдоггүй тал ч бий. Түүнд нь дөрөөлөөд молигоо үмхүүлээд, урсгаад байхгүй юу. Харьцангуй ажил хэрэгч нөхөд луйврыг мэдээд зарга үүсгэдэг ч “Хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар заргалд” гэдэг аймшигт үгүийг нь сонсоод, зүрх халиран больдог байж. Нэр хүндтэй, нэлээд заргач, МУГЖ С.Баясгалан л дийлэхгүй орхихоор ёстой Монголд “хөндлөн” болсон газар бололтой.
Хамгийн хоржоонтой заль нь барьцааны хөрөнгө юм. Тийм аргаар авсан мөнгөө компанийнхаа дансанд эргэлдүүлж гардаг байжээ. Одоогоор яс 10 тэрбум төгрөг эргэлдүүлж буй нь илэрлээ. Өмнө нь хэдийг эргэлдүүлж, хэр ашиг унагасныг нь хэн ч мэдэхгүй. Цаашид яахыг нь төсөөлөхөд ч бэрх. Ноцтой нэг асуудал бас яригдах болов.
Эднийхэн цөөн хүн амтай улсыг олзлон, богино хугацаанд ашгаа олон, гэнэт дампуурлаа зарлаад, сураггүй болдог бараг уламжлалт гэхээр аргатай газар юм байна. Зарим хүн тэр хугацаа нь тун дөхсөнийг ч ярьжээ. Өөрөөр хэлбэл, мобигоос хөөрөгдөн үнэ хүргээд буй 9911...тэй утас нь нэг л өдөр хэнтэй ч ярих боломжгүй эд болно гэсэн үг. ШӨХТГ-аас саяхан шалгаад олон зөрчил илрүүллээ. Өнгөрсөн жилийн борлуулалтынх нь 4-6 хувийг улсын орлого болгохоо мэдэгджээ. Бүр болохгүй бол тэдний тусгай зөвшөөрлийг ч цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хэллээ. Гэхдээ л итгэхэд бэрх. О.Магнай даргын арга хэмжээ “Мобиком”-д жулдаад байна даа.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ