Н.Энхбаяр Солонгосын Буддын шашны тэргүүнд бараалхлаа

Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүнийг энэ оныг дуустал эх орондоо ирэхгүй эмчилгээгээ хийлгэнэ хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа.

Тэгвэл тэрээр өнөөдөр Солонгос улсын Буддын шашны тэргүүн хамба ламд бараалхлаа. Энэ сарын 10-ны өдөр Буддын шашны тэргүүнүүд 34 дэх удаагийн Буддын шашны тэргүүн хамба ламаа сонгох сонгуулиа амжилттай явуулсан. Энэхүү сонгуулиар өнгөрсөн дөрвөн жилд тэргүүн хамба ламаар сонгогдон ажиллаж байсан Чачинг ламыг дахин сонгосон юм.

Ингэснээр тэрээр найман жил дараалан Солонгос улсын Буддын шашинтнууд тэргүүнээр ажиллах болж байгаа ба өнөөдөр түүнд баяр хүргэхээр Монгол улсын Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бараалхжээ. Монгол Улс дахь Бурхны шашин, гадаадын олон Буддын шашны тусламж, дэмжлэгтэйгээр сайн хөгжиж байгаа бөгөөд бидний энэхүү хөгжилд Солонгосын Буддын шашныхан бас туслаж өгнө үү хэмээн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүссэн бол, Монгол-Солонгос улсын Буддын шашныхны хоорондын харилцааг улам өргөжүүлэн сайн санааны хандивын санг байгуулж , хүмүүнлэгийн олон талын ажил дээр хамтран ажиллах тухай харилцан тохиролцох хэрэгтэй гэж тэргүүн хамба Чачинг хэлсэн байна. Мөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тэргүүн хамба лам Чачингийг эх орондоо урьсан байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ