Шатаж нас барав

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн хоёр, аврах ажиллагаанынэг, цогцос гаргах нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Цайзын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Ц согтуу гэрийнхээ зуухыг өшиглөж унагаснаас хөнжил шатсаныг иргэд унтраасан байв.
Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Төмөр замын удирдах газрын хашаан дотор траншейнаас гал гарч байна гэсэн дуудлагыг 23:21 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж унтраасан байна. Уг галд нэр нас тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг Аврах шуурхай салбарын аврагчид гарган цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Баянзүрх дүүргийн долдугаар хороо, 30 дугаар байр наймдугаар орц дөрөвдүгээр давхарт утаа гарч байна гэсэн дуудлагыг 04:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад дөрөвдүгээр давхрын айлын гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг унтрааж, тус давхрын айлуудын 16 иргэнийг утаажилтын орчноос гаргаж амь биеийг нь аварчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ