Гадаадад сурч буй монгол оюутнуудын наадам эхэллээ

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын Азийн бүсийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Биеийн тамирын их сургуулийн зааланд ширээний теннис, сагсан бөмбөг, шатар гэсэн спортын төрлөөр явагдаж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 09.00 цагт  БНХАУ-ын Биеийн тамирын их сургуулийн зааланд боллоо. Нээлтийн ажиллагааны дараагаар тэмцээнүүд тоглолтын хуваарийн дагуу явагдах юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр явагдаж БНХАУ, Тайвань, Япон, Сингапур, БНСУ, БНАСАУ зэрэг улсууд болон БНХАУ-ын Хөх хот, Шанхай, Далянь зэрэг хотуудад суралцаж байгаа 170 гаруй Монгол оюутан тамирчид оролцохоор бүртгүүлж мандатаа авсан байна.  
Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Д.Булган, Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга нараас бүрдсэн зохион байгуулах комисс ихээхэн ач холбогдол өгч ажиллан, баг тамирчдын аюулгүй байдлыг ханган цаг хугацаанд нь тосон авч байрлуулжээ.
Зохион байгуулах хорооны дэд дарга, МОСХ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны нарийн бичгийн дарга, ССАЖЯ-ны мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, ЗБХ-ны гишүүн, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, МУБИС-ийн БТС-ийн сургалтын албаны дарга, Олон улсын шүүгч Д.Энэбиш, Спортын мастер, сагсан бөмбөгийн шүүгч Г.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотоос Бээжин хотноо тэмцээнийг удирдан зохион байгуулахаар ЭСЯ-тай хамтран бэлтгэж ажлыг хангаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ