15.8 тэрбум төгрөг салхинд хийсэх үү

Зам нь хагарч, тоноглолууд нь хулгайд алдагдаж байгааг сонс¬соныхоо дараагаар өнгөрсөн есдүгээр сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулсан.
Тус байгууллага “Монгол наадам цогцолбор"-т олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж, талбай болон эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байх юм.
Мөн энэ үеэр “Хот тохижилтийн газар” буюу одоогийн “Улаанбаатар нэгтгэл”-ээс тэнд харуул байршуулсан байгаа юм.
Нэг үгээр бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн байгууламж хариуцах эзэнгүй байсан гэсэн үг юм. Гэсэн хэдий ч энэ сарын 14-ний өдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын захирал П.Цогтбаатар дахин эд зүйлсийг нь хулгайдсан байгааг хэлсэн. Мөн тэрээр өнөөдрийг хүртэл улсын төсвөөр хийсэн бүтээн байгуулалтыг улсын комисс хүлээж аваагүй байгааг ч хэлсэн юм.
870 сая төгрөгийн эд зүйлсийг улсын комисс хүлээж авчээ
Тус байгууламжийг улсын комисс хүлээн аваагүй байгаа учраас нийслэлийн өмчид ч бүртгээгүй байгаа. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгдийн хуралдаанаас ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор улсын комиссыг ажлуулж, нийслэлийн өмчид бүртгэж ав гэсэн үүрэг өгсөн. Харин албаны хүнээс энэ талаар тодруулахад улсын комисс хэсэгчлэн хүлээж авсан тухай хэлсэн юм.Тодруулбал, цогцолборын цахилгааны шит, самбар, КтП зэргийг улсын комисс хүлээж авсан байна.Үүнд 870 орчим сая төгрөгийг зарцуулсан байна.Гэхдээ албан ёсоор нийслэлийн комиссд шилжээгүй байгаа гэнэ.Харин 7000 мянган автомашины зогсоол болон 8.5 км замыг улсын комисс хүлээж авах шатандаа явж байгаа юм байна.Арчилж, хамгаалах хүнгүй байсан учраас тус байгууламжийн цахилгааны утас, 12 цахилгааны самбар хулгайд алдагдаж, 12 цахилгааны самбар доторхийг тоносон байдалтай байна.Харин “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулагдсны дараагаар тус байгууламжийг гурван сахиул, гурван үйлчлэгч арчилж, хамгаалж байгаа гэнэ.
Засварыг барилгын ажил хийсэн компаниудаар хийлгэнэ
Энэ талаархи зарим зүйлсийг“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын захирал П.Цогтбаатараас тодрууллаа.
-“Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд “Хүй долоон худаг”-т хийсэн бүтээн байгуулалтыг улсын комисс хүлээж аваагүй байгаа тухай хэлж байсан.Хэзээ хүлээж авах вэ?
-Өмнө нь хэсэгчилсэн байдлаар улсын комисс хүлээж авсан байсан.Харин одоо зам, автомашины зогсоол гэх мэтийг хүлээж авах ажиллагаа хийгдэж байгаа.Бид бол долоо хоногийн өмнө газар дээр нь очиж танилцаад, протукол хөтлөөд хүлээж авсан.
-Цахилгааны самбарууд хулгайд алдагдсан байгаа гэсэн. Хэдэн төгрөгийн эд зүйлс алдагдсан юм бол.Энэ талаархи судалгаа гарсан уу?
-Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тушаалын дагуу комисс байгуулагдаад газар дээр нь очиж үзсэн.Гэхдээ нэлээд их хэмжээний цахилгааны самбарууд хулгайд алдагдаж, мөн тоногдсон байдалтай байсан.Судалж байгаа учраас тэдгээрийн үнэлгээг яг нарийн хэлж мэдэхгүй байгаа.Тиймээс мэргэжлийн байгууллагаар үнэлгээг нь хийлгүүлнэ.Тодруулбал, цахилгааны самбар нь ямар үнэтэй байдаг юм, доторх тоноглолууд нь ямар үнэтэй байдаг юм гэх мэтийн үнийг тодорхой гаргана гэсэн үг шүү дээ.Үүний дараагаар хохирлын хэмжээ нь гарах байх.Энэ үйл ажиллагаа зохих журмын дагуу нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар орж шийдэгдэх байх.
-Мөн автозам нь эвдэрсэн байгаа тухай та хэлсэн. Харин энэ оны төсвөөсөө засна гэсэн яриа байна?
-Өнгөрсөн 14-ний өдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар манай байгууллагад энэ онд 162.5 сая төгрөгийн төсөв батлагдсан.Автомашины зогсоолыг бид нар албан ёсоор хүлээж аваагүй байгаа.Харин авсан тохиолдолд эвдрэл, гэмтлийн шалтгааныг тодорхойлуулаад, нөхөж сэргээлгэх тухайн автозам, зогсоолын барилгын ажлыг хийсэн компаниудаар хийлгэнэ.Угаасаа замын барилгын ажил хийсэн компаниудад баталгаат хугацаа заасан байдаг.Үнэндээ цогцолборыг бариад жил ч хүрээгүй байгаа шүү дээ.
-Ойролцоогоор хэдий хэмжээний зам эвдэрсэн юм бол?
-Комисс нь ажиллаагүй болохоор тэрийг хэлж мэдэхгүй байна.
Г.Баярцэцэг

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ