Ам барина гэдэг луйвар хийхтэй адил

Энэ удаагийн дугаартаа Монголын шилдэг гитарчдын нэг, авьяаслаг ая зохиогч, “Никитон” хамтлагийн гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгийтэй ярилцлаа.

-Таны гитар хөгжим сонирхож эхэлсэн тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье?

-Анх хоёрдугаар ангид байхдаа аав ээжээсээ гуйж байгаад тэр үеийн 35-ын банзан гитар авахуулж байлаа. Арван гурван наснаасаа яг идэвхитэй сонирхож, тоглож эхэлсэн.Бараг орц болгон нэг хамтлагтай байсан үе. Манай орцны хамтлаг Дөчин мянгат, Тавин мянгатдаа сайн тоглодог хамтлагийн тоонд ордог байлаа.Тэр хамтлагийнхантайгаа нийлээд л гитар тоглодог байсан даа.

-Таны анхны тайз хаанахын ямар тайз байв?

-Тэр үед одоогийнх шиг Бөхийн өргөө, UB Palaceгэж байгаагүй. Миний хувьд анх гарсан тайз гэвэл Монголын хүүхдийн ордны тайз байлаа. 1984 онд анх тайзан дээр анх гарч байсан.

-“Никитон” хамтлагтай хэрхэн холбогдож байсан бэ?

-1989 онд “Сарны өртөө” гэж тоглолтод Б.Батчулуун анх төгөлдөр хуур, басс гитартай дуулж байсан. Миний санаж байгаагаар “Янаг цэцэг”-ийг дуулж байсан санагдана.Тэр тоглолтын дараа бид хоёр танилцаж байлаа.Тэр үеэс эхлээд л найзалсан найзууд. Б.Батчулууны тэр үед бичүүлж байсан “Янаг цэцэг”, “Сартай шөнийн дуу”, “Цэргийн дуу”, “Минийамраг Дүүриймаа” зэрэг анхны дуунууд дээр нь би гитарын гоцлол тоглож байлаа.

-Хамгийн анхны зохиосон дуу гэвэл?

- Дуучин С.Сэрчмаа, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг нарын дуулсан “Үнэнч сэтгэл” гэж дуу байдаг. Тэр дуугаа 1986 онд “Сэлбэ” хүүхдийн зусланд байхдаа зохиож байлаа.

-Одоогоор хэчнээн дууны ая зохиогоод байна вэ. Тоолж үзэв үү?

-Тоолж үзээгүй. Дөч гаран дуу байгаа байх. Удахгүй болох тоглолтод маань тэр дундаасаа шигшсэн хорин дуу дуулагдана.

-Хэдэн цомог гаргасан бэ?

-Би хоёр цомог л гаргасан. Эхнийх цомгоо 2003 онд “Love songs Uujgii” нэртэйгээр, дараагийн цомгоо 2005 онд “Хорвоод ганцхан ээждээ” нэртэйгээр гаргаж байсан. Би ер нь цомог гаргах тал дээр их хойрго ханддаг хүн. Харин одоо энэ тоглолтын дараа сүүлийн үед зохиосон дуунуудаараа цомог гаргах бодолтой байгаа.

-Та өөрийн фэйсбүүк хуудсандаа номын тухай зөвлөгөө бичсэн байсан. Өөрөө номтой хэр ойрхон хүн бэ?

-Багаасаа ном унших донтой байсан гэж хэлж болно. Бүр хоёрдугаар ангид байхдаа Ярослав Хашекын “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” номыг уншиж байлаа. Ахлах ангид ороод номонд бүр илүү дурласан.Тэр үеийн зузаан гэсэн бүхий л номыг барьж авч уншдаг байсан.“Ядуугийн зовлан”, “Урхи”, “Америкийн эмгэнэлт явдал” зэрэг илүү бодит амьдрал руугаа хандсан зохиолуудад дуртай.

-“Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууны клипэнд эвлүүлгийн найруулагчаар ажилласан уу?

-“Шүүдэр” продакшны хийсэн “Ану хатан” киноны дуу. Тэр клипний зураг авалт дуусад эвлүүлэг хийж байх үед би өөрийнхөө саналыг нэлээд их тусгаж өгсөн. Түүнээс биш миний найруулагч хийнэ гэж юу байх вэ.Тэр дуу миний зохиосон дуу.Тэгэхээр яахав өөрийнхөө дуун дээр л ажилласан гэсэн үг юм даа.

-Дуучин Ж.Алтанцэцэг, “Но­мин талст” хамтлагийн цом­гийн продюссерээр ажиллаж байгаа. Шинэ цомгууд бэлэн болж байна уу?

-“Номин талст”-ын шинэ цомгийн бичлэг дуусчихсан.Миний тоглолтын дараа хэвлүүлэх ажилдаа орно.Дуучин Ж.Алтанцэцэгийн цомгийн хувьд бол шинэ цомгийн ажил эхэлсэн.Одоогийн байдлаар хэд хэдэн ши¬нэ дуунуудаа бичүүлсэн бай­гаа.Ирэх хавар, гурав­дугаар сар гэхэд энэ цомгоо үндсэндээ дуусгах зорилготой ажиллаж байна.

-Ер нь продюссерийн ажил руу ороод байна уу даа?

-“Номин талст” хамтлагтай анх байгуулагдах үеэс нь л хамтарч ажиллаж байсан.Тийм ч учраас шинэ цомгийнхоо продюссерээр ажиллах санал тавихад нь зөвшөөрсөн. Яриа хэлэлцээрийн түвшинд явагдаж байгаа дараа дараагийн ажлууд ч байна.Продюссерийн ажил бол их сонирхолтой ажил юм даа.Тухайн нийгэм, тухайн зах зээлд ямар дуу төрөн гарч, ямар амжилт үзүүлэхийг продюссер тодорхойлж чаддаг байх хэрэгтэй.Манай зарим хамтлаг, дуучид намайг гололгүй сонгож байгаад баяртай байгаа.

-Д.Өлзий-Орших гитараас өөр ямар ямар хөгжим тоглодог вэ?

-Амьд хөгжмийн хамтлагийн нэг онцлог нь нэгийгээ байхгүйд, бүр аргагүйдсэн үед орлох хэмжээний тоглож сурсан байдаг. Яг өөрийнхөө эзэмшсэн хөгжимтэй бол зүйрлэх хэмжээний биш.

-Та хамтлаг, дуучдын дуулах ур чадвар, ялангуяа ам барих асуудал дээр их шүүмжлэлтэй ханддаг. Энэ тухайд?

-Хүмүүс бидний тоглолтыг үзэх гэж хөдөлмөрлөж олсон мөнгөө зарцуулдаг. Тэгэхэд өөдөөс нь CD тавиад амаа хөдөлгөөд зогсч байвал энэ нь үндсэндээ луйвар хийж байгаа хэрэг болно шүү дээ.Би анх гитар тоглож эхлэхдээ энэ утгагүй зүйлийн эсрэг зарчимтай байсаар ирсэн.Тайзнаас хөөгдөтлөө энэ зарчимдаа үнэнч байна гэж боддог.

-Гарын шавь бэлтгэх бодол байна уу?

-Би тийм сайхан ааштай хүн биш. Ер нь шавь болъё гэж ирдэг хүн ч ховор.Ганц нэг ирсэн хүмүүсээ загнасаар байгаад явуулчихдаг.Багшлах эрдэм гэдэг бол огт өөр зүйл юм байна билээ.Багшлах тал дээр манай Д.Энхболд маш сайн.Хүүхдүүдэд уйгагүй зааж чаддаг.Би бол тийм тэвчээртэй хүн биш.

-Удахгүй болох тололтынхоо тухай яриач. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Энэ тоглолтонд Монголын рок попын үе үеийн төлөөлөл болсон, надтай уран бүтээлээрээ холбогдож явсан уран бүтээлчдийн бараг ихэнх нь оролцоно. Дуучин С.Сэрчмаа “Надад итгээч хайрт минь”, дуучин МУГЖ Т.Ариунаа “Харуусал харамсал”, МУГЖ Б.Сарантуяа “Хайрласан сэтгэл”, “Хайрын бурхан”, МУГЖ Ж.Алтанцэцэг “Чамайг үнсье”, “Хайр гэж” гэсэн нэртэй цоо шинэ дуунууд дуулна. Мөн “Хөх тэнгэр”, “Титэм” зэрэг хамтлагууд, байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нөхөрлөж яваа ”Камертон” хамтлаг миний гитарын гоцлолыг нь тоглож байсан дуунуудаар оролцоно. Тоглолт зуун хувь амьд тоглогдоно.Тоглолтын хөгжмийг манай “Никитон” хамтлагийн үндсэн хөгжимчид тоглоно.Дээр нь “Арга билэг” хамтлагийн н.Пүрэвсүх, “A sound” хамтлагийн н.Алтангэрэл нар нэмэгдэн ажиллаж байна.

-Тоглолтонд таны зүгээс үзэгчдэдээ ямар сюрприз барих вэ?

-Тэрийг тоглолтод ирээд үзсэн нь дээр байх. Энэ тоглолт хоёр талын зорилготой болж байгаа.Нэгдүгээрт, ая зохиогч гэсэн утгаар миний зохиосон дуунууд түлхүү дуулагдана.Хоёрдугаарт, миний 1990 оноос хойш өдий хүртэл монголын рок попынхонтой хамтарч ажилласан уран бүтээлүүд багтсан байгаа.Түүнээс гадна би өөрөө хэр хөгжимчин бэ гэдгээ харуулахыг зорьж нэлээд хэдэн гитарын гоцлол тоглоно.

А.Халиун

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ