Ё.Лхагвасүрэн: Хүмүүс улам л бэртэгчин болоод байна

Осол гаргачихаад зугтсан жолооч нарын хариуцлагын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хүмүүс осол гаргачихаад зугтсанаараа ямар хор уршиг дагуулах вэ?
-Ер нь хүмүүс осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Мөн камерийн систем Монголд чамгүй хөгжсөн гэдгийг иргэд ухамсарлаагүй байна. Зугтсан хүнийг барихад маш хялбар болсон.
-Иргэд ослын талаар мэдээлэл өгөх нь ихэссэн гэж сонссон?
-Тийм ээ. Маш хурдан шуурхай өгдөг болсон. Ийм машин осол гаргалаа гэх мэт мэдээллийг шуурхай өгдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхи сайн болж байгаа. Тэгэхээр зам тээврийн осол гаргасан хүмүүс хэргийн газрыг орхиж битгий зугт. Гэмт хэргийн газар заавал ул мөр үлддэг учир угаасаа тухайн хүн баригдах нь гарцаагүй.
-Зугтсан хүний хүлээх ял ихсэнэ биз дээ?
-Авто аваарын гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэмээн хүндэрдэг. Хэрэв хүн дайраад алсан тохиолдолд авто аваарын гэмт хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн гээд 3-5 жилийн хорих ял оноодог. Ингээд ялынхаа 30 хувийг эдлэх юм бол тэнсэн харгалзахаар гаргадаг. Тэгэхлээр энэ бол зөөлрүүлэх гэмт хэрэг юм. Хэрвээ тухайн нөхөр зугтаах юм бол санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ороод 5-10 жил хүртэлх хугацаагаар яллах, мөн дахиад хүний амь нас хохироосон бол таван жилийн ял өгдөг. Нийлээд 13-15 жилийн ял өгнө.
-Тэгвэл машин шүргэчихээд зугтвал ямар хариуцлага ноогдуулах вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Осол гаргачихаад зугтах тохиолдол өмнөх жилүүдээс буурч байгаа юу?
-Буурсан зүйл алга. Хүмүүсийн ухамсар бэртэгчин болоод байгаатай холбоотой л гэж бодож байна. Өмнө нь хүн мөргөчихөөд цагдаагийн байгууллага руу утасдаж буруугаа хүлээдэг. Тэгээд гэмтсэн хүнээ эмнэлэгт хүргэдэг байсан. Ер нь бол гэмт хэрэг хийчихээд тэрнийгээ өөрөө цагдаагийн байгууллагад илчилсэн бол нийгэм болоод олон нийтэд хор уршигтай, хүнд гэмт хэрэг биш л бол ял өгөхгүй.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ