НЭМГ-ын дарга С.Туул хүмүүсийн амиар тоглож байна

-Э.Бат-Үүл даргаа, Ц.Энхцэнгэл орлогч чинь хадмынхаа ашиг сонирхолд үйлчлээд байна-

Нийслэлийн амаржих газруудад төрсөн эх эмчийн буруутай үйлдлээс нас барж, сувилагч буруу тариа хийснээс нярай эндэх тохиолдол гарч олныг шуугиулж байсан нь саяхан. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ч өвчтөнүүдийн санал гомдол тасардаггүй. Энэ бүхэнд Эрүүл мэндийн яам буруутаад өнгөрдөг болохоос бус, Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж нэг байгууллага байдаг гэдгийг мэдэх хүн бараг байдаггүй.

Тус газрын дарга С.Туул дөчөөд ажилтантай НЭМГ-ын даргаар гурван жил ажиллахдаа зургаан тэрбумын төсвийн мөнгийг гарын салаагаар урсгаж, олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл хөтөлбөрхөн хэрэгжүүлэх төдийхнөөр ажлаа хязгаарлаж, харин хов живээр дээд зэргээр хөөцөлддөг нэгэн. Ийм ч учраас их хотын хүн амын эрүүл мэндийн байдлын үзүүлэлт жил ирэх тусам буурч, эмнэлгүүдийн ажил ихэнхдээ навс унажээ. Хориннэгдүгээр зуунд Монгол Улсын нийслэлд эхчүүдэд амаржих газарт ор олдохгүй, заримдаа орон дээр биш шалан дээр амаржихад хүрч байгаа нь нууц биш. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирсэн иргэдийн санал гомдлын 70 гаруй хувийг эрүүл мэндийн байгууллагын ажил үйлчилгээний талаарх санал гомдол эзэлжээ.

Саяхан Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн эмнэлгүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан боловч С.Туулын явуулгаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн эсэргүүцэлтэй тулгараад мухардав. Ц.Энхцэнгэл ажлын хэсэг байгуулагдсан тухай мэдээллийг ЭМЯ-ны вэбсайтаас аваад нийслэлийн харъяа эмнэлгүүдийг ЭМЯ шалгах шаардлага байхгүй гэсэн албан бичиг тарааж, хуулбарыг НЭМГ-ын дарга С.Туулд гэж хаягласан байгаа юм.

Эмнэлгүүдэд өчнөөн зөрчил дутагдал гараад байхад гар хумхин суудаг энэ залуу дарга цахим мэдээллийн мөрөөр ямар яаруу сандруу арга хэмжээ авна вэ. Ц.Энхцэнгэлийн хадам эх С.Туулын үй зайгүй найз бөгөөд энэ л ашиг сонирхол төрийн албанд үйлчилж байгаа нь тэр ажээ. Хүргэн хүүгийн хүзүү бөх ч төрийн албан хаагчийн тангаргаас давж гарч болно гэж үү, Э.Бат-үүл дарга аа.

НЭМГ-ын дарга С.Туулын ажлын арга барил бол ердөө л хов жив хөөцөлдөж, бусадтай тооцоо бодох. Тухайлбал, Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Х.Хуланг 2012 оны тавдугаар сард үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Х.Хулан ч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012.07.19-ний өдрийн 1095 тоот шийдвэр, УДШ-ийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012.11.20-ны өдрийн 701 тоот тогтоолоор Х.Хуланг ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэж, үүнийг эсэргүүцсэн С.Туулын гомдлын дагуух иргэний хэргийг УДШ-ийн Ерөнхий шүүгч хянаад шүүхийн дээрх тогтоолыг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Мөн УДШ 2013.05.07-ны 53 тоот тогтоолоороо ч үүнийг бататгажээ. С.Туулын төрсөн дүү С.Батдэлгэр УДШ-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд тэр үеэс л тэрээр удирдлагандаа ажиллагсдыг элдвээр дарамталж, заавал дээр нь гарч сурсан хүн хэмээн эмнэлгийн ажилтнууд одоо ч ярьж байна. С.Туул албан тушаалаа урвуулан ашиглаж, олон хүнийг хордлогод оруулан амь насыг нь дээсэн дөрөөн дээр оруулсныхаа дараа өөр эмнэлэгт аваачиж эмчлүүлж байсан “Алтан элс” эмнэлгийн мэргэжлийн бус хүнд Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон шигээ хууль бус үйлдлээ одоо ч давтсаар явна.

Наркологийн эмнэлгийн Х.Хуланг ерөнхий эмчээр ажиллаж байсан үеийн 2011.12.26-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийг 2012.07.10-ны өдөр томилогдсон Н.Дэмидмаагийн нэр дээр хүртэл улсын бүртгэлийн дугаарыг нь өөрчилж, хуурамчаар үйлдсэн нь хүнийг ажлаас хууль бусаар халахын тулд ямар башир арга хэрэглэж сурснытод жишээ. С.Туулын балгаар их хотын эрүүл мэндийн манаанд зогсож байгаа олон эмнэлгийн хамт олон хагарч бутарч, ажлын төлөө ам ангайхаас ч айдаг арчаагүй байдалд орсныг олон хүн халаглан ярьж байна.

Хамгийн гол нь НЭМГ-ын дарга С.Туул 2010 оноос хойш гурван жил нийслэлчүүдийн эрүүл мэндээр тоглож байгаа нь даанч дэндэнэ. Зөвшөөрөлгүй барилга бариулж, хүний амь нас хохироож байсан НМХГ-ын дарга С.Бямбасүрэн нэг хэсэг Э.Бат-үүл даргын өөдөөс цамнаж, ажлаа өгөхгүй гэж байсан шиг төрийн алба цалгардуулсан авгайчуудын нийгэмд учруулж буй хорт нөлөө залуучуудыг ч гүнзгий хордуулж байна.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ