Өнөөгийн хуулиас “эрэгтэй, эмэгтэй хоёр...” гэснийг өөрчильеье


-Эрхэм гишүүдээ энэ балай юм биш-
Одоо хүчинтэй байгаа “Гэр бүлийн тухай хууль”-ийн 6.1-д, “18 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно” хэмээн заажээ.Өнөөдөр бидний мөрдөж буй хууль юм. Өнөөгийн өнцгөөс харахад энэ заалтад хүний эрх ноцтой зөрчсөн гэхээр алдаа байна. Өөрөөр хэлбэл, шууд хүйс заачихаж. Дээрх хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөд харин өөрөөр тусгахыг эрмэлзсэн сурагтай. Тэр заалт орж, батлагдан хэрэгжвэл, дээрх заалтын хүйс тодорхойлсон хэсэг буюу “эрэгтэй, эмэгтэй хоёр” гэдгийг авч таарах нь ээ.
Тэгвэл өмнөх заалт “Насанд хүрсэн Монгол Улсын иргэд буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно” гэж өөрчлөгдөх ажээ. Яг ингэвэл ЛГБТ/лесби, гэй, бисексуал, трансжендэр/ хүмүүсийн хувьд хүний чухал эрх болох гэрлэх эрх нь баталгаажих юм. Ингэснээр “Гэр бүлийн тухай хууль” жинхэнэ хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хууль болно. Ийм заалтгүй хуультай ардчилсан улсууд дэлхийд цөөнгүй. Бидэнд нэг давуу тал байдаг. Ерөнхийдөө ардчиллыг манлайлж явдаг билээ. Энэ талаасаа харвал, яалт ч үгүй эл заалтыг оруулж батлах нь зүйд нийцнэ. Дэлхий нийтийн чиг хандлага хүссэн ч, хүсээгүй ч тийшээ явж байна. Хуулийн төсөл хэлэлцэх үед зарим гишүүн “Энэ балай юмыг оруулж яах юм” гэцгээжээ. Эрхэм гишүүдээ энэ балай юм биш шүү.
Далимд хэлэхэд, хүний эрх зөрчсөн бас бус заалтыг ч өөрчлөх хэрэгтэй байх. Тухайлбал, одоогийн хуулийн наймдугаар зүйл, тэр дундаа эхний хоёр заалтыг өөрчилбөл зохино. Эхний буюу 8.1-д, гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна. 8.2-т, гэрлэхийг хүсэгчийн хэн нэг нь өнгөний болон, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчний шинж тэмдэгтэй бол мэргэжлийн эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэнэ гэжээ. Эдгээр нь зарим хуулийн “...иргэдээс ХДХВ/ДОХ-ын шинжилгээ шаардахгүй” гэсэн заалттай харшилдаж буй. Мөн иргэд, үзлэг, шинжилгээнд сайн дураар хамрагдана гэснийг ч зөрчиж байна.Энэ бүхэн мөн чанартаа хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд байгаа хэрэг.
Тиймээс дээр өгүүлсэн заалтуудыг хэрэггүй гээд байгаа юм. Ингэж чадвал бид иргэдээ сая тэгш эрхээр хангаж чадна. Нэг үгээр, ялгаварлан гадуурхахыг таслах болно. Эхээс мэндэлсэн л бол эрх тэгш гэдэг чинь биелнэ. Мэдээж би энэхүү бичвэртээ ЛГБТ хүмүүсийн эрхийг чухалчилсан болно. Тэднийг орхичихоод хүний эрх, ардчилал ярих эрх бидэнд байхгүй. Эдний эрх өнөөдөр ч ноцтой зөрчигдсөн хэвээр. Энэ тухай ярихын тулд эхлээд бяцхан тайлбар хийе. Нэр томьёоны хувьд ЛГБТ-ийг товчлох, монголчлох боломжгүй гэх юм билээ. Тэгэхээр цаашид ЛГБТ хүмүүс гэдгээр хэвшхээс өөр аргагүй. Юуны өмнө бэлгийн хийгээд хүйсийн чиг баримжаа гэх ойлголтыг тодорхойлох хэрэгтэй.
Бие махбод, хайр дурлал, зүрх сэтгэлийн хувьд аль нэг, эсхүл аль аль хүйсийн хүмүүст татагдах төрөлхийн чанартай үзэгдлийг бэлгийн чиг баримжаа гэнэ. Дотроо гурван төрөл. Гетеросексуал буюу эсрэг хүйсийнхэнд, ижил хүйсийнх буюу лесбиян, гэй хүмүүс адил хүйсийнхэндээ, бисексуал буюу аль аль хүйст чиглэсэн бэлгийн чиг баримжаа гэх. Хүйсийн чиг баримжаа нь тусдаа билээ. Охин эсвэл хүү, эмэгтэй эсхүл эрэгтэй гэдгээ мэдрэх хүний дотоод мэдрэмжийг хүйс хэмээнэ. Трансжендэр хүмүүс өрийгөө мэдрэх, тодорхойлох хүйс нь харин тэдний төрөлх хүйстэй хийцдэггүй аж. Трансжендэр хүмүүс хүйсийнхээ илэрхийллийг төрөлхийн хүйстэйгээ бус, өөрийгөө мэдэрч буй дотоод хүйсийнхээ мэдрэмжтэйгээ нийцүүлэхийг хичээдэг юм байна. Эрэгтэйгээс эмэгтэй, эмэгтэйгээс эрэгтэйд чиглэх нь ихэвчлэн тохиодог тухай ярьдаг.
Практикаас харахад тийм бололтой. Интерсекс гэсэн нэр томьёо байх. Биологийн хүйсийг нь тодорхойлох боломжгүй хэсэг. Манайхан манин ч гэдэг. Энэ мэтчилэн яриад байвал их юм бий. Одоо эрхийг нь яръя. Шуудхан хэлэхэд, эдний эрх улс орны бүхий л салбарт зөрчигддөг. Тэр талаар детальчлан өгүүлбэл барахгүй. Амин чухал салбарт хэрхдэг талаар хамтдаа харъя л даа. Үндсэн хуулиар бол хүн бүхэн сурах эрхтэй. Тэд ч сурдаг. Тэгэхдээ машид гадуурхагддаг. Хамт олон, ангийнхан нь элдвээр хочлох, гоочлох, доромжлох, дээрэлхэх, дарамтлах гээд л үргэлжилнэ. Үүнээс үүдээд сургуулиа ойр ойрхон солих, хичээлдээ дургүйцэх, завсардах, бүр орхих болдог. Сурах эрх нь хязгаарлагдчихаж байгаа хэрэг л дээ. Эрүүл мэндийн тусламж авах нь ч хязгаартай. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд хөндий харьцах, хүйтэн цэвдэг хандах, үл тоомсорлох, үзэхээс цааргалах, биесээс зайлуулах гэхчлэн гадуурхдаг нь харамсалтай.
Тэд тэгэхээр бусад нь арга байж уу. Гэхдээ сүүлийн үед харьцангуй нааштай болсныг мэргэжлийн хүн ярина билээ. Хамгийн хэцүү газар ажлын байр гэнэ. Үнэн л дээ. Наад зах нь бичиг, баримтын бүрдүүлэлтээс л эхэлнэ. Харахад эмэгтэй хэрнээ бүртгүүлэхэд зайлшгүй эр болчих жишээтэй. Төрсний гэрчилгээ дээр нь тэр овогтой тэр, эр гээд биччихсэн юмыг яалтай. Нээлттэй ажлын байр олдохгүй нь мэдээж. Арайхийж нэг ажилд орвол харагдах байдлаасаа нүд үзүүрлэгдээд эхэлнэ шүү дээ. Гэр бүлдээ ч зөрчилтэй гээд байвал дуусахгүй. Ийм хүмүүсийг ерээд он хүртэл газар сайгүй л гаж донтон гэдэг байлаа. Гэтэл ДЭМБ-аас 1992 онд үүнийг "өвчин, гажиг биш" хэмээн доторхойлжээ. Төрөлхийн чанартай, эрүүл үзэгдэл гэж үзсэнийх биз. Энэ үеэс тэдний эрхийг дэлхий даяар хүндэлж эхэлсэн гэчихэд хилсдэхгүй. Албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэхэд ч болно. “ЛГБТ хүний эрх бол хүний эрх. Хүний эрх бол ЛГБТ хүний эрх” гэсэн алдартай онч үгээр завсарлая. Давын өмнө “Гэр бүлийн тухай хууль”-д дээр өгүүлсэн ганц заалт оруулчихвол болмоор байна. Бусдыг шат дараатай хэрэгжүүлж болох биз ээ.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ