Ш.Сайхансамбуугийн ярьсан гурван ширхэг хонгио хураагдсан

"Нарантуул" олон улсын худалдааны төвд цахилгаанаас үүдэн гал гарсан хэмээх дүгнэлт гарсан. Гэвч уг дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ингээд галын дүгнэлтийн талаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогтой ярилцлаа.
-Галын дүгнэлт гарлаа. Нийт хэчнээн хүний бие бүрэлдэхүүнтэй ажиллав?
-Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өглөөний зургаан цаг 10 минутад олон улсын “Нарантуул” худалдааны төвд гал гарч, Онцгой байдлын газарт галын эхний дуудлага зургаан цаг 21 минутад ирсэн байдаг. Дээврийн материалаас үзэхэд гал тархах хурд нь объектийн нэг, хоёрдугаар давхрын гал тархах хурднаас харьцангуй өндөр байх үндэслэлтэй байсан. Дээврийн төмөр нь галын дөлөнд уярч гол хэсгээрээ дотогш нумарч унасан байсан нь гал унтраах болон эд зүйлийг аврах ажиллагаанд их хүндрэл учруулсан. Хүнсний зах бүхэлдээ шатсан тул цахилгаан сүлжээ ямар байсныг тодорхойлох боломжгүй, харин 103 цахилгааны самбарыг хурааж авсан. Гал унтраах үйл ажиллагаанд манай мөрдөн байцаагч нар, галынхан гээд үүрэг гүйцэтгэгч алба хаагч нар нийт 33 цаг ажилласан.
-Галын дүгнэлтийн талаар?
-Галын дүгнэлтийг иргэд их сонирхож байгаа. Мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолын дагуу онцгой байдлын газрын галын шинжээч гурван хүнийбүрэлдэхүүнтэй комисс ажиллаад дүгнэлтийг албан ёсоор өнгөрсөн пүрэв гариг гаргалаа. Дүгнэлтээр хүнсний захад санаатайгаар гал гаргасан гэх ул мөр, шинж тэмдэг огт илрээгүй. Тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөөгөөр гал үүссэн гэх дүгнэлт гараагүй. Гал гарсан шалтгаан нь хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Тэр гал өдөөгдөж цааш гал ихсэх шалтгаан болсон. Анх гал гарахад байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсрэх, дэлбэрэх болон бензин, солярка, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга байна. Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн тулганы баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 50 орчим ширхэг 18 литрийн савтай шар тос, бусад бүтээгдэхүүнүүд галыг богино хугацаанд дэлгэрэхэд маш хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр хийц, шаланд үзлэг хийхэд байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсэрч, дэлбэрэх бодисонд өртсөн гэх шинж тэмдэг байхгүй, дээврийн төмөр их хэмжээний халуунд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж тэнд доороос дээш чиглэлтэй цооролт үүссэн байсан. Дээврийн төмөр шаталтанд улайсаад залгаасаараа цоорч урагдсан. Бид дээврийн төмрийн цооролттой хэсгийг хэсэгчилж тасалж авч үзээд өөрсдийншинжээчийг томилж дүгнэлт гаргуулахадгалын шинжээчийн дүгнэлттэй таарч байсан.
-Галын дүгнэлт нэлээн удаж байж гарлаа?
-Манай мөрдөн байцаагч нар энэ хэрэг дээр үнэхээр уйгагүй ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэргийн газрын үзлэгийг нийт зургаан удаа хийсэн. Хамгийн сүүлд хохирогч нарын төлөөллийг байлцуулан шаланд бүрэн цэвэрлэгээ хийсэн. Ер нь хэргийг шалгах үйл ажиллагаа болгонд хохирогчдын төлөөллийг байлцуулж бүх цахилгааны утас, хийн баллон, шаардлагатай эд зүйлсийг зайлуулж авсан. Шинжээч томилон нийт 53 төрлийн дүгнэлт гаргасан.
-УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу галыг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа?
-Хэргийн газрын нөхөн үзлэгээр гурван ширхэг ака бууны хонгио хураагдсан. Тэр сум бол буудлага үйлдэгдээгүй, бүтнээрээ байсан сум гэж үзэж болно. Энэ нь их хэмжээний галд хошуу хэсэг нь хайлаад хонгионоос /хойд гол төмөрт цохигчгүй болсон/ салсан байдалтай олдсон. Энэ утгаараа галыг өдөөсөн зүйлгүй, буудагдаагүй сум юм. Нарантуул зах дээр ил, далд хууль бус аргаар их хэмжээгээр зарагддаг, ака буунд хэрэглэгддэг сум. Хэн нэгэн лангууны эзэнд хадгалагдаж байжээ гэж ойлгож болно.
-Хохирогчоор хэдэн хүн тогтоогдоод байна. Хохирлын хэмжээний талаар?
-Нийтдээ 448 хүн хохирогчоор байцаалт өгч нийлбэр дүнгээрээ 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл байсан гэж тогтоосон. Үүнийг нь албан ёсны үнэлгээний комиссыг томилж шалгуулахад хол зөрсөн юм байхгүй. Нэг ёсондоо илүү үнэлж байгаа хохирогч нар байхгүй. Үүнээс таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаан олгосон. Үлдсэн 10 тэрбум гаруй төгрөгөөр хохирогчид хохирчээ гэж үзэж болно.
-Хохирогчдод буцаан олгосон гэдгийг тодруулаач? Хохирлыг Нарантуул захын эзэд барагдуулсан хэрэг үү?
-Хэргийн газрын удаа дараагийн үзлэг хийгдсэнээр агуулахын эд зүйл ихэнхи нь бүрэн бүтнээрээ олдсон. Мөн бэлэн мөнгө, гадаадын мөнгөн дэвсгэртийг /америк доллар/ олж хурааж авсан. Үзлэгийн явцад эд зүйл, иргэдийн ломбардад тавьсан эд зүйл олноороо хураагдсан. Энэхүү удаа дараагийн үзлэгээр хурааж авсан мөнгө, ам.долларыг бид Монгол банкинд шинжээч томилж хүргүүлсэн.
Монгол банк бидэнд тусалж албан ёсоор шинжилгээний бүрэлдэхүүн томилж дэвсгэртүүдийг нэг бүрчлэн үзэн, сольж болох эсэх дээр дүгнэлт гаргаж ирүүлсэн. Ингээд уг шинжилгээний үр дүнгээр нийтдээ 42 сая төгрөгийг Монгол банк бэлнээр сольж өгсөн. Энэ бол манай мөрдөн байцаагч нарын уйгагүй ажиллагааны үр дүн юм шүү. Уг мөнгийг хэн, хэний мөнгө болох талаар хохирогч нарын байцаалт, мэдүүлгийг нарийвчлан үзэж тогтоогоод тэдэнд хүлээлгэн өгсөн. Энэ нь бэлэн мөнгөтэй байгаад тэр нь шатахдаа тал хэсэг нь үлдсэн нь тогтоодсон хохирогч нар гэсэн үг шүү дээ.
-Гадаад валютыг бас солиулж нөхөн олгосон гэсэн үг үү?
-Энд хэргийн газрын үзлэгээр хураагдсан 40,000 ам.долларын асуудлыг бид АНУ-ын зохих газарт хүсэлт тавьж албан бичиг явуулсан байгаа. Учир нь өөрийн улсын мөнгөн дэвсгэртийн талаар тухайн улс хэрхэн шийдвэрлэх тухай хариуг хүлээж байгаа юм.
-Хэдийгээр олон хүн хохирсон гэж тогтоогдоод байгаа ч бас Нарантуул худалдааны төвийн эзэд ч хохирч байгаа. Энэ хохирол нь дээр хэлсэн тоонд орсон байгаа юу?
-Нарантуул ОУХТ-ийн хохирлын асуудал энд огт ороогүй. Барилга байшингийн үнэлгээний асуудлыг одоо тогтоохоор ажиллаж байна. Одоо тогтоогдоод байгаа учирсан хохирол дээр мөн тухайн хэргийн газар дээр ажилласан, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын шатахуун, ус гээд бусад зардлууд ч нэмэгдэж орж ирнэ.
-Хэргийн хохирогч нь бас арилжааны банк байгаа шүү дээ. Хоёр ч бэлэн мөнгөний машин байсан гэдэг?
-Худалдааны төв дотор банкны хоёр бэлэн мөнгөний машин байсан. Уг мөнгийг мөн шинжээч томилоод шатсан хэсгийг нь нураачихалгүй Монголбанкинд аваачиж өгснөөр 21 сая төгрөг нь сольж өгөх боломжтой болж, буцааж "Голомт" банкинд хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн газрын үзлэг маш нарийн нягт,удаан хугацаанд хийгдсэн болохыг харуулж байгаа юм.
-Тэгэхээр хэрэг эцэслэн шийдэгдэх болжээ?
Энэ дүгнэлтээр хэн буруутай вэ? гэдэг асуудлыг тодорхой авч үзнэ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ