ГССҮТ-ийн өвчтөнүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр байна

Өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилогдсон Ц.Энхбаяр гэх хүнийг хууль бусаар томилогдсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал, эхогийн эмч мэргэжилтэй хүн ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилогдох нь хэр зөв зүйтэй, болох, энэ албан тушаал дээр тохирох хүн мөн үү, биш үү гэдэг асуудлыг тавьж байв. Мөн Ц.Энхбаяр томилогдсоноосоо хойш Сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, Бодлого стратеги, гадаад харилцаа хариуцсан дэд захирал гэх мэт эмнэлэгт хамгийн чухал гэгдэх албан тушаал эрхэлж байсан найман хүнийг ажлаас нь халж, орных нь хүнийг авсан гэв. Тиймээс түүний эл үйлдлийг ГССҮТ-ийг боловсон хүчингүй болгох гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн 91 эмч халагдах өргөдлөө өгчээ. Тэдний 48-д нь байгууллагын зүгээс ажлаас халах боломж байхгүй гэсэн мэдэгдэл өгсөн байна. Гэсэн ч энэ мэдэгдлийг нь эмч нар хүлээж аваагүй байна. Ингээд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Буянтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сарын 30-наас хойш ажлаа хийхгүй гэсэн үг үү?

-Ажлаас халагдах өргөдлөө өгсөн хуулийн хугацаа нь энэ сарын 30-нд дуусах юм. Хэрвээ энэ хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхгүй бол дараа нь үүсэх нөхцөл байдлын хариуцлагыг шийдвэр гаргаж томилгоо хийсэн эрүүл мэндийн сайд, шийдвэрийг хэрэгжүүлсэн эмчилгээ эрхэлсэн дэд захирал нар хүлээнэ гэдгийг албан ёсоор хэлье. Энэ сарын 30-наас хойш бидний 91 эмчийн хөдөлмөрийн гэрээ автоматаар цуцлагдаж байгаа юм.

-Танай эмнэлэгт зургаан цагт очсон хүнд өвчтөнд 10 цагт хагалгаа хийснээс болж нас барсан гэж яриад байна?

-Гуравдугаар эмнэлгээс судасны мэс заслын эмч авчрах тухай яриа гарсан. Яагаад гэхээр манай судасны мэс заслын эмч болох Н.Шагдарсүрэн, Н.Бүргэд гэж хоёр эмч ажлаасаа халагдсан байсан. Гэхдээ тухайн хүний биеийн байдал маш хүн байсан болохоор бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад мэс засалд орсон. Хагалгаа амжилттай болсон. Гэхдээ аливаа мэс засал эрсдэл дагуулж байдаг. Ялангуяа тэр хүний гүрээний артерийн том судас бүрэн тасарсан байсан. Тэгээд хагалгааны дараа биеийн байдал нь хүндэрсээр нас барсан харамсалтай явдал болсон. Цаг хугацаа алдсанааас болж амиа алдсан юм байхгүй.

-Өвчтөний биеийн байдал анх ирэхдээ ямар байсан юм бэ?

-Үнэхээр хүнд байсан. Тархийг цусаар хангадаг том артерийн судас тасарчихсан байсан.

-Энэ мэтчилэн өвчтөнүүдийн эрүүл мэнд, амь нас хутганы ирэн дээр ирчихсэн байна шүү дээ, 100-аад эмч ажлаасаа халагдах өргөдлөө өгчихсөн гэж байна. Эмчийн тангараг гэж зүйлийг яах вэ?

-Бид халагдах өргөдлөө өгсөн ч гэсэн өдий хүртэл нэг ч өвчтөнөө хөсөр хаяагүй. Эмчийн тангарагаа бодоод ажилласаар байна. Харин бидний шаардлагыг хүлээж авахгүй бол энэ сарын 30-наас хойш ГССҮТ биднийг нөхөж ажиллах, огт өөр, шинэ эмч нартайгаар цаашид ажиллах байх.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ