Дээрэм хийж зугтсан этгээдүүдийг саатуулсан оюутан хүүг шагнав

ХААИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ёндонжамц энэ оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 13 настай охины гар утсыг булааж зугтсан хоёр гэмт хэрэгтний араас гүйн саатуулж, тэднийг дүүргийн цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн.

Тухайн этгээдийг шалгахад хэрэг үйлдсэн хоёр залуу ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд бөгөөд өмнө нь 17 настай оюутан охины гар утсыг булаан зугтсан үйлдлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан болохыг тогтоосон байна.

Оюутан залуу иргэнийхээ үүргээ биелүүлэн цагдаагийн албаны ажилд сайн дурын туслалцаа үзүүлж байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Ийнхүү гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд авхаалж самбаа, эр зориг гарган, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлснийг нь үнэлэн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргалын тушаалаар оюутан Б.Ёндонжамцыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр ХААИС-д очиж оюутан залуус, хамт олных нь өмнө гардуулан өглөө.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийг сургуулийн ойр орчимд, сургуулиас гэр хүрэх замд нь айлган сүрдүүлж, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булааж зугтаах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж, осол аваарт өртөх зэрэг хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насны хүүхэд хохирогч болох нь олширдог.

Иймээс сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн цагдаагийн газраас "School police" төслийг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү төсөл нь эцэг, эхчүүд жилдээ нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүл тойруул хийснээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөхгүй, хохирохгүй байх орчинг бүрдүүлэх гол ач холбогдол нь юм.Мөн эцэг эхчүүдэд хүндрэл чирэгдэл багатай, хүүхдүүд аюулгүй орчинд байх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаа юм.

Цагдаагийн албаны эргүүл, гэрэлтүүлэгтэй, камержуулсан гудамж талбай, нийтийн эзэмшлийн орчинд гэмт хэрэг, зөрчил бага гардаг шиг зохион байгуулалттай эцэг эхчүүдийн эргүүл гарснаар тухайн сургуулийн орчинд аюулгүй орчин бүрдэх юм.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч гэсэн олон нийтийг түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тухай заасан байдаг.

Үүнд 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулан ажиллаж, энгийн иргэдийг хэв журам сахиулах ажилд тэднийг татан оролцуулах ажил идэвхжин дэлгэрүүлэх юм. Иргэн бүр оюутан залуу Б.Ёндонжамц шиг иргэнийхээ үүргээ биелүүлэн цагдаагийн албаны ажилд сайн дурын туслалцаа үзүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагаанд оролцож байхыг уриалж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ