Эмнэлэгт дарга биш, эмч хэрэгтэй
Эмнэлгийн, тэр дундаа Гэмтлийн эмнэлгийн явдал хэрээс хэтэрлээ. Даргын төлөөх тэмцлээс болоод хотын нэг том эмнэлгийн ажил зогсов. Яг одоо илэрч байгаа нь Гэмтлийн гэх эмнэлэгт болохоос, угтаа бол Монголын бүх эмнэлэгт хамаатай гэхэд хилсдэхгүй. Захын нэг эмнэлгийн даргыг өнөөдөр солих гээд үз дээ. Ширүүн эсэргүүцэлтэй тулна даа. Төвийн эмнэлгүүдийн өнөөгийн хүн хүчийг ерөнхийд нь нэг багцаалдвал, АУДС-ийг 80-90 онд төгсөгчид бүрдүүлж байгаа нь харагдана. Бүх эмнэлгийн тасгийн эрхлэгчээс дээших албан тушаалтнууд яг энэ үеийнхэн. Өөрөөр хэлбэл, дөчөөс дээш насныхан. “Дөрөв дарсан ат, дөч хүрсэн эр” гэдэг талаас нь харвал яалт ч үгүй нэг эмнэлэг байтугай, бүхэл бүтэн улсын ачааг үүрэх тэнхээтэй улс нь мэдээж. Тэгж ч байгаа.
Яагаад эдний талаар математик маягийн гаргалгаа хийгээд байна вэ гэхээр нэгэн үеийнхэн, бараг армийнхан байгаа биз. Нэгэн цаг үед, нэгэн тогоонд “буцалж” асан тэд одоо амь нэгтэй байх нь ойлгомжтой. Багш нар нь ч сэрүүн тунгалаг. Тэгэхээр багш, шавь, шавийн шавь гэсэн гурван үе гарч ирж байгаа юм. Тэрүүгээрээ холбогдоод, танил талын, найз нөхдийн хүрээ үүсчихгүй юу. Тэр нь хүссэн ч, эс хүссэн ч батжаад мафижиж орхижээ. Мафи гэхээр заавал зохион байгуулалттай бүлэг байх албагүй. Тэр дундаа манайх шиг жижиг газар тэгэх ч шаардлагагүй. Утсан холбоотой, мэнд устай байхад л болоод явчихна. Аливааг дотроо шийдээд, өөрсдөдөө ашигтайгаар хувиргаад ирсэн тэднийг одоо хэн ч, яаж ч чадахгүй.
Л.Гүндалай сайд байхдаа үүнийг эмхлэх гээд чадаагүй юм. Тэр Германд сургууль төгссөн болохоор танил талаар ч маруухан байсан нь нөлөөлсөн биз. Түүний үг, шийдвэрийг ёстой нохой хуцсаны дайтай сонсоогүй ш дээ. Сүүлдээ өөрөө буруудах шахсан. Шахсан ч гэж дээ. Мань эрийн буруу болоод л өнгөрсөн ш дээ. Дараа нь С.Ламбаа яалаа. Бас нэг “дуугарчихаад” баларсан шүү дээ. Эмч нарын бүлэг дотор С.Ламбаа ганцаардалгүй яахав. Тиймээс тэр чимээгүйхэн довоо шарлуулж яваад л өнгөрөөв. Одоо үйлтэйгээрээ Н.Удвалын ээлж ирээ юу даа. Тэр өөрөө эмч мэргэжилтэй ч үеийнхэн нь арай өтөлчихөж. Тун удахгүй тэтгэвэртэй гарах өвгөд, эмгэдийн үгийг хэн авахав.
Ай даа, яг одоо 45-55 настай, шүдээ хүртэл “зэвсэглэсэн” арми байна цаана чинь. Тэдэнтэй одоохондоо зохицохоос аргагүй. Өөр яалтай билээ. Яагаад гэвэл яг өнөөдөр эмнэлэгт эмч хэрэгтэй байна. Шуудхан хэлчихэд дарга сонин биш. Нэг дарга уу, нэг эмч үү гэвэл мэдээж хэн ч эмч л гэх байх. Ийм эгзэгтэй цагт маргааныг орхих нь л зөв байх. Буулт хийгээд ч хамаагүй өнгөрөөцгөө гэж зөвлөх байна. Авч ч болдоггүй, хаяж ч болдоггүй та нарын маргааны ард ард түмэн л хохирно. Хүний амь нас эрсдэнэ. Эхчүүд, хүүхдүүд гээд яривал эмгэнэлтэй юм болж мэднэ шүү. Дахин хэлэхэд эмнэлэгт дарга биш эмч хэрэгтэй байна. Ялангуяа яг өнөөдөр. Бусдыг дараа нь, явцын дунд, аажмаар шийдвэл яасан юм бэ.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ