Н.Хүрэлбаатарын хэргийг АТГ-т шилжүүллээ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг УМБГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байсан бол харьяаллын дагуу АТГ-т шалгахаар болжээ. Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Мөн уг хэрэгт түүний хүү Х.Энхбат, иргэн Н.Батаа нарыг хамт шалгаж буй. Тодруулбал, Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан. Тухайн үед Х.Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ