ГССҮТ эмчгүй болж, нэг хүний амь эрсэдлээ


“Ачтан элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаярыг ГССҮТ-ийн захирлаар өнгөрсөн есдүгээр сарын 18-нд томилсон. Гэвч тус төвийн ажилчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ажил хаялт зарлаад байсан. Харин үүнд эгдүүцсэн Ц.Энхбаяр Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, Бодлого стратеги, гадаад харилцаа хариуцсан дэд захирал гээд тус эмнэлэгт хамгийн чухал гэгдэх албан тушаал эрхэлж байсан найман хүнийг ажлаас нь халсан юм. Харин томилогдсон захирлаа хүлээн зөвшөөрөөгүй 91 эмч халагдах өргөдлөө өгсөнөөс 48-ынх нь хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж шинэ удирдлага нь мэдэгджээ. Тэгвэл тэдний эл үйлдэлд иргэд хохирч байна. Тодруулбал, Энэ сарын 24-25-нд шилжих шөнө гүрээндээ хутгалуулсан, гүрээний артерийн том судас нь бүрэн тасарсан оноштой өвчтөн ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Гэвч судасны мэс заслын эмч Н.Шагдарсүрэн, Б.Бүргэд нар ажлаасаа халагдсан учраас эмнэлгийнхний зүгээс нөөц бололцоогоо ашиглан мэс засал хийсэн байна. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараа биеийн байдал нь хүндэрсээр нас баржээ. Ийнхүү эмнэлгийн салбарын халаа сэлгээнээс болж, 25 настай залуу цэл залуугаараа хорвоог орхисон харамсалтай хэрэг гарлаа.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ