Б.Даариймаа: Би нутаг, аав, ээж гурвыгаа л их ярих дуртай хүн дээ


“Сонгодог гэр бүл” сонины эрхлэгч, зохиолч, яруу найрагч Баттөрийн Даариймааг дугаарынхаа зочноор урьж ярилцлаа. Түүний эрхлэн гаргадаг “Сонгодог гэр бүл” сонин IV улиралын хэвлэл захиалгад оржээ. Тодруулбал,уншигч таны гэр бүлийн амьдралд ашиг тусаа өгөх хэвлэл нэгээр нэмэгдсэнийгдуулгахад таатай байна. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагаа толилуулъя
Таныг Хөвсгөл нутгийнх гэдгээр мэдэх юм байна. Өөрийгөө манай уншигчдад товчхонтанилцуулаач?
Тийм ээ. Аав маань Хөвсгөл аймгийн Их-Уулынх, ээж маань Тариалангийнх. Минийбага нас Тариалангийн Гурван Бадрах уулынхаа энгэр, бэлд тоглож наадсаар бусдын адил ард үлдсэн дээ. Нутагтаа тэр болгон очоод байж чадахгүй юм. Манай сумын баруун талаар Улаан чулуутын, зүүнтэйгээр Шивэртийн гол урсана. Хэдэн жилийн өмнө очиход урсгал нь бараг тасрах нь уу гэлтэй байсан. Одоо чухам юу бол оо бол, мэдэхгүй байна даа. Би чинь нутаг, аав, ээж гурвыгаа л их ярих дуртай хүн шиг байгаа юм.
Харин намайг арай л балчир байхад аав минь бурхны оронд очсон санагддаг. Тэгэхэд би найман нас хүрч амжаагүй байсан гэдэг. Уг нь би аавдаа шүлгээ л нэг сонсгох байсанюм. Гэхдээ миний аавыгаа санасан сэтгэл,
…Цайран цэнхэртэх хээрийн цэцэгс ургахад
Цаанаа л нэг гуниг амдан хэрж
Эрвэгнүүлсэн салхи хацрыг минь алгадахад
Энэлэн гутарч гансраад ч инээмсэглээд угтах биш дээ аав минь… гэсэн шүлэг тэрлүүлж байлаа. Сая би “Инээмсэглээд угтах биш дээ аав минь” шүлгээсээ нэг бадгийг хэллээ. Бурхан надад яваад очиход инээмсэглэн угтдаг өр нимгэн буурал ээжийг минь харин үлдээсэн дээ.
Одоо намайг Баттөрийн Даариймаа гэхээсээ илүү сэтгүүлч Даариймаа гэвэл хүмүүс бага зэрэг мэдэх болж дээ. Мэдээж таньдаг хүмүүс маань шүү дээ. Би 1999 онд УЗДС-ийг төгсөж мэргэжлийн сэтгүүлч болсноос хойш өнөөдрийг хүртэл өдөр тутмын сонинд ажиллаж ирлээ. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрөх юм. Сонинд сэтгүүлчээр ажиллаад арав гаруй жил болчихож. Одоо би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ингэхэд өөрөө Хөвсгөлийнх биш биз дээ?
Танай Тариалангийн залгаа Эг-Үүр /Эрдэнэбулган/-ийнх шүү дээ.
Би зөрүү бодоогүй юм байна. Нутгийнхаа хүмүүстэй уулзаж ярихад сайхан байдаг юм, надад.
Баярлалаа. Надад ч гэсэн. Сүүлийн үед Таны эхлэн гаргах болсон “Сонгодог гэр бүл” сонин олон хүний анхаарлыг татах боллоо. Яагаад гэр бүлийн чиглэлээр сонин дагнан гаргах болов. Мөнгөтэй болох, нэр алдраа өсгөх боломжтой олон чиглэл, сэдэв бий шүү дээ?
Ном,сонин бэлтгэх, хэвлэх зардал өндөртэй, худалдах өртөг багатай төрөл гэдгийг мэдэх хүн нь мэднэ. Угтаа бол хүний оюуны бүтээлээс гадна бусдад байнга мэдээ мэдээлэл, мэдлэг боловсрол олгодгоороо бол хүндэтгэлтэй хандах, бүр хамгийн үнэтэй зүйл байх ёстой юм. Одоо үед мэдээ мэдээллийгхүмүүс олон сувгаар авдаг болсон. Харин өөрт хэрэгтэйгээ олж, улмаар цааш судалж мэдлэг боловсролын хэмжээнд хүргэх нь чухал байх. Тэгэхээр номтой ярих юм байхгүй. Хувь хүн мэдлэг боловсролоо зузаатгая гэвэл, өөртөө итгэлтэй, өөдрөг амьдаръя гэвэл номтой нөхөрлөх ёстой юм. Нөгөө талаас сонин байна. Сонин уншууртай өөрөөр хэлбэл, хувь хүнд өгөөжтэй мэдлэг байнга хуримтлуулахаар, өдөр тутмын амьдралд ашиг тусаа өгч чадахаар тийм л хөнгөн авсаархан нэг ёсны ном гэж ойлгож болно.
Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй юм шиг. Тэглээ гээд гэр бүлийн орчноос хол байх боломж хэнд ч байхгүй. Өнөөдөр хаана ч гэсэн гэр бүлийн доторх харилцаа хүндхэн болсныг нуух хэрэггүй. Маш сайхан гэр бүлүүд олон бий л дээ, үгүйсгэж болохгүй. Гэхдээ гэр бүлийн харилцаагаа эхнэр нөхрүүд анхаарахгүй, эерэг сонирхолтой зүйл байнга оруулж ирэхгүйгээсээ болж гэр бүлийн доторх харилцаанд сэв суусаар, энэ нь бага багаар гадар авсаар салж сарнихдаа тулаад зогсохгүй хүүхэд өнчирсөөр байна. Ажил хийж амьдралаа өөд татахыг бодохгүй хэн байхав. Гэхдээ өнөө үед гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт байх цаг зав хэн хүнд тун хомс болсон юм шиг санагддаг. Үүнийг ямар ч байсан зохицуулах л хэрэгтэй. Гэр бүлийн орчин төгс болж чадвал нийгэм тайван болж улмаар улс орны хөгжилтүргэн урагшилна. Иймээс хөгжлийг гаднаас биш дотроосоо цаашилбал, гэр бүлийн харилцааг сайжруулснаар, эерэг хандлага бий болгосноор, хүүхдэд багаас нь амьдралын зөв дадал, хэвшил олгосноор авчрах юм шиг. Иймээс нэг ч гэсэн гэр бүлд аз жаргал, амгалан тайван амьдрал бэлэглэхээр, нэг ч гэсэн хүүхдийг өнчрүүлэхгүй юмсан гэсэндээ“Сонгодог гэр бүл”сониныг үүсгэн санаачилсан. Тэгээд ч манай сонин “Гэр бүл гэгээн бодлоос эхэлнэ” гэсэн сайхан уриатайгаар эхэлдэг юм.
Тэгвэл “Сонгодог гэр бүл” сонины нийтлэлийн бодлого зөвхөн гэр бүлийн хүрээндүйл ажиллагаа явуулна гэж ойлгож болох нь ээ?
Гэр бүлийн орчин бол хязгаарлагдмал жижиг ойлголт яавч биш. Хамгийн жижиг зүйлээс авахуулаад, том асуудлууд гэр бүлд байдаг. Гэр бүлд өдөр тутам тохиолддог аар саархан жижиг асуудлыг зөвөөр шийдэж хэвших нь амьдралын явцад олон шалтгааны улмаас гарч ирдэг том том асуудлыг эерэгээр шийдэх үндэс болох юм. Тэгэхээр сонин гэр бүлийн гишүүдэд өдөр тутам тулгардаг аар саархан асуудлуудыг шийдэх аргыг бага гэхгүй ач холбогдол өгч нийтлэхээс гадна эрүүл аж төрөх арга ухааныг төлөвшүүлэх нь бид бүхний гол бодлого болох юм.
Эрүүл аж төрөх арга ухаан гэж юуг хэлэх үү?
Үүнд олон зүйл багтана. Хүн байгалийн бүтээгдэхүүн. Тиймээс байгальтайгаа ойр байж чадвал өвчлөхгүй эрүүл байх үндэстэй. Гэтэл ихэнх хүмүүсийн ажил мэргэжлийн онцлогоос улбаалан хөдөө цэвэр цэнгэг агаарт байгаад байх боломж хомс. Стрессгүй амьдрах дадалд суралцах, зөв зохистой хооллож сурах, аль болох экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх, харилцааны соёлд суралцах, хүүхдээ багаас нь амьдралын зөв дадалд сургах цаашлаад онцын шаардлагагүй, хэрэгцээгүймэдээлэл авахаас татгалзаж чаддаг, цагаа үр бүтээлтэй өнгөрөөж сурах, мэдлэг боловсрол олж авахад түлхүү анхаарах зэрэг өргөн хүрээг хамарна. Энэ бүхнийг хүмүүс ажил, амьдралдаа хэвшүүлж, мөрдөж сурах нь чухал.
Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог вэ?
Гишүүдийн хайр сэтгэлээс гадна хамтын амьдрал учраас эхнэр нөхөр хоёр бие биенээ хүндэтгэдэг тухайлбал, хэн нь ч хэнийхээ үгийн сонсож чаддаг байх ёстой. Гэр бүлийн үнэ цэнэмагадгүй үүнд орших байх.Зүгээр ямар ч үнэ цэнэгүй юм гэж ер байхгүй. Жишээ нь олсон хэдэн төгрөгөө хаа хамаагүй тооцоогүй зараад байвал дараачийн зүйлээ авах, төлөвлөхөд асуудал үүсч таарна. Тэгэхээр гэр бүлийн үнэ цэнийг хамгаалахад мөнгө чамгүй үүрэг гүйцэтгэх жишээтэй. Хүүхэд байна. Гэр бүлд хүүхэд том байр суурь эзэлдэг, эзлэх ёстой. Хүн гэр бүл болохоосоо өмнө зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдарч хариуцлага хүлээдэг бол гэр бүл, үр хүүхэдтэй болсны дараа тэднийхээ төлөө идэвхтэй амьдрах болдог. Ингээд бодохоор гэр бүлийн үнэ цэнэ нэг тийм юманд оршино, ийм юмыг хэлнэ гэвэл хангалтгүй мэт. Харин ч өдөр тутмын амьдралд оршдог байж болох юм.
Сонгодог гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ. Ер нь “Сонгодог” гэдгээ тодотгож өгөөч?
Аз жаргалаар бялхсан гэр бүлийг сонгодог гэр бүл гэж ойлгож болох. Гэр бүлийг сонгодгоор чимнэ гэдэг бол цогц, төгс ойлголтыг хэлж таарна. Жишээ нь зөвхөн мөнгөтэй хүнийг аз жаргалтай хүн гэхгүй. Бурхны сургаалд сэтгэлээ амгалан тайван байлгах нь гол гэж үздэг. Орчин үед хүмүүс биднийг хэт их төвлөрөл, хөгжил дэвшил алхам тутамд стресст оруулах үндэс болчихоод байна. Ийм орчинд уурлаж бухимдахгүй байхад хэцүү. Гэвч бүхнийг зохицуулж сонгодог хэлбэрийн гэр бүлийг цогцлоох л хэрэгтэй. Сонгодог хэлбэрт зохистой харилцаанаас авахуулаад, эрүүл хооллолт, зөв дадал, эрүүл орчин, сэтгэлийн амар амгалан зэрэг олон зүйл багтах байх.
Хүн төрөлхтөн идэвхтэй амьдарч эхэлснээсээ хойш, өнөөдрийг хүртэл хүмүүсийн харилцаа, соёл урлаг, ер нь бүхий л шинжлэх ухаан, техник технологи сонгодгийн эрэлд явсаар байгаа юм. Харин манай сонин сонгодог гэр бүл гэж чухам ямар гэр бүлийг хэлж болохыг уншигчдынхаа хамт хайж олоход оршино. Мэдээж гэр бүлийн сонгодог хэлбэрийг төлөвшүүлж чадсан гэр бүл олон бий. Сонгодог гэдэг үгнээс цэрвэхшалтгаан байхгүй. Харин ч гэр бүл бүхэн сонгодог гэр бүл болохын төлөө өөрөөр хэлбэл, манай хамт олон гэр бүлийн сонгодог харилцааны эрэлд Тантай хамт мордсон гэж хэлж болно. Ийм учраас төр барьсан эрхмээс авахуулаад траншейнд хоног төөрүүлж буй нэгний эрхэм чанар, энгүй ухаан, хөдөлмөрч шинжүүд нэгдэн нийлж сонгодог гэр бүлийн хаалга шал, хана тааз, баганыг босгох юм.
Гэр бүлийн талаар эмзэглэж явдаг зүйл бий юу?
Мэдээж их байна шүү дээ. Эмээөвөөгийн хүүхэд их боллоо. Зарим хүүхэд аавынхаа царайг ч харж чадалгүй өсч том болж байна. Амьдралын эрхээр эхнэр, нөхрүүд гадаадад боолын хөдөлмөр хийж байна. Нэг ёсондоо орох орон, унах машинтай болохын тулд гэр бүлийн амьдралаа золиослож байна. Одоо л сайхан амьдрах цаг боллоо гэтэл гэр бүлийнх нь харилцаа ньболж бүтэхгүйболоод ирдэг. Гэр бүлийн зөөлөн дулаан уур амьсгалыг мэдрэхгүйгээр өссөн хүүхэд том болоод хүссэн ч, хүсээгүй ч гэр бүлийн амьдралд орж таарна. Тэр үед юу болохыг мэдэхгүй шүү дээ.
Энэ нийгэмд иргэд эрх чөлөөтэй ч зах зээлийн хууль дөнгөж гэр бүлээ цогцлоож буй залууст хүндээр тусах нь бий. Зах зээл буюу хөрөнгөтний нийгэмд шилжихэд онол, сургаал хэрэггүй байдаг юм байна. Хүмүүсийн харилцаа хүйтэн хөндий болохоос гадна аливааг зоосны нүхээр харах нь их болоод байх шиг.Япон судлаач Д.Төмөрбаатар ах, зах зээлийн нийгэм хүний мөс чанар муутгадаг гэхээсээ илүү хүний мөс чанарыг ил болгоод байна гэж хэлж байсныг санаж байна. Хөрөнгөтний буюу капитализмд шилжихэд төр гэдэг машинд цаг үетэйгээ зохицсон сайн хууль хэрэгтэй. Харин хуулийг иргэдээр дээр доор, гадаад дотоодгүй сайн мөрдүүлэхэд анхаарах ёстой юм байна. Монголын хуулийг бусад улс орнуудаас гадна харь ертөнцийнхөн хүртэл дагаж мөрдөх ёстой гэж хуулчилан өгч яагаад болохгүй гэж.Хуулийн дархлаа ингэж тогтох юм биш үү. Хуулийн үйлчлэл хүмүүсийн ахуй соёл, гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг бас нэг гол хүчин зүйл шүү дээ.
“Сонгодог гэр бүл” сонин орон даяар явагддаг хэвлэл захиалгад орсон гэсэн. Таны сонинг захиалж уншихын давуу тал юу вэ?
Дахин хэлэхэд өнгө мөнгөнд шүтсэн, өгөө аваагаа алхам тутамдаа тооцох болсон зах зээлийн нийгэмд гэр бүлийн харилцаа хаа сайгүй хүндхэн болсныг Та бид мэднэ. Гэр бүлд хүүхэд төрж, өсч хүмүүжиж эмэгтэй нь ээж, эрэгтэй нь аав болох зам мөрөө тавьдаг. Үүгээр зогсохгүй улс монголынхоо иргэн болохтойгоо зэрэгцэн өв уламжлал, үндсэрхэг үзэлд суурилсан эх оронч сэтгэлгээтэй хүн болон төлөвших ёстой. Гэтэл хүнлэг чанартай, ууч сэтгэлтэй ухаалаг, боловсролтой ирээдүй өсч торних ахуй нөхцөл гэр бүлд зуун хувь бий гэж Та ч, би ч итгэлтэй хэлж чадахгүй болчихоод байна. Ийм л шалтгаан “Сонгодог гэр бүл” сонинг мэндлэхэд хүргээд зогссонгүй гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа улам идэвхтэй явуулахад хүргэсэн юм. Сонин гэр бүл судлаачидтай байнга хамтран ажиллаж өнөөгийн ээдрээтэй нийгэмд гэр бүлийн харилцаанд оршиж буй, тулгарч буй асуудлуудыг эерэгээр шийдэх бодлого барьж ажиллана. Бид тантай хамтарч ажиллахаас гадна манай баг гэр бүл судлаачдын үгийг танд хүргээд зогсохгүй гэр бүлтэй холбоотой бүхий л асуудалд анхаарч ажиллана. Цаашдаа гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд хүүхдийн хүмүүжил, боловсрол, эдийн засаг зэрэг гэр бүлтэй шууд болон шууд бус хамааралтай асуудлуудыг бодлогын хэмжээн авч үзэх болно. Сонин улс төр, хов живийн мэдээ мэдээллээс хол байж уншигчиддаа хэрэгтэй, ашигтай, сэтгэлийг сэргээсэн сэтгүүлчийн хөдөлмөр илүү шингэсэн материалаар ямагт арвин байна..Сонгодог гэр бүл сонины онцлог, бас давуу тал энэ байж болох юм. Иймээс сонгодгийн эрэлд бидэнтэй хамтарч ажиллахыг “Сонгодог гэр бүл” сонины хамт олонтаниас хичээнгүйлэн хүсэж байна.
Таныг хүмүүс “Үнэн” сонины Даариймаа гэдгээр бас сайн мэддэг. Өдөр тутмын сонинд ажиллах, хувиараа сонин эрхэлж гаргах хоёрын хооронд ялгаа хэр байх юм. Сонин гаргах амаргүй гэж ярьдаг?
Би “Үнэн” буюу одоогийн”Монголын үнэн” сониноос ажил амьдралын гараагаа эхэлсэн хүн. Оюутан байхдаа хэд хэдэн сонинд материал бичин өгч бичлэгийн шагнал халаасалдаг байлаа. Сургуулиа төгсөөд л “Үнэн” сонинд сэтгүүлчээр орж ажилласан. Би улс төрийн том намын сонинд олон жил ажилласан ч улс төрийн чиглэлээр бичдэггүй. Соёл урлаг, спорт, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны чиглэлээр олон жил ажиллаа. Их ч юм сурсан даа. Одоо ч би “Үнэн” сониндоо данстай хэвээрээ байгаа. Өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллана гэдэг шалгуур өндөртэйгөөс гадна ажлын ачаалал ямагт их байдгаараа онцлогтой.
Хувиараа сонин гаргах тийм амар биш. “Үнэн”сонинд сэтгүүлчээр ажиллаж байхдаа би зөвхөн өөрт ногдсон ажлаа хийдэг байсан. Гэтэл одоо өөр, бүхнийг өөрөө зохицуулна. Хувь хүнээс их тэвчээр, хөдөлмөр шаарддаг юм байна. Гэхдээ би шантарч хойш алхахгүй. Сониноо олонд ашиг тусаа өгдөг, бүхний унших дуртай сонин болгоно гэсэн зорилгоор бага багаар урагшилж байна.
Та бас уран бүтээлч, зохиолч, яруу найрагч хүн. Сонин гаргах их ажлын хажуугаар уран бүтээлээ хийж амжиж байна уу. Ойрын үед хийж байгаа бүтээлээсээ сонирхуулна уу?
Нууцгүй хэлэхэд уран бүтээл хийх зав олдохгүй байна. Намайг сонин гаргаад эхлэхэд нэг танил маань, чи ч аж ахуйн ажил хийдэг хүн болж хувирна даа гэж байсан. Тухайн үед юу хэлээд байгаа нь ойлгоогүй. Одоо бодоход үнэн ч юм шиг. Гэхдээ надад нөхөр маань их тусалдаг. Уг нь механик-инженер хүн. Одоо ч сэтгүүлч болж байх шиг байна даа. Зарим хүмүүс надаас “Сонгодог гэр бүл” сонины нууц ноёнтон, эзэн нь хэн бэ гэж асуух тохиолдол бий. Манай сонин хэн нэгэн улс төрч, баян эрхмийн хувийн хэвлэл биш гэдгийг онцолъё. Би чаддаг зүйлээ хийж олонд тус хүргэхийг хичээж яваа нэгэн. Өөрөөр хэлбэл,энэ нийгмийг бүрдүүлэг олон мянган эгэл жирийн гэр бүлүүдийн нэг “Сонгодог гэр бүл” сониныг эрхлэн гаргаж байна.
Тэгэхээр ойрын үед би уран бүтээл хийж амжаагүй явна. Гэхдээ уран бүтээлээ хийх цаг хугацаа надад олдох байх. Өмнө хийсэн зарим нэг бүтээлээ сониндоо нийтэлж уншигчдад хүргэхэд урам өгдөг юм билээ. Ер нь би цаашдаа сайн уран бүтээл хийнэ. Ойрын үед “Монгол” нэртэй шүлгийн, “Шинэ зууны ярилцлагууд” хэмээх ярилцлагын сонирхолтой номуудаа хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа. Хэвлэлтийн зардал асуудалтай гэж хэлэх үү дээ.
Нууцгүй хэлэхэд Таны олны танил зохиолч Д.Урианхай, утга зохиолын нэрт шүүмж судлаач Д.Галбаатар, супернэгдлийн онолын Ч.Эрдэнэ нарын хүмүүстэй хийсэн сонирхолтой ярилцлагуудыг олонтаа уншиж байсан. Сүүлийн үед ямар хүмүүстэй ярилцав?
Олон хүмүүстэй сонирхолтой ярилцлага хийж байна. Сүүлд Надагдоржийн шагналт яруу найрагч, СГЗ Ш.Дулмаа багштай хийсэн сонирхолтой, сайхан шинэ ярилцлага хэвлэл захиалгын анхны дугаарт орно. Олны танил болоод сайн сайхан үйлийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж амжилт олсон олон хүнтэй ярилцлага хийж уншигчиддаа хүргэсэн. Миний ярилцлагууд сониноосоо гадна дээр хэлсэн“Шинэ зууны ярилцлагууд “ нэртэйгээр ном болон цувралаар уншигчиддаа хүрнэ.
Таны “Хүн будаг” номын талаар олон шүүмж судлаач санал бодлоо илэрхийлсэн байдаг?
Би уран бүтээлийн дөрвөн ном гаргасан. Миний уран бүтээлийн дээж бол “Хүн будаг” ном яах аргагүй мөн. Учир нь сайн ном гэж мэргэжлийнхэн үнэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд би уран бүтээлээс гадна захиалгаар дөрвөн ном бичсэн. Нэг нь гэр бүлийн түүх, намтартай холбоотой бол гурав нь эрүүл мэндийн чиглэлээр эмхэтгэн бичсэн үр дүнгийн номууд байдаг.
Цаашид гэр бүлийн чиглэлээр гардаг сонин тань хэрхэн өргөжих вэ. Хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа ярихгүй юу?
Өргөжинө гэхлээр захиалгад орж олон уншигчидтай сонинболохыг хэлэх байх. Энэ утгаараа манай сонин захиалгад орохоосоо өмнө тасралтгүй арав гаруй дугаар гарчихаж. Одоо хэвлэл захиалгад орж байгаа болохоор манай сониныг захиалж уншихыг Та бүхнээс хүсэж байгаагаа дахин хэлье. Хэр олон захиалагчтай болохоос шалтгаалан “Сонгодог гэр бүл” сонин хөл дээрээ амархан тогтож бодлого чиглэл нь төгөлдөржинө шүү дээ. Бас менежментийн тал дээр анхаарч ажиллах зүйл бий. Түүнчлэн манай сонинг“Монгол шуудан” компанийн хот, хөдөө орон нутгийн бүхий л салбараар захиалж унших боломжтойг бас дуулгая. Ингээд уншигч таны оюуны мэлмий мэргэн байх болтугай гэж ерөөе дөө.
Ярилцсан Н.Далайхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ