Гурван Ганбаатарын тавилан

Сайхан эхнэр, сайхан хүлэг морьд аль аль нь заяажээ

Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Түүнийг хүмүүс "Макс"-ын Д.Ганбаатар гэдгээр нь таних биз.

Тэрээр нийслэлийн А зэрэглэлийн бүсэд багтах Нүхтийн аман дахь хоёр давхар хаустаа мисс эхнэр болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Түүний мисс эхнэрийг Уянгалянхуа гэдэг. Сайхан ч бүсгүй бий. “Д.Ганбаатар бас ч гэж шаггүй найраатай залуу юм даа. Ийм сайхан бүсгүйг гэргийгээ болгоод авчихдаг” гэж олон ч залуу атаархан ярьдаг гэж сонссон юм байна.

Түүний аав, ээж хоёр дал гарсан буурай бий. Аав нь олон зүйл яриад байдаггүй, хэлсэн үг нь хууль болдог хөгшин гэх. Д.Ганбаатар ч хүүхэд байхдаа хааяа нэг аавын суран бүсний амт үзчихээд нэг хэсэгтээ хийморь сэргээд алзахгүй явдаг байсан гэнэ билээ. Харин ээжийнхээ тухай “Эх хүний хайр гэдэг агуу байдгийг өдөр бүр л мэдэрдэг. Үгээр хэлэхийн аргагүй, зүйр­лэх ч зүйл байхгүй юм даа. Ээждээ очоод үнсүүлчихээр ажил төрөл маань өөдрөг болж, сэтгэлд нар гийх шиг л болдог. Аав, ээж гэдэг үр хүү­хэд бидний амьд бурхан юм даа.” гэжээ.

Монголын сайхан бүсгүйчүүдийн отгон нь гэж урлаг судлаачдад үнэлэгддэг мисс бол Д. Уянгалянхуа. Анх “Овжин охид” кинонд тоглон олны өмнө гарч гоо сайхнаараа гайхуулж байсан Уянгааг үзэгчид “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд ормоор охин байна хэмээн үнэлж байсан билээ. Хүссэн юм хүзүүгээр гэгч болж хойтон жил нь Уянгалянхуа миссийн тэмцээнд орж "алтан титэм"-ийн эзэн болж, фенүүдээ баярлуулсан. Төд удалгүй сайхан бүсгүй маань Монголын тэргүүн баячуудын нэг “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын гэргий болж, Монголд тохиож байгаагүй нижгэр хурим хийж, Монголын сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн дээ. Одоо гурван хүүхдийн ээж болж нам гүмхэн амьдрах болсон.

Д.Ганбаатар эхээс долуулаа. Дээр үеийн олон хүүхэдтэй айл ямар л байдаг, тийм л явжээ. Хийх ажил тодорхой, хэн хийхийг хуваарилна. Харин хөдөл­мөрлөсөн хүн үр шимийг нь заавал хүртдэг гэдгийг Д.Ганбаатар арай эрт мэдэрчээ. Түүний анхны бизнес хүүхэд байхдаа самар, жимс түүж зарахаас эхэлсэн гэсэн. Хүүхэд байхдаа ах, дүү нартайгаа ноцолдож, секцэнд явдаг л байж. Харин дуулж, хуурдах, бүжиглэх авьяас байхгүй. “Бурхан хүнд тийм олон авьяас заяадаггүй шүү дээ. Сайхан ажил хийж байгаа минь том хишиг” гэж тэр ярьжээ.

“Хар” зах дээр наймаа хийж, хөлжсөн гэгддэг Д.Ганбаатар өдгөө “Макс” группын захирлаар ажиллаж байгаа. Тэрээр хурдан моринд дурласнаа хувь тавилан, бизнест хөл тавьснаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай. Хорь гаруй азарга адуу бий гэнэ.“Макс” группээ 1994 онд байгуулж, Budweiser пивоны албан ёсны дистрибьютерээр ажиллаж, "Берлин бургер" ресторан, "Макс и Пот" халуун тогооны ресторан, "Макс цонхны үйлдвэр", "Макс өргөө" барилгын компани, "Евромебель" тавилгын дэлгүүр, "Max Fashion Shop" хувцасны дэлгүүр нээн ажиллуулж байгаа юм. Энэ ч талаасаа тэрээр монголын бийлэгжүү эрсийн тоонд зүй ёсоор ордог билээ.

Сайн моринд гар татдаггүй тэрээр сайхан эхнэртээ ч мөнгө хайрладаггүй гэдгийг Чингисийн цогцолборт Чингисийн хатны дvрд эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам доллар төлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байдаг. Бас хайртай гэдгийдээ Дондогдулам хатны барьж байсан хатан хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгчээ.

Гэвч удаа ч үгүй тэднийг өрх тусгаарласан хэмээх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Бүр Д.Уянгалянхуаг хоёр охиныхоо хамт Америк явна гэж байгаад сураг алдарсан гэж ч байв. Харин уг мэдээллийг худал гэдгийг тэд гурав дахь хүүхдээрээ баталсан юм. Учир нь мисс Д.Уянгалянхуа хоёр жилийн өмнө амаржиж, түүнд хүү төрүүлж өгсөн юм. Хоёр охинтой байсан Ганбаатар хүү төрүүлж өгсөнд нь баярлаж эхнэртээ телевизээр бэлэг барьсан гэдэг шүү. Үүнийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ихэд олон янзаар бичиж байсан санагдана. Түүнчлэн Д.Ганбаатар “Кемпински Ханпалас” зочид буудлын долоон давхарт зөвхөн элитvvдэд vйлчилдэг мөрийтэй тоглоомын газарт нэг удаа 30 сая төгрөгөө алдсан талаар мэдээлэл бий. Бас спорт, урлагт нэлээд элэгтэй тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт "Хийморь-19" хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг 2010 оны аравдугаар сарын 1-нд гардуулж өгч байлаа. Ер нь баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар пад байхав.

С.Баяр мориноос унаж, эмчилгээ хийлгэж бөөн юм болсныг та бүхэн санаж буй биз. Түүнийг Ерөнхий сайд байхад нь Д.Ганбаатар Өлзийт хороолол дахь тансаг жүчээндээ урин, морь унуулсан байдаг. Улмаар С.Баяр гишүүн унаж, нурууныхаа ясыг гэмтээсэн билээ.

Бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нарын тухай гарсан байдаг. Уг сэтгүүлд “...Энэ ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй, шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” гэсэн байдаг. Үнэхээр л төрсөн ахын хамт өөрийн чадвар, гүйлгээ ухаан, хөдөлмөрч зан чанараараа бизнесийн салбарт цойлон гарч ирсэн тэрээр хийж бүтээснээрээ гайхуулахаасаа илүүтэй нам гүмхэн бизнесээ өргөжүүлсээр барилга, гадаад худалдаа, хүнсний сүлжээ гээд Ганбаатарын гар дүрээгүй салбар үгүй. Түүнийг ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг ч ажил цалгардуулсан, ямар нэгэн хариуцлага алдаж, алдаа гаргасан ажилтнаа шууд шанааддаг гэсэн яриа байдаг аж. Нээрээ л бизнесмэн хүн тийм л байх нь зүйтэй л дээ.

Оюутолгойн төлөө тууштай тэмцэгч

Жагсагчаас гишүүн болсон гэгдэж байгаа МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар бол УИХ-ын содон гишүүдийн нэг юм. Тэрээр долоон их, дээд сургуульд сурсан, Монголд анх фенг шүйг дэлгэрүүлсэн, Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх нь байсан гээд бас л сонин намтартай хүн юм.

С.Ганбаатар Баянхонгор аймагт төрсөн ч, Дархан хотод өссөн. Айлын ууган хүү. Тэрээр багадаа дэлхийн сонгодог зохиолууд, И.Ганди, Ж.Неругийн номуудыг бүгдийг нь уншсан гэдэг. Найм, аравдугаар ангид үздэг түүхийн сурах бичгүүдийг дөрөвдүгээр ангидаа уншаад дуусгасан тухай дурсчээ. Мөн хөл бөмбөгөөр хичээллэдэг байв.

С.Ганбаатар долоон их, дээд сургуульд сурсан гэж ярьдаг бөгөөд анхных нь Германы инженерийн сургуулийн хэлний бэлтгэл анги аж. Үүнээс хойш олон сургууль дамжжээ. Оросын Новосибирскт геодезийн дээд, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуульд сурч байсан. Мөн эдийн засагчаар Лондон хотод, Хаммерсон Твестона гэдэг сургуульд Сантехникийн инженер мэргэжлээр төгссөн байна.

Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байсан юм билээ. “Англи хэл сурах нь” гэх зэрэг хэд хэдэн ном бичсэн. Түүний унших дуртай ном нь Доналд Краусын “Удирдах арга” /1997/, Адам Смитийн “Үндэсний баялаг” /2010/ гэх мэт эдийн засаг, хүний хөгжлийн тухай англи хэлээр хэвлэгдсэн номууд байдаг. Тэрбээр англи, орос хэлтэй.

Монголд хамгийн анх фенг шүйг дэлгэрүүлж, сүлжээ дэлгүүрээрээ багагүй ашиг олсон. С.Ганбаатарыг багш гэж дууддаг хүмүүсийн ихэнхи нь эмэгтэй байдаг. Фенг шүйгийн төвөө зараад гадаад хэлний хоёр төв, бизнесийн нэг компанитай үлдсэн. С.Ганбаатар “Хэрэв улстөрчид ажлаа аятайхан хийж байсан бол би Монголын №1 бизнесмэн байх байсан гэдэгт мөрийцсөн ч болно” гэж өөрийгөө тодорхойлжээ.

Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг. 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон. Харин энэ жил суудлаа өгч, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр үлдсэн юм. УИХ-ын гишүүний хажуугаар энэ албан тушаалыг хашихад хэцүү байсан биз. Дээрээс нь тэр Оюутолгойн гэрээг хамгийн их будлиантай, ашиггүй гэрээ гэж шүүмжилж, олон ч удаа энэ тухайгаа ярьж явсан. Бүр УИХ-ын гишүүн Б.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж, Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй талаар цэц булаалдсан удаатай. Одоо хүртэл л энэ асуудлаар тэмцсээр явна. Саяхан л гэхэд Оюутолгойн ТУЗ-ын гишүүд болох Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нарыг уулзалт ярилцлагад урьжээ. Тэрээр “Миний бие иргэний хөдөлгөөнд оролцож, МҮЭ-ийн байгууллагад ажиллах явцдаа энэ ордыг ашиглах гэрээний ач тус, үр шимийг оролцогч талууд шударга хүртэх, монгол хүн баялагтаа эзэн байх эрхээ эдлэх боломжийг бүрэн ашиглахын төлөө өөрийн боломжоо дайчлан олон нийтийн санаа бодлыг илэрхийлж ирсэн билээ. Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчдын итгэлийг хүлээж төрийн хууль тогтоох байгууллагад ажиллаж эхлэснээс хойш энэ төсөл, гэрээний ач тус, алдаа оноог төрийн түшээгийн нүдээр харахыг хичээж байна.” хэмээжээ. Энэ уулзалт төрийн ордонд ирэх сарын найманд болохоор тов нь зарлагдаад байгаа.

С.Ганбаатар Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн байсан. Бас үндэсний хөдөлмөрийн Нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэрбээр дахин нам байгуулах гэж оролдоогүй бөгөөд намчирхлаас хол байна гэдгээ дахин дахин хэлэх болсон билээ.

С.Ганбаатар хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн хариулж байсан гэдэг. А.Гитлер үйлдвэрчний эвлэлээс улс төрд орж байсан тул үүнтэй нь зарим хүн адилтган ярьдаг.

2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч тэрбээр гэнэт бие даан нэр дэвшихээр болсон юм. Түүнийг МАН-аас нэр дэвшинэ гэх яриа тарсан ч даруй эрс үгүйсгэсэн. Мөн ИЗНН-ын бага хуралд сууж харагдсан нь энэ намд орох гэж байна гэх хардлага төрүүлж байсан. С.Ганбаатар эхлээд Хан-Уул дүүргээс нэр дэвших байсан ч энэ тойргоос гарах магадлал муутай гэж үзсэн тул Дархан-Уул аймагт очин, 53,79 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Сонирхуулахад “Сант Марал” төвийн 2012 оны сонгуулийн санал хураалтаас арав гаруй хоногийн өмнө гаргасан судалгаагаар тэрбээр Монголын топ улс төрчдийн гуравт жагссан.

Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Сайн хүү” гэдэг дууг шинэ хип хоп хамтлагаар дуулуулж, клипэнд нь тогложээ. Энэ дуу нь “Сайн хүүгийн сэтгэл ган төмөр мэт бат бэх, баатар мэт зоригтой байх болтугай” гэдэг үгтэй. Түүний аавыг Сайнхүү гэдэг бөгөөд өөрийнхөө нэрийг ч дуундаа оруулаад амжсан байна.
Тэрбээр УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөх ёслолын үеэр ганцаараа зангиагүй ирсэн байлаа.Түүнийг зангиагүй ирснийг харсан зарим хүн “Тангараг өргөх ёслол дээрээ зангиагүй ирлээ, танхай гишүүн болох нь дээ” гэж жиг жуг ярилцаж байв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг Хөдөлмөрийн яамны сайд болох магадлалтай хүн гэж нэг хэсэг бичив. Харин тэрбээр “Надад сайдын ажил хэрэггүй. Бүр Ерөнхий сайдын суудал өгсөн ч би авахгүй. Би ард түмнийхээ төлөөлөл болж хараат бус байдлаар УИХ-д байгаа нам бүлэглэлүүдийг хянах л зорилготой” гэж хариулсан байдаг.

Улаан үст

“Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар буюу Ганбаа хамтлагийнхаа хамгийн стильтэй дуучин нь. Багын л урлагт хайртай, түүгээр хүмүүжсэн, хөгжилтэй, сахилгагүй хүүхэд байжээ. Арван жилд байхдаа хүүхдийн "Яргуй" наадамд оролцож, үндэсний бүжиг, дуу, гадаад дуу, зохиомжит бүжиг, язгуур урлаг гээд л олон төрлөөр оролцож, ихэнх төрлүүдээс нь шагнал авч байсан гэнэ. Түүний хувьд энэ явдал амьдралынх нь хамгийн сайхан мөч байжээ.

Тэрээр “Universe best songs” наадмын тайзнаа дуучин Ж.Акботатай учирч, үрийн зулай үнэрлэн Анар нэртэй хөөрхөн хүүтэй болсон. Гэвч тэднийг сүүлийн үед таарамжгүй харилцаатай болсон төдийгүй тус тусынхаа замыг хөөсөн гэлцэж буй нь үнэний ортой болж, залуу хосууд салаад нэлээдгүй хугацааг ардаа орхижээ.

Уран бүтээлээсээ завсарлага авч, хүүгээ өсгөж байгаа дуучин Х.Акбота зүгээр суухыг хүссэнгүй. Өөрийн хэд хэдэн дууг бичүүлэн, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа бол нөхөр нь байсан Т.Ганбаатар хамтлагийнхаа залуустай хамт цагийг зугаатай өнгөрүүлж яваа.

Т.Ганбаатар хамтлаг дотроосоо стиль ижижээрээ эрхгүй ялгардаг билээ. Тэрээр үснийхээ өнгө, засалтыг дуртай үедээ өөрчилж явдаг, хоёр үгээр хэлбэл “үсээрээ наадагч”. Солонгос залуусыг баруун солгойгүй дууриадаг нэгэн. Өөрийнхөө царай зүс бие хаадаа тааруулан маш донжлог хувцасладаг гэдэг. Мөн тэрээр эмэгтэйчүүдээс дутахааргүй косметик хагалгаа хийлгэсэн гэж жиг жуг хийдэг нь оргүй биш бололтой. Ямартай ч хөмсөг шивүүлсэн нь тодорхой гэдэг юм билээ. Яахав дээ буруутгах гэсэнгүй. Эрэгтэй хүн ч гэсэн гоё сайхан байхыг яагаад хүсч болохгүй гэж.

Дээрээс нь нүүрээ маш өөгүй цэвэрхэн будаж муухан эмэгтэйгээс дутахааргүй гоо сайхны бүтээгдэхүүнтэй гэсэн шүү. Дуучин залуу үргэлж л шинэ содон стиль имиж бүрдүүлдгээрээ фэнүүдээсээ онц дүн авдаг.

Т.Ганбаатар багаасаа урлагт хайртай, урлагаар хүмүүжсэн, хөгжилтэй, сахилгагүй хүүхэд байжээ. Тэрээр Төв аймгийн Борнуурын "арван жил" төгссөн. Улмаар СУИС-д ирж суралцсанаар дөрвөн газраас ирсэн залуус нэгдэж “Мотив” хамтлагаа байгуулсан гэдэг. Тэд СУИС-ийн Эстрад дуулаачийн ангийн оюутнууд байсан. 2003 онд тус сургуульд элсэж тэр үеэс танилцаад хоёрдугаар курстээ бүгдээрээ хамтлаг байгуулж дуулья гэж шийдсэн гэдэг. Сургуульд байхаасаа л дөрвүүлээ хоолой салган дуулж, бэлтгэл хийдэг байжээ. Улмаар Л.Балхжавын “New stars” тэмцээнд ороод, түүнээс хойш албан ёсны “Мотив” хамтлаг нэрээрээ олны өмнө гарч ирсэн. Т.Ганбаатар бас нэг кинонд дүрээ мөнхлөөд авсан нэгэн. “Universe bestsongs” наадмын хүрээнд бүтээсэн “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд хамтлагийнхаа Сайнаатай хамт тоглосон билээ. Мэдээж залуу хүмүүс, эх оронч үзэлтэй иргэд тиймээс тэд нийгмийн олон асуудалд бухимдаж явдаг. Нэн түрүүнд утаа, замын түгжрэлийг арилгахыг хүсдэг. Тиймээс ч хамтлагийн гишүүн Т.Ганбаа утаатай холбоотой төсөл дээр хамтран ажиллаж байгаа гэсэн. Сонирхлын хувьд түүнд зорьж сонирхон цуглуулдаг зүйл байдаггүй. Санамсаргүй л янз янзын шилний цуглуулгатай болчихсон гэсэн. Одоогоор нүдний 30 гаруй шилтэй.

Эр хүн л болсон хойно спортоор хичээллэж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг эрмэлздэг. Бусад залуусын адил шоудаад, наргиад явах нь ховор. Бас янз бүрийн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байх нь ч гайгүй гэсэн шүү.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ