С.Болд-Эрдэнэ: Нэг ч аллага, хүчирхийлэл, секс байхгүй

Тун удахгүй нээлтээ хийх "Хөлтрөг" уран сайхны киноны найруулагч, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Таны хийсэн киноны реклам цацагдаад эхэлжээ. Их өвөрмөц утга агуулгатай кино шиг санагдлаа?
-“Хөлтрөг” гэдэг уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа. Киноны зохиол 2012 онд бичигдсэн. Манай төрсөн эгч С.Болормаа зохиолыг нь бичээд тэрнээс хойш киноны бэлтгэл ажлаа хийгээд, ямар жүжигчид тоглуулах уу, ямар дүрүүд байвал зүгээр вэ зэрэг асуудлаа бодож байгаад наадмын дараахан зургандаа гараад сар гаруйн хугацаанд зургаа авч дууссан. “Logic” фильмтэй хамтарч бүтээсэн. Энэ фильмийн захирал Э.Нэргүй киноны ерөнхий зураглаачаар, хөгжмийн найруулагчаар “Алтан ураг” хамтлагийн Эрка ажиллаж, дууг нь “Татар” хамтлагийн Заяа дуулсан.
-Дүрүүдээ хэрхэн сонгов?
-Киноны гол дүрд жүжигчин Н.Ялалт, О.Долгор, Төрийн соёрхол гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, залуу жүжигчин Баттогтох, Мөнхсоёл, бяцхан хүүхдийн дүрд нь Бат-Эрдэнэ, Ирмүүн гэж хүүхэд тоглосон.
-Хэзээнээс гарч эхлэх юм бэ?
-Кино ирэх сарын 8-наас кино театруудаар үзэгчдийн хүртээл болж эхэлнэ. Үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байгаа.
-Өгүүлэмжийн хувьд?
-Үзэгч өөрөө киногоо үзээд яаж ойлгох нь тухайн үзэгчийн хувийн асуудал. Кинонд эх үрийн хайрын нандин холбоо, ээж хүү хоёр ямар нэгэн байдлаар хол байдаг ч гэсэн бие биендээ татагдаж байдаг талаар өгүүлнэ. Мөн үйлийн үрийн тухай, өөрийн хийсэн үйлийн үрээс зугатаах ямарч боломжгүй тухай манай кинонд гарна.
-Гэрэлтүүлгийг шийдэхдээ дандаа дэн ашигласан гэж үнэн үү?
-Киноны үйл явдал нь 24 цагийн дотор болж өнгөрдөг. Манай кино гэрэл тавилтын хувьд бас их онцлогтой байсан. Дандаа дэнгийн гэрэл ашиглаж зураг авалтаа хийсэн нь үнэн. Их хөдөлмөр шаадррдаг юм билээ. Гэхдээ хийж чадсан.
-Хөлтрөг гэж ямар учиртай нэр юм бэ?
-Хүмүүс бас гайхаад байна л даа. Я.Цэвэл гуайн тайлбарласанаар хөлт-өрх гэсэн утгатай юм байна. Өрхний дөрвөн тал руу даруулсан даруулгатай өрхийг хөлт-өрх гэж нэрлэдэг юм байна. Манай кинонд хөшиг, хаалт гэсэн утгаар орж байгаа. Бурхны урдуур унждаг хөшиг хаалтыг тэгж нэрлэдэг тал байдаг юм билээ. Бидний муу муухай бодолд зовлонгийн шалтгаан нь байдаг байх нь. Тиймээс тэр муу муухай бодол бид бүхнээс зааглаж байгаасай гэсэн утгаар энэ нэрийг зохиолч маань өгсөн.
-Аймшгийн кино гэж үнэн үү?
-Сэтгэхүйн драм чиглэлийг баримталж хийх гэж оролдсон. Гадуур аймшгийн кино гэж яриад байгаа. Яг үнэндээ үзэхэд манай кинонд нэг ч аллага, хүчирхийлэл, сексийн буруу сурталчилгаа, банк ухах, буу шийдмээр оролдсон, буруу зүйлд уриалан дуудсан ямар ч зүйл байхгүй. Харин хүний амьдралд тохиолддог ер бусын зүйлийг харуулахыг зорьсон.
-Таны анхны кино шүү дээ?
-Би энэ кинонд ерөнхий найруулагчаар ажилласан. Продюссерээр нь миний багын найз Энхбаяр гэж залуу ажилласан. Миний хувьд одоогоор 20 орчим кино, 60 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Харин “Хөлтрөг” найруулж үзсэн анхны кино болж байгаа юм. Найруулагч хийнэ гэдэг бүх хариуцлагаа үүрээд, сонголтоо хийгээд, бүх шийдлээ гаргаж байдаг. Тухай киноны хувь заяа найруулагчтай шууд холбоотой байдаг юм билээ. 1999 онд СУИС төгсөж байхдаа л сонирхолтой кино хийж, өөрөө найруулж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ киног хийлээ.
-Театрын уран бүтээлдээ бас оролцоод явж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Драмын театр хамгийн сүүлд Сервантесийн зохиол “Кихот ноён” гэж хүн бүр мэддэг сонгодог жүжгийг театрын тайзнаа амилуулах гэж байна. Баатар найруулагч найруулаад манай театрын ихэнх уран бүтээлчид тоглож байгаа. Ирэх сарын 8-нд нээлтээ хийгээд тавхан удаа тоглоно.
-Театрын уран бүтээлээсээ гадна хувийн уран бүтээл хийхийг зөвшөөрдөг үү, яаж зохицуулдаг вэ?
-Ер нь бол хэцүү. Бид Драмын театрын үндсэн уран бүтээлч, төсвийн цалин аваад явдаг. Төсвийн цалин хангалттай биш байдаг нь нууц биш шүү дээ. Тэгэхээр гадуур өөрсдийнхөө үзэл бодол, сэтгэлгээ, хийж бүтээе гэсэн хүслээрээ бидний хэдэн уран бүтээлчид хувиараа кино уран бүтээл хийдэг. Жишээ нь “Үл таних эмэгтэй” кино байна. Бас “Драмын дөрөв” гэж хамтлаг байгуулаад цомог гаргаж байлаа. Гэхдээ энэ ажлын амжуулахын тулд театрынхаа ажлын хаяна гэж байхгүй. Тийм болохоор театр зун амарч байх үед нь киноны уран бүтээлээ хийж байх жишээтэй. Аль болох зохицуулаад явахыг хичээдэг.
-Таны тоглосон дүрүүдийг хараад байхад их хатуу ширүүн хүний дүр бүтээдэг юм шиг ээ?
-Би өөрөө дүрээ сонгодоггүй. Найруулагч санал тавьсаны дагуу тоглодог. Тэрнээс би энэ дүрд тоглоно гэж хэлэхгүй. Ер нь тийм ширүүн төрхтэй юм байлгүй дээ.
-Бүтээж байсан дүрүүдээсээ хамгийн хэцүү дүр?
-Байлгүй яахав. Угаасаа жүжигчний мэргэжил их хэцүү. Бүтээсэн дүрээ хүнд хүргэх, дүр болгох үүднээс нь ажилладаг. Тэр бүр сайн болдоггүй. Дөхөж очдог. Амар хялбар дүр гэж байхгүй. Туслах, гол хамаагүй дүр л бол дүр.
-Цаашид дахиад кино хийх үү?
-Хийнэ ээ. Итгэлтэй байгаа. Ямар ч байсан эхний уран бүтээлээ хүмүүст хүргэхийг хүсч байна. Ямархуу сэтгэгдэл хүмүүст төрүүлэх нь үү. Кино, уран бүтээл хийх чинь сайхан шүү дээ. Би залуу байна, хийж бүтээх зүйл ч их байна. Амьд байгаа цагтаа хиж бүтээе гэсэн хүсэл минь хэзээ ч дундрахгүй, шуналаар дүүрэн явах байх.
-Олны танил хүмүүс дотроо нэлээд нууцлагдмал амьдралтай хүн байх аа, хэвлэлүүдээр ярилцлага ч бага өгдөг байх?
-Ер нь гайгүй шүү дээ. Нэг их нууцлагдмал биш(инээв). Ажлаа хийгээд л явж байдаг. Яү үнэндээ ажил ихтэй хүн шүү дээ. Театрын уран бүтээл, хувийн уран бүтээл, гэр бүлийн амьдрал гээд л. Тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөд байх дургүй ээ. Хийсэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхийн тулд ярилцлага өгдөгөөс биш бусад тохиолдолд аль болох зайлсхийдэг.
-Таны хувийн амьдрал ч бас нууцлагдмал. Манай сайтын уншигчдад гэр бүлээ танилцуулаач?
-Би гэр бүлтэй хүн. Гурван охин, нэг хүүтэй. Хамгийн бага хүүхэд маань хоёр сартай нялх байгаа болохоор манай гэр бүлийн хүн одоогоор гэртээ байна. Эдийн засагч мэргэжилтэй хүн л дээ. Том охин маань 11-р анги. Ам бүл зугуулаа амьдардаг. Би эхээс дөрвүүлээ. Манай гэрийнхэн бараг бүгд урлагийн хүмүүс. Нэг эгч маань л өөр мэргэжлийн хүн бий. Аав маань СУИС-д багшилдаг, найруулагч, багш ,УГЗ С.Сугар, ээж маань жүжигчин А.Нэргүй гэж хүн бий. Багшийн дээд сургууль гэж байдаг байхад Кино драмын анги багшийн дээд сургуульд харьяалагддаг байсан. Тэр үед Г.Мягмарнаран, П.Цэрэндагва, Г.Равдан ахтай нэг төгсөлт байсан. Эгч маань С.Болормаа гэж Кино урлагийн дээд сургуулийн кино драмын тэнхимийн эрхлэгч, багш хүн. Ах маань цахилгаан хөгжим дардаг хүн байдаг.
-Багаасаа жүжигчин болъё гэж боддог байв уу?
-Тэгж боддоггүй байлаа. Гэхдээ гэр бүлийн орчин нөлөөлсөн. Дандаа урлагийн хүмүүс байсан болохоор өөрийн эрхгүй нэг мэдэхэд л жүжигчин болохоор шийдчихсэн, жүжигчин болчихсон.
-Хүүхдүүдээс тань урлагийн авьяастай хүүхэд байна уу?
-Байгаа. Том охин маань өөрөө өгүүллэг энэ тэр бичээд байдаг. Сонсохоор хөөрхөн өгүүлэмжтэй санагддаг. Бас дээрээс нь их мэдрэмжтэй. Кино үзэхээрээ энэ сайн, энэ муу болсон байна гэж яриад байдаг юм. Энэ чинь мэдрэмж шаардах зүйл л дээ. Гэхдээ эмэгтэй хүн жүжигчин болбол цаг наргүй хөдөө гадаа явдаг, ар гэрийн амьдрал хаягдах гээд байдаг. Их хэцүү мэргэжил. Тийм болохоор охидоо жүжигчин болгохгүй л гэж боддог. Гэхдээ эцсийн сонголтын тэд өөрсдөө хийнэ.
-Эхнэртэйгээ танилцаж байсан үеээ дурсаач?
-Бид хоёр арван жилийн нэг анги. Нийслэлийн 52-р сургуулийн арван жилийн нэг ангид суралцаж байхдаа л үерхэж байгаад, амьдралаа холбоод өдий хүртэл 20-иод жил ханилж байна. Жоохон хүүдүүд байсан болохоор үнэхээр гэнэн цагаанаар үерхэж байлаа.
-Монгол кинонууд олноор гарч байна, сайн муу гэж юугаар нь дүгнэх бол?
-Би киног сайн муу гэж шалгаруулдаг хүн биш. Гэхдээ анзаарахад хэт нэг талыг барьсан кинонууд их болжээ. Арт Хаус, фестивальд зориулсан кино хийгээд манай үзэгчид үздэггүй шүү дээ. Тийм кино зөндөө. Барууны, Холливүдийн, Оросын сайн кинонууд байна. Манайд ч дээр үед сайн кинонууд олон байсан. “Сүүдэр” гээд цөөн жүжигчид тоглосон ч гэсэн доторх зөрчил драматур нь их өвөрмөц. “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай” гэх мэт. Хамгийн гол нь муу байна гэж шүүмжлэхээсээ илүү кино урлагаа дэмжсэн төрийн бодлого дутагдалтай байна. Хичнээн их хөрөнгө мөнгө зарцуулна, төдий чинээ сайн кино гардаг. Тиймээс киночдыг буруутгаад байх зүйлгүй. Тэд чинь чадлынхаа хэрээр л хийж байгаа юм шүү дээ. Одоо хөгжих гээд ядаад л байна. Гарцаа байхгүй төрийн бодлого дутагдаж байна. Жишээ нь дотоодын телевизийн сувгуудаар гарч байгаа кинонудын 70 хувь нь монгол кино байх шаардлагатай байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна. Тэгж байж бид цаашид улам чанартай кино хийх урам зоригтой болно шүү дээ. Одоо манайд дандаа барууны кинонууд гарч байна. Барууны кино ч муу кинонууд зөндөө.
-Монгол жүжигчдээс Холливүдийн кинонд тоглох цаг ойрхон байгаа болов уу?
-Стивен Спилберг гээд холливүдийн алдартай найруулагч “Чингис хаан”-ы тухай кино хийсэн гээд ярилцлага гарч байсан. Жишээ нь тэр хүнийг Монголд урьж авчираад монгол жүжигчдээ тэр кинонд нь тоглуулж болно шүү дээ. Тэгээд сургах юмыг нь сургаад, тэр мундаг найруулагчийн далбаанд дэлхийд таниулж яагаад болохгүй гэж. Хэрвээ ингэвэл манай кино урлагт том алхам болно.
-Төрийн бодлого дутагдаж байна гэж ярьлаа. Хэр их улс төржиж байна. Манай дарга нар ажлаа хэр хийж байна гэж та боддог вэ?
-Өнөөдөр надад улс төр яриад явах шаардлага алга. Хүн бүр л улс төр ярьж байгаа. Угаасаа улс төрд юу өрнөөд, улс орон хөгжөөд байна уу, үгүй юу гэдэг нь нүдний өмнө илт байна. Хүн бүр урдах ажлаа сэтгэлээсээ хийгээд явбал улс орон хөгжөөд л явах байлгүй дээ.
-Чөлөөт цаг хэр их гардаг вэ?
-Чөлөөт цагаараа уран бүтээлээ л хийнэ дээ(инээв). Энэ жилийн хувьд үнэхээрзавгүй байлаа. Жаахан цаг гарвал аль болох гэр бүлийнхэндээ зарцуулахыг хичээдэг. Ер нь ирэх жилээс эрүүл мэнд, гэр бүлдээ их анхаарч, хөдөө гадаа аялалаар явъя, амрая гэсэн бодол бий.
-Хобби байгаа юу?
-Уг нь усанд сэлэх дуртай. Гэхдээ одоо юун хобби манатай л яваад байна. Кино үзэх хоббитой. Ер нь хэд үзсэн ч гэсэн уйддаггүй кинонууд зөндөө байдаг. Үзээд л суучихдаг.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ