Д.Лувсаншарав: 40, 50 мянгат баригдахад суурийг нь цутгалцаж явлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин,хөгжмийн зохиолч, нэрт хормейстр Д.Лувсаншаравын монголчууд, тэр дундаа нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлс,Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж нийслэлийн 14 дэх“Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Энэ дашрамд түүнднийслэлийн удирдлагууд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэж байсан юм. Тэрээр “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг 20 гаруй кино, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хурдан зээрд”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг ард түмний зүрх сэтгэлд хоногшсон 200 гаруй дуу зохиож Монголын урлагийн түүхийн хуудсыг нэмсэн билээ. ТүүнчлэнМонгол Улсад анх найрал дууг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гавьяатан. Монголын хүүхэд багачууд хэлд орсон цагаасаа дуулж эхэлсэн “Маамуу нааш ир” дуу“ мөн л түүнийх. Тиймээс “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг түүний нэрэмжит болгожээ. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай нийслэлд хөл тавьж, гал голомтоо бадрааж байсан сайхан дурсамжаасаа хуваалцлаа.

-Танд баяр хүргэе. Та өнөөдөр нийслэлийнхээ 14 дэх хүндэт иргэн боллоо. Энэ сайхан баярт мөч дэх сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа.Хүний амьдралд олон сайхан гэрэлтэй, гэгээтэй мөч тохиолддог. Түүний нэгэн адилөнөөдөр миний амьдралд бас нэгэн сайхан мөч тохиож байна. НИТХ, НЗДТГ-ааснадад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад туйлын баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнөби 1944 онд нийслэлд хөл тавьж, Улаанбаатар хотын иргэн болж, Дөрвөн хайрхан уулынхаа дунд,мөнх хөх тэнгэрийнхээ дор гал голомтоо бадрааж байлаа. Намайг ирэхэд нийслэлийг маань тойрсон дөрвөн сайхан хангай, лус савдагууд, хан уул, хатан Туул ус болон тэгширсэн байлаа. Энэ сайхан нийсэлдээ одоог хүртэл амьдарч, өнөр өтгөн ам бүл, ач зээтэй болоодбайна.

-Таныүеийн Улаанбаатараас өнөөгийн Улаанбаатар танигдахын аргагүй өөрчлөгдсөн байгаа биз?

-Тэгэлгүй яахав. 1940 оны Улаанбаатараас одоогийн Улаанбаатар харьцуулахын аргагүйөөр болж хөгжсөн. 1940-өөд онд хонины ноос алтаар үнэлэгдэж байсан. Туулын голын эрэг Яармагийн дэнж дээр тууврын олон зуун хонийг хяргах ажилд нийслэлчүүдтэйгээ хамтарч гараа цэврүүттэл оролцож явлаа.Мөн залуу байхдаа Улаанбаатар хотын 40, 50 мянгатынорон сууц баригдах үед суурийг нь цутгах ажилд үеийнхээ залуусын хамт оролцож төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байлаа. Дээр нь хотоо тохижуулах, цэцэрлэгжүүлэх, мод бут сөөг тарих ажлыг их хийдэг байсан.Тийм болохоор Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад миний өчүүхэн ч гэсэн хувь нэмэр орсон шүү гэж дандаа бодож, санаж явдаг юм.

-Энэ их ажлын хажуугаар та уран бүтээл туурвиж явсан. Тиймдээ ч таны ихэнх уран бүтээл Улаанбаатар хоттой холбоотой байдаг?

-Тийм ээ. Улаанбаатар хотынхоо тухай хэд, хэдэн дуу зохиосон. Дорны их яруу найрагч Б.Явуухулантайгаа хамтарч хайрын дуу зохиож залуу зандан насандаа дуулж цэнгэж явсан мөчүүд минь өнөөдөр сэтгэлд тодхон байна. Алс хол газар хүний нутагт явахдаа дандаа Улаанбаатар хотоо санагалзаж “Сайн байна уу, Улаанбаатар минь, чамдаа ирлээ” гэж хашгирч явснаа эргээд бодоходтаатай байна. Энэ мэтээр Улаанбаатар миний төрсөн нутаг шиг минь санагддагаас гадна миний бие Улаанбаатар хотдообахархах зүйл ихтэй.“Хан бүргэд”, Шивээ хиагт, “Нүцгэн ноён”, “Ард Аюуш” дууриуд, “Бөртэ чоно”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Цэцэг нуурын хөвөөнд”, “Алдагдсан тамга”, “Их авхай” тэргүүт жүжгүүд, “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг 20 гаруй кино, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хурдан зээрд”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг 200 гаруй дуугаа зохиосон.Дээр нь хүүхдийн сүлд дуу болсон “Маамуу нааш ир”дуу маань дуулагдаж эхэлснээс хойш 57 жил болж байгаа. Тиймээс “Хүүхдийн найрал дууны наадам-ыг миний нэрэмжит болгож байгаад маш ихбаярлаж байна. Мөн 1956 оноос эхлэн дуулагдаж байгаа “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөө минь сүндэрлэж байдагт би уран бүтээлч хүний хувьд бахархаж явдаг. Ингээд нийслэл хотын удирдлагууддаа Азийн цагаан дагина гэж алдаршсан их хотын бүтээн байгуулалтад гялалзсан амжилт гаргаж,гэр хорооллыг хот хороолол болгох үйлсэд таньих амжилт хүсье.

Д.Нэргүй

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ